Ярослав Качински
Ярослав Качински (польш. Jarosław Aleksander Kaczyński; 1949 оны 6-р сарын 18-нд Варшав хотод төрсөн) - польшийн улс төрч; «Эрх зүй ба шударга ёс» (ПИС) эрх баригч консерватив намыг үндэслэгч бөгөөд дарга юм. 2006-2007 онд Польшийн Ерөнхий сайд байсан. 2010 онд онгоцны ослоор оросын Смоленск хотод нас барсан Польшийн Ерөнхийлөгч Лех Качински-гийн ихэр нь юм.
2011 оноос хойш тэрээр "Эрх зүй ба шударга ёс" намын жагсаалтаар Польшийн парламентын доод танхим - Сеймийн гишүүн, мөн парламент дахь намын бүлгийн дарга юм. Тэрээр 2020 оны аравдугаар сарын 6-ны өдөр тусгайлан өөрт нь зориулж байгуулсан Засгийн газрын Шадар сайдын албыг хашиж, хүчний яамдын блок хариуцсан ажлыг авсан. Польшийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг гэж тооцогддог.
Намтар
засварлахЯрослав Качински 1949 оны 6 дугаар сарын 18-нд Варшавт Дэлхийн хоёрдугаар дайнд Крайёва Армийн оролцогч Раймунд Качински (1922—2005) болон хэл зүйч, 1944 оны Варшавын бослогод оролцогч, сүүлд Польшийн Шинжлэх ухааны академид ажиллаж байсан Ядвига Качинска (гэрлэхээс өмнө Ясевич) (1926—2013) нарын гэрт хоёр ихэр хүүхдийн нэг болон төржээ. 1962 онд 13 настайдаа Ярослав, Лех хоёр ихэр Польшид их алдартай «Сар хулгайлсан хоёрын тухай» (польшоор. O dwóch takich, co ukradli księżyc) нэртэй хүүхдийн үлгэрийн киноны гол дүрд тоглосон ажээ. Я.Качински Варшавын Их сургуулийн эрх зүй, захиргааны ангид 1967 онд элсэж суралцаад 1971 онд магистрын цолтой төгссөн байна. 1976 онд мөн тэндээ докторын зэрэг хамгаалсан байна.
1977 онд Польшийн ихэнхи улс төрчдийн нэгэн адил коммунист эрх баригчдын эсрэг "Ажилчдыг хамгаалах үйл хэргийн Хороонд оролцох Товчоо"-нд (польшоор -Biuro Interwencji Komitetu Obrony Robotników) орж улс төрийн үйл ажиллагаагаа эхлүүлж Үйлдвэрчний Эвлэлийн "Эв нэгдэл" /Solidarność/-д орсон байна.
Я.Качиньски 2005 оны есдүгээр сард болсон парламентын сонгуульд хамгийн олон санал авч, консерватив-эх оронч уриа лоозонтой "Эрх зүй ба шударга ёс нам"-ын дарга юм. Мөн оны 10-р сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд ах Лехийнхээ боломжийг муутгахгүйн тулд Качиньски ерөнхий сайдын суудлаас татгалзаж, намын гишүүн Казимер Марцинкевичийг энэ албан тушаалд нэр дэвшүүлжээ. Марцинкевич 2006 оны 7-р сарын 7-нд огцорсны дараа тус намын улс төрийн хороо Ярослав Качинскийг шинэ ерөнхий сайдаар томилохыг санал болгов; Долдугаар сарын 10-нд ах нь түүнийг Ерөнхий сайдаар томилж, 7-р сарын 14-нд Ярослав албан ёсоор ажлаа хүлээн авсан.
Ганц бие Ярослав эхийнхээ хамт Жолибож хотод амьдардаг байсан тул Катынь хотод болсон гашуудлын үйл явдал руу нисээгүй үлдэж нисэх онгоцны гамшигт ослоор нас бараагүй байна. 2010 оны 4-р сарын 26 Ярослав Качинский албан ёсоор төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшиж Бронислав Коморовскийд ялагдсан байна.
2011 оны Сеймийн сонгуулиар түүний тэргүүлсэн нам 29.88 хувийн саналаар хоёрдугаар байрт орж, Сеймд 158 суудал авч байжээ.
2015 онд Польш улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр 53 хувийн саналаар тэргүүн байр эзэлсэн намынхаа гишүүн Анжей Дудаг дэмжсэн.
2015 оны 6-р сарын 20-нд болсон намын бага хурал дээр Ярослав Качински 2015 оны намрын парламентын сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд Польшийн Ерөнхий сайдад Беата Шидлогийн нэрийг дэвшүүлэх болсон.
2015 оны Сеймийн сонгуулиар түүний тэргүүлсэн нам 37.6 хувийн саналаар тэргүүн байр эзэлж, Сеймд 235 суудал авсан.
2019 оны Сеймийн сонгуульд түүний тэргүүлсэн нам 43.59 хувийн саналаар тэргүүн байр эзэлж, Сеймд 235 суудал авсан.
Оросууд 2022 оны 2-р сарын 24-нд Украин руу довтолсны дараа 3-р сарын 15-нд Ерөнхий сайд Матеуш Моравецки (Польш), Петр Фиала (Чех), Янез Янса (Словени) нарын хамт Качиньски Оросын гал доорх аюултай байсан Киев рүү галт тэргээр очсон. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Качинскийтэй уулзах үеэрээ Украины энгийн иргэдийг хөнөөж буйг таслан зогсоохын тулд НАТО-г цэргийн энхийн хүчнийхнийг оруулахыг уриалсан. Качинскийн уриалгыг дэлхий даяар өргөнөөр хүлээн авсан ч удалгүй барууны орнуудын эсэргүүцэлтэй тулгарсан.