Өмнөд Тан улс
Өмнөд Тан (хят: 南唐; пиньинь: Nán Táng) улс нь Таван улс, арван ванлигийн үед 937-975 оны хооронд өмнөд хятадад оршин тогтнож байсан хаант улс. 937 онд Ли Бянь үндэслэжээ. Ли Бянь бол Ян У улсын тэргүүн сайд Шю Вэний өргөмөл хүү Шю Жигао юм. Шю Вэнь өөд болсны дараа эрх мэдлийг гартаа атгаж, төрийн сайд болж, 937 онд төрийн эргэлтээр У улсын хаан Ян Пүг огцоруулж, өөрөө хаан болж Тан улсыг байгуулсан. Нийслэл хот нь Жиньлин (одоогийн Наньжин) хотод байсан. Тус улс 951 онд хүчирхэгжлийнхээ оргилд хүрч, өмнөх У улсаас гадна 945 онд Минь, 951 он Чу улсыг эзэлсэн нь одоогийн Аньхуй, Жянсү, Фужянь, Хүбэй, Хунань мужуудын газар нутгийг эзэгнэж байв. Гэвч 956-958 онд Хожуу Жоу улстай хийсэн дайнд ялагдаж, Хөх мөрнөөс хойшх бүх газраа алдаж, нийслэлээ Наньчан руу нүүлгэн, Хожуу Жоугийн вассаль улс болов. 975 онд Сүн улсад эзлэгдэв.