13-р зуун цогцолбор
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
XIII Зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос 96 км зайд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Ёл уулын эргэн тойрон 88 га газарт байрлаж байна. Төслийн хүрээнд XIII зууны Монголчууд хэрхэн амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор бий болгон зочдыг тухайн цогцолборт саатсан хугацаанд нь цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлэх бичил хаант улс байгуулах зорилготой юм. “XIII ЗУУН” цогцолбор нь эрт үеийн Монголчуудын хүчирхэг дайчин түүхийн халуун мөр, дүр зураг, амьдарч байсан орчин ахуйн үнэн дүр төрх, аж байдал, сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлсэн аялал жуулчлал, амралт зугаалгын орчин, хөшөө дурсгал, үзвэр үйлчилгээний бүхэл бүтэн цогцолбор юм. Энэ улсад хааны хатуу хууль үйлчлэх бөгөөд цахилгаан, зурагт, коко кола, гар утас гэх зэрэг зүйлс огт үгүй юм.
Цогцолборт Монгол үндэсний аж амьдрал, ёс заншлыг харуулсан хонио ноослон эсгий хийх, төл малаа хөнгөлөх гэх мэт зан үйл болон жилд ганц зохиох Туг, Тэнгэр тахих зан үйл, Хурим найрын ёслол, Гүү барих, Үрс гаргах, Унага тамгалах, Эрийн 3 наадам зэрэг онцгой тэмдэглэлт ёслолуудыг үзэх боломжтой.
Цогцолборын төв хаалган дээр «Эрхэм зочин та ертөнцийн гайхамшиг, өнө эртний Монголын хилийн дээсийг алхах гэж байгаа тул ирсэн унаанаасаа бууж, гэрэгэ, пайзаа үзүүлэн нэвтрэгтүн. Та зөвхөн манай ёс жаягийг дагах ёстой. Эл газар нутагт хөл тавьсан хэн боловч ертөнцийн цаг хугацааг тэс өөрөөр мэдрэх болно. Цагийн зүү нар жаргах зүгээс биш, наран мандах зүгээс эхлэн хөдөлж байсныг санагтун. Цагаас бүү айхтун. Харин түүнийг сөрөхтүн» гэсэн хааны зарлигийг бичсэн байдаг.
Бүтээн байгуулалт
засварлахТус цогцолборын бүтээн байгуулалт 2006 оноос эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар дараах отгууд ашиглалтанд орж дотоод, гадаадын жуулчдад үйлчилж байна.
Энэ отог нь цогцолборын хил хязгаар дээр байрлах бөгөөд гаднаас цогцолборт нэвтэрч буй хүний “Гэрэгэг“ шалгаж цогцолбор луу нэвтрүүлнэ. Хаант улс доторх дэг журам, “Их засаг” хуулийн биелэлтийг чанд сахиж мөрдүүлнэ. Энд улаач нар байрлах бөгөөд гаднаас ирсэн жуулчдыг сүйх тэрэг, жууз тэрэг, морь, тэмээ унуулан дагуулж “XIII зуун” цогцолбортой танилцуулан таны хөтчөөр явах болно.