Ялгуусан хутагт Лувсанданзан
Ялгуулсан хутагтын дунд дүр Лувсанданзан (1885-1912) нь бадаргуулт төрийн 11- р он буюу 1885 онд Засагт хан аймгийн Цогтой гүний хошууны засаг ноён Хотгойд Загдсамбарын 3 дугаар хөвгүүн болон мэндэлсэн бөгөөд түүнийг нялх байхад нь ойрын хамаатан тайж Дашдэндэвт үрчлүүлжээ. Тэрхүү хөвгүүн нь олноос онц шинжтэй бэлэг сайн болоход харьяат чуулган даргын газраас уламжлан мэдүүлж Их журганд айлтгаж бумбанд оруулж түрүүчийн дүрийн хувилгаан мөн эсэхийг шүүлгэж уул сүмийн шавь нарт нийлүүлэн суулгасан байна.
Ялгуусан хутагтын 15–р үеийн хувилгаан дүр буюу Ар халхад тодорсон 5 дугаар хувилгаан болжээ. Лувсанданзанг насанд хүрсэний тул хууль ёсоор хувилгаан үсэг жуухыг халаад шинэтгэн олгуулахыг эрж мэдүүлсэнд Их журганы газраас харьяат хутагтын хувилгаан үсгийг хасч жуухыг олгуулжээ. Лувсанданзан 1898 оноос засаг лам Дамбий, Осор нартай хамтран Идэрийн хийдэд гүнрэгийн хурал, гэсэрийн цамыг тогтоож заншуулжээ.
Олноо өргөгдсөний тэргүүн он буюу 1911 оны өвөл үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн ялж Богд гэгээнийг хаан ширээнд залж тулгар төр улс байгуулсаны их баярт хутагт Лувсанданзан оролцож Богд хаанд биеэр бараалхан их ёсыг гүйцээн мөргөсний учир 1912 оны хавар харьяат аймгийн чуулган даргын газраас явуулсан хутагт Лувсанданзанд урьд өмнө Чин улсын хаанаас цол, тамга, жуухаар шагнасан зүйлүүдийг нэгд нэгэнгүй тодорхойлон бичиж хишиг хүртээхийг гуйж Дотоод яаманд мэдүүлсэнд Дотоод яамнаас ямар зүйлийн хишиг хүртээхийг зарлигаар зааж айлтгахыг хүссэний хариуд нь Богд хаанаас ”хүрэн жолоо нэмэн шагнагтун” хэмээснийг хичээнгүйлэн дагаж шийтгүүлжээ. Ялгуусан хутагт Лувсанданзан энэ хүндэт цол хэргэмийг 27 жил өргөж явсан бөгөөд 1912 онд жанч халсан ба тэр учрыг Богд хаанд айлтгасанд “ зарлиг мэдэв, хойтын буянд сангаас мөнгө 80 ланг шагнагтун” хэмээснийг тавин олгуулж, хойтын буянд зарсан байна.