Өөш манхан
Өөш манхан нь Дундговь аймгийн нутагт байдаг элсэн манхан. Энд бөөрний сувиллын газар байдаг. Халуун элсэнд булж, ингэний сүү уулгах мэтээр бөөр нь өвчтэй хүнийг эмчилдэг. Нарны халуун энерги бүхий элс, ингэний хоормогоор дотор таван цулын хаван болон гадна хаванг эмчилдэг гэнэ. Энэ элсний ”ид шид”-ийг 1978 онд анх нээсэн байна. Элсний найрлага нь их өөр бөгөөд нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Хэлнийхээ хонхорт тавихаар хайлчихдаг. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй юм байна. Зөвхөн бөөр, дотоод таван цул ч бус үе мөч, хөл, гар, нуруу нь татсан хүмүүс эмчлүүлэх гэж зорьдог.
Элсэн эмчилгээг манай эриний өмнөх үеэс эхтэй гэж үздэг. Дээр үеийн ноёд хатад хүртэл дандаа элсэн эмчилгээ хийлгэдэг байсан гэсэн түүх байдаг. Энэхүү Өөш манханы элс нь үе мөч, дотоод эрхтний өвчнийг эдгээхээс гадна бие дээгүүр гарсан элдэв тууралт зэргийг эдгээчихдэг увьдастай ажээ. Монголын бөөр, үе мөчний нэртэй эмч нар хүртэл өөрсдөө очиж энэхүү элсний “ид шид”-ийг гайхацгааж байсан гэдэг.
Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.
Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад Өөш манханд хүрнэ. Өлзийт сумын нутаг дахь энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах элсэн уулын оройд мацан гарвал оройн ирмэг хутганы ир шиг агаад хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас хийсэх адил торгон элс намиатан байх аж. Элсэн уулын оройгоос загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой алсран цэлийж харагдана. Монголын их говийг үзэх гэсэн жуулчдын сонирхол татах энэ манхныг зорин ирэгсэд ч нэмэгдэж байна.