"Урт хөлт" I Эдвард (англи. Edward I «Longshanks»; 1239 оны 6-р сарын 17-нд төрж, 1307 оны 7-р сарын 7-нд нас барсан) — 1272 оноос хаанчилсан, Францын Плантагенет (франц. Plantagenêt, англи. Plantagenets) угсааны гаралтай Английн хаан.

I Эдвард хаан (1239-1307)

Тэрээр III Хенри хааны ууган хүү байсан бөгөөд эцгийнхээ хаанчлалын үед Английн баронуудын ил бослого зэрэг улс төрийн явуулгад оролцож байжээ. 1259 онд Эдвард хааны эрхийг хязгаарлах гэсэн "Оксфордын заалтууд"-ыг (англи. Provisions of Oxford) дэмжсэн бароны шинэчлэлийн хөдөлгөөнд богино хугацаанд нэгджээ. Сүүлд эцэгтэйгээ эвлэрсний дараа Баронуудын дайн гэгддэг дараагийн зэвсэгт мөргөлдөөний үеэр түүнд үнэнч үлджээ. "Люисийн тулааны" (англи. Battle of Lewes) дараа Эдвард босогч баронуудад барьцаалагдсан боловч хэдэн сарын дараа зугтаж, Симон де Монфортын эсрэг дайнд нэгджээ. Сүүлд 1265 онд Монфорт нас барсны дараа бослого намжсан байна. Англи улсад байдал тогтворжсоны дараа Эдвард найм дахь загалмайтны аян дайнд нэгдэн Ариун газар руу явав. 1272 онд Эдвард гэртээ харих замд III Хенри нас барсан тул 1274 оны 8-р сарын 19-нд тэрээр титэм авч I Эдвард хаан болжээ.

Түүнийг хаан ширээнд суух үед төвийн эрх мэдэл бэхжиж, парламент тогтмол хуралдаж, гэмт хэрэг, өмчийн харилцааг зохицуулсан олон хууль тогтоомжийн актууд гарч байжээ. Хаан 1276-1277 онд Уэльст гарсан жижиг бослогыг дарж, хоёр дахь бослогод (1282-1283) хариу арга хэмжээ авч, бүрэн хэмжээний дайн болж Эдвард Уэльсийг байлдан дагуулж, Английн эрхшээлд оруулж, хөдөө орон нутагт олон цайз, хот суурин байгуулж, англичуудыг эзэлсэн нутагт нүүлгэн суурьшуулжээ. Дундад зууны үед ийм их хэмжээний бүтээн байгуулалт өмнө хэзээ ч байгаагүй юм.

1299 онд I Эдвард Францтай эвлэрлийн Гэрээ байгуулсан байна.

1290 онд Шотландын хатан хаан Маргаретыг нас барсны дараа I Эдвард Шотландын өвийн төлөөх тэмцэлд зуучлагчаар оролцож, I Жон Баллиолыг Маргаретын залгамжлагчаар томилж, дараа нь 1298 онд Шотланд руу довтолж, Уильям Уоллесийн бослогыг дарж, 1305 онд Уоллесыг баривчилжээ. Гэхдээ удалгүй тэд шинэ бослого гаргаж, I Эдвард нас барсны дараа англичуудыг Шотландаас хөөн гаргасан байна.

1290-ээд оны дундуур үргэлжилсэн дайсагнал нь тэвчихийн аргагүй болтол татвар нэмэгдүүлэхэд хүргэж, I Эдвард баронууд болон сүмийн эсэргүүцэлтэй тулгарсан байна.

I Эдвард 1307 оны зун Шотландад хийсэн ээлжит кампанит ажлын үеэр нас барж, түүний хүү, өв залгамжлагч II Эдвард Шотландтай үргэлжилж буй дайн зэрэг санхүүгийн болон улс төрийн олон асуудалтай тулгарсан юм.