Японы парламент
Япон Улсын Парламент (Япон: 国会, дуудлага коккай, Англи: National Diet) — Япон улсын төрийн дээд бөгөөд хууль тогтоох байгууллага. Төлөөллийн танхим-доод (the House of Representatives), Зөвлөхүүдийн танхим-дээд (the House of Councillors) гэсэн хоёр Танхимаас бүрддэг. Тус хоёр Танхим хоёулаа бүх нийтийн сонгуулиар пропорцональ болон мажоритар гэсэн холимог тогтолцоогоор явагддаг. Японы парламент хууль тогтоохоос гадна Ерөнхий сайдыг сонгон томилох гол үүрэгтэй байдаг байна. Японд Мэйжийн эринд Японы Үндсэн хууль баталж анх удаа Парламент 1889 онд байгуулагдсан байна. Сүүлд Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1947 оны Японы шинэ Үндсэн хуулиар парламент төрийн дээд байгууллага болж 1947 оны 5-р сарын 20-нд цуглаж анхны чуулганаа хуралдуулсан байна.
Парламентын хоёр танхимыг параллель аргаар сонгодог байна. Японы 18 нас хүрсэн бүх иргэн сонгох эрхтэй бөгөөд сонгогч сонгуулийн тойргийн тодорхой нэр дэвшигчид саналаа өгөхөөс гадна улс төрийн аль нэг намын төлөө саналаа өгдөг байна.
- Төлөөлөгчдийн Танхим: the House of Representatives (Shūgiin) - 4 жилийн хугацаагаар 25 нас хүрсэн 465 гишүүдийг сонгодог байна. Үүнээс 295 гишүүнийг мажоритар системээр тойргоос сонгодог бол 190 гишүүнийг намын нэрсийн жагсаалтаар пропорцианаль системээр сонгодог ажээ.
- Зөвлөхүүдийн Тахим: the House of Councillors (Sangiin) - 6 жилийн хугацаагаар 30 нас хүрсэн 242 гишүүдийг сонгодог байна. Эдгээрээс 146 хүнийг шууд сонгож, 96 гишүүнийг намын жагсаалтаар сонгодог байна.
Японы Үндсэн хуульд парламентад сонгогдохоор нэр дэвшигчийг арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүлийн гарал үүсэл, боловсрол, хөрөнгө орлогоор ялгварлан гадуурхахыг хориглодог бөгөөд бусад Сонгуультай холбоотой асуудлуудыг холбогдох хуулиудаар зохицуулдаг байна. Үндсэндээ парламентаас гарсан Дүрмийн дагуу парламентын гишүүдийг сонгох сонгуулийг зохицуулдаг байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Японы Либерал-ардчилсан нам Японыг удирдаж байгаа юм.
Японы Мэйжийн эринд Үндсэн хууль баталсаны дагуу Японы анхны Эзэн хааны Парламент (“Imperial Assembly” япон. 帝國議會 Тэйкоку-гикай, орчин үеийн ханзаар — 帝国議会) 1889-1947 онуудад хууль тогтоох үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.
Үндсэн хуулийг 1889 оны 2-р сарын 11-нд батлаж 1890 оны 11-р сарын 29-нд Парламентын анхны чуулган хуралдаж байжээ. Энэ үед зөвхөн эрэгтэйчүүд сонгох эрхтэй байжээ.
Дайны дараах 1947 онд баталсан шинэ Үндсэн хуулиар илүү ардчилсан системтэй болсон бөгөөд хууль тогтоох дээд байгууллагыг Үндэсний Парламент гэдэг болсон.