Японы радио
1925 оны 3 дугаар сарын 22 нд Токио хотод туршилтын журмаар радио нэвтрүүлэг хийжээ. Гэвч 1925 оны 6 сарын 12 ны өдрөөс тогтмол радио нэвтрүүлэг явуулж эхэлсэн юм. Санхүүгийн хүндрэлтэй тулгараад байсан Засгийн газар радио нэвтрүүлгийг явуулах эрхийг хувийн компанид олгожээ. Гэхдээ сонсогчдоос хураамж авахыг зөвшөөрсөн байна. Гэхдээ радио нэвтрүүлэг хараат бус байна гэж тунхагласан ч засгийн газар өөрийн хяналтаас радио нэвтрүүлгийг бүрэн гаргаагүй юм. Японы харилцааны яам хөтөлбөрийн агуулгад ценүур тогтоох эрхтэй байв.
1926 оны 8 дугаар сарын 20 нд Япон улс “NHK” корпорацийг байгуулжээ. “NHK” корпораци Токио, Осака, Нагоя хотод ажиллаж байсан радиостанцийг эгнээндээ нэгтгэсэн байна. “NHK” өөрийн үйл ажиллагаагаа тогтмол өргөжүүлж байлаа. Радио станцйн тоо ч нэмэгджээ. Японд радио нэвтрүүлэг үүсэн бий болоод нэвтрүүлгийн сүлжээнд уран сайхны хөтөлбөр зонхилох байр суурьтай байв. Театрын тоглолтыг ч шууд дамжуулан агаарын долгионоор нэвтрүүлж байлаа. Романыг радиогоор уншиж сонсгох нь ч түгээмэл байлаа. 1931 оны хүртэл Японы радиогийн уриа нь “Хүнийг дээдлэе” гэж байсан бол цэргийн эрх мэдэлийг өргөжүүлж, Япон улс Манжуурыг эзлэн авсаны дараа “Төрийг дээдлэе” гэж уриа дэвшүүлжээ. Цэргийн хүмүүс радио нэвтрүүлэгт нөлөө үзүүлэх болжээ.
Дэлхийн 2-р дайн хүртэл Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл цэргийн номлолыг дэлгэрүүлэх чухал хэрэгсэл болж байлаа. 1950 оноос Японы парламент электрон хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн тухай хууль баталжээ. Энэ хуулиар Япон улсад арилжааны радио, телевиз байгуулах эрх зүйн үндэсийг бүрдүүлжээ. Хамгийн анхны арилжаан радио станц 1950 онд нээгджээ. Орчин үеийн Японы теле, радио нэвтрүүлгийн бүтэц нь хоёр туйлтай. Японы NHK корпораци улсдаа хамгийн хүчирхэг нь болж чаджээ. 90-ээд оны эхээр Япон улсад 1269 радио станц ажиллаж байснаас 856 нь NHK корпорацийн мэдэлд байв. NHK телевиз нь үзэгчдээс авсан хураамжаас санхүүждэг бол харин радио нь 1968 оноос цуцлагджээ. NHK-д зарлал сурталчилгаа үзүүлэхийг хориглосон байдаг. Арилжааны радиогоос хамгийн хүчирхэг нь “JAPAN”,”NIPPON” юм. Японд үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевиз нь: нийгмийн амгалан тайван байдлыг хангах, улс төрийн асуудлаар тэнцвэртэй, дундыг баримтлах, тулгамдсан асуудлаар нийгмийн бүх бүлэг давхрааны үзэл бодолыг тусгах, мэдээлэл, танин мэдэхүй, сургалт, уран сайхны, цэнгээнт нэвтрүүлгийн хоорондын харьцааг тохируулах ёстой гэсэн журам мөрдөж ажилладаг.