Өмгөөлөгч
Өмгөөлөгч (латин. advocatus; англи. lawyer буюу advocate; орос. адвокат) -хувь хүн (иргэн, харьяалалгүй хүн) болон хуулийн этгээд (байгууллага)-д зохих хууль зүйн туслалцаа үзүүлэх, Шүүх үйл явцад тэдний эрхийг хамгаалж, ашиг сонирхлыг төлөөлдөг мэргэшсэн хуульчийн өмгөөлөх эрхтэй хүнийг хэлнэ.
Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ. Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллгаа гэдэг. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа нь зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй.
Монголд
засварлахМонгол Улсад “өмгөөлөгч” гэсэн нэр томьёог 1924 оны Шүүх таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэмд анх хэргэлсэн байдаг. Түүнчлэн 1928 оны 4-р сард хэвлэгдсэн “Монгол Ард Улсын Цааз хууль, шүүх таслах газруудын байдлыг товчилсон дэвтэр” хэмээх бүтээлд төлөөнөө заалдагч (өмгөөлөгч)-ийн тухай авч үзсэн байдаг. Үүнээс хойш төд удалгүй 1928 оны 5-р сарын 25-ны өдөр батлагдсан “Шүүх таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-д төлөөнөө заалдагч (өмгөөлөгч)-ийн талаар зохицуулсан.
Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ итгэл найдвар нь байдаг. Тийм ч учраас Өмгөөлөгчийн мэргэжил бол нэн хүндтэй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хуульч мэргэжлийн нэгэн төрөл юм. “Өмгөөлөгч нь зөвхөн нэг орны төдийгүй, дэлхий дахинд түгээмэл ач холбогдолтой, өндөр нэр хүндтэй, хуульч мэргэжлийн нэгэн тулгуур багана нь болдог онцгой мэргэжил мөн” ажээ.
Өмгөөлөгч хүнд “улс төрийн өндөр боловсролтой байх, ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг байх, ажил хэргийн гүнзгий мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадварыг эзэмшсэн байх, хүний сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг байх, асуудалд бодитой хандаж, зөв үнэлэлт дүгнэлт өгдөг байх, ажил амьдралын туршлага, практик ажлын дадлагатай байх” зэрэг нийтлэг шаардлага тавигдана. Өмгөөлөгчийн мэргэжил нь “эрх зүйн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, өдөр тутамд янз бүрийн асуудалтай тулгарч байдаг мэргэжил, ёс суртахууны болон сэтгэл зүйн их дарамттай байдаг” ажээ. Тиймээс энэ бүгдийг өмгөөлөгч харгалзан үзэж ажил хэргээ зохион байгуулах шаардлагатай байдаг юм.
Түүх
засварлахАнхны өмгөөлөгчид Эртний Ромд гарч ирсэн гэж үздэг байна. Хууль судлаачдын тэмдэглэснээр, “... Ромын анхны хуульчдыг "патрон" (латин. patronus, pater—эцэг) гэдэг байсан. Тэд хуулийн зөвлөгөө өгөгч, өмгөөлөгч гэсэн хоёр мэргэжлийг хослуулан ажилдаг байжээ.