Ямаан-Усны хадны зураг

Ямаан-Усны хадны зураг нь Хүрлийн, түрүү төмрийн, Хүннүгийн үед хамаарах ((МЭӨ III мянган жил - МЭӨ I мянган жил) – (МЭӨ III – МЭ II зуун)), Ховд аймгийн Үенч сумын нутаг Ямаан-Ус хэмээх нарийн хавцалд орших хадны сийлмэл зураг.[1]

Алтай сумын Ямаан-Усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр өөр үед холбогдох зургуудыг нэлээд гүн хонхойлон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш тод харагдана. Зургууд нь хавцал дахь “Уран зургийн галерей”-г санагдуулна. Ямаан-Усны хадны зургийг нийтдээ 4 хэсэг талбайд зуржээ.

Ямаан-Усны хадны зураг нь зохиомж, харьцаа, хэллэг гүйцэтгэлээрээ Монголын хүрлийн үед холбогдох хадны сийлмэл зургуудын дотор чухал байр эзэлнэ. Ямаан-Усны хадны зурагт нохой, янгир, нум сум харваж буй хүн, нум сум агссан морьтой хүн, морь унаж гартаа ямар нэгэн аргамж, бугуйл барьсан хүн, адуу, янгир, тэмээ зэрэг амьтад, тамга тэмдгийн зүйл, тэрэгний зураг зэргийг маш уран дүрсэлжээ.

Ямаан-Усны хадны зургийн төв хэсэгт гурвалсан морь хөллөсөн сүйх тэрэг дүрсэлж, сүйх тэрэгний өмнө талд нум саадаг агсан морьтой хүн, ар талд нь дагаж яваа морьтой хүн зэргийг урласан ажээ. Өгүүлэн буй зурагт сүйх тэрэгтэй нэгэн язгууртан заларч буйг маш тодорхой харуулсан байна. Сайхь зураг нь чадварлаг уран дүрслэлтэйгээс гадна сүйх тэрэгний нум, арал, бүхээг, бүхээгний чимэглэл, гурвалсан морины зугуухан хатиралт зэргийг тов тодорхой харуулжээ. Судлаачид сайхь зургийг Хүннүгийн үед хамааруулан үздэг билээ

  1. "Ямаан усны хадны зураг". mongoltoli.mn. Татаж авсан: 8 January 2023. нутаг Ямаан ус хэмээх нарийн хавцалд орших хадны сийлмэл зураг