Александр Герцен

Александр Герцен (орос. Алекса́ндр Ива́нович Ге́рцен, 1812 оны 3-р сарын 25-нд Москвад төрсөн —1870 оны 1-р сарын 9-нд Францын Парис хотод нас барсан) — оросын зохиолч, хаант засаглалыг шүүмжлэгч, бүтэхгүй буюу утопи социализмын Оросын хамгийн чухал дагалдагчдын нэг - "хувьсгалт ардчилагч" гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэгч, багш, сэтгэгч.

Александр Герцен

Долоо хоног тутмын хувьсгалч "Хонх" (1857-1867), "Алтан гадас" (1855-1868) сэтгүүл хэвлэн гаргаж байсан. Цөллөгт байхдаа тэрээр 1863 оны Польшийн бослогыг бүрэн дэмжиж байсан нь Оросын олон сэхээтнүүдийн "Хонх" сэтгүүлд урам хугарсан гэдэг. Орос дахь тариачдын шинэчлэл мөн Хонх сэтгүүлийн нийгмийн шүүмжлэлийг сонирхох явдал буурахад нөлөөлсөн юм.

Александр Герцений эцэг оросын чинээлэг газрын эзэн Иван Алексеевич Яковлев (1767-1846), эх нь герман гаралтай Генриетт Вильгельмина Луиза Хааг (герм. Henriette Wilhelmina Luise Haag) нар байжээ. Эх нь Штутгарт дахь төрийн танхимын бичиг хэргийн ажилтаны охин байсан юм.

1812 оны хавар Москвад Генриетта Вильгельмина Луиза 16 настайдаа 45 настай Яковлеваас хүү Александрыг төрүүлжээ. Эцэг эх хоёр албан ёсоор батлагдаагүй тул хүүд эцэг нь зохион овгийг өгчээ. Герцен - "зүрхний" хүү (von Herzen, герман хэлээр. Herz, «зүрх» гэсэн үг).

Бага насандаа Герцен гэрийн ердийн боловсрол эзэмшиж 18-р зууны гадаадын уран зохиолын бүтээлүүдийг уншсан байна. Бага наснаасаа эхлэн Францын романууд, Бомаршегийн инээдмийн жүжиг, Гёте, Шиллер нарын бүтээлүүд хүүг урам зоригтой, мэдрэмжтэй-романтик өнгө аястай болгосон. Системчилсэн хичээл байхгүй байсан ч гэрийн франц, герман багш нар хүүд гадаад хэлний мэдлэгийг сайн өгчээ. Шиллерийн бүтээлтэй танилцсаны ачаар Герцен эрх чөлөөг хайрлах хүсэл тэмүүлэлтэй болсон бөгөөд түүний хөгжилд Оросын уран зохиолын багш И.Е.Протопопов ихээхэн тус дөхөм болж, Пушкиний шүлгийн дэвтрийг түүнд авчирч уншуулдаг байжээ.

Бага наснаасаа Герцен Николай Огаревтай уулзаж, дотны найз нөхөд болсон. Түүний дурсамжаас үзвэл, 1825 оны 12-р сарын 14-нд "Декабристуудын бослого"-ын тухай мэдээ хөвгүүдэд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байна. Түүний сэтгэгдэлд хувьсгалт үйл ажиллагааны анхны, тодорхойгүй мөрөөдөл гарч байжээ. Тэд зугаалж байх үеэр эрх чөлөөний төлөө тэмцэхээ тангараглаж байсан байна.

1829 оны 10-р сард Александр Герцен Москвагийн их сургуулийн физик-математикийн факультетэд хувиараа төлбөр төлдөг хэлбэрээр нагац ахын нөлөөгөөр элсэн оржээ. Герцен, Огарев нарын эргэн тойронд их сургуульд Николай Сазонов, Николай Сатин, Николай Кетчер, Вадим Пассек зэрэг хувьсгалт чиг хандлагын тойрог бий болжээ. Дугуйланд хамрагдсан оюутнууд ойр ойрхон уулзаж, хааяа гэм зэмгүй бяцхан зугаа цэнгэлд умбаж, хичээнгүйлэн ном уншиж, голчлон нийгмийн асуудлаар ярилцаж, Оросын түүхийг судалж, Анри Сен-Симон болон бусад социалистуудын үзэл санааг өөртөө шингээдэг байжээ.

Герцен-Огаревын дугуйлангийн үйл ажиллагаа их сургууль төгссөний дараа ч үргэлжилсээр байв. 1833 оны хавар тэд цэрэгт элссэн оюутнуудад зориулж хандив цуглуулах ажлыг зохион байгуулжээ. 1834 оны 7-р сард Герцен бусад гишүүдийн хамт эзэн хааны гэр бүлийг гутаан доромжилсон дуу дуулсан гэх хэргээр баривчлагджээ. 1835 оны 4-р сард Герцен Пермь рүү цөлөгдөж, тэндээсээ Вятка руу цөлөгдөж, тэндхийн захирагчийн албанд томилогдон ажиллаж байжээ.

1840 оны эхээр Герценыг цөллөгөөс Москвад буцаж ирэхийг зөвшөөрсөн байна. 1840 оны 5-р сард тэрээр Санкт-Петербург руу ирээд эцгийнхээ шаардлагын дагуу Дотоод хэргийн яамны албанд ажиллаж эхэлжээ. Гэвч 1841 оны 7-р сард цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны талаар нэг захидалдаа хатуу шүүмжилсний төлөө тэрээр Новгород руу хөөгдөж, 1842 оны 7-р сар хүртэл мужийн захиргаанд алба хааж, дараа нь Москвад ирж суурьшжээ. Энд тэрээр бүх Гегелийн үзэлтнүүд болох Николай Станкевич, Виссарион Белинский нарын алдартай дугуйланд оржээ.

Герцен Петербург хот руу Белинскийн дугуйлангийн хуралд орохоор байнга очдог байсан бөгөөд эцгийгээ нас барсны дараахан буюу 1847 онд Оросыг үүрд орхисон юм.

Ницца хотод Герценд тохиолдсон гэр бүлийн олон эмгэнэлт явдлын дараа (эхнэр нь Хервегтэй урвасан, усан онгоцны сүйрлийн улмаас эх хүү хоёрын үхэл, эхнэр, дөнгөж төрсөн хүүхдийн үхэл) Херцен Лондон руу нүүж, тэндээ Чөлөөт Оросыг үүсгэн байгуулжээ. Хэвлэх үйлдвэр нь хориотой хэвлэлийг хэвлэж, 1857 оноос эхлэн долоо хоног тутмын "Хонх" сониныг хэвлүүлжээ. Мөн тэнд "Алтан гадас" альманах (1855-1868) хэвлэгджээ.