Эрээн нуур- Монгол Улсын Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутагт орших дөрвөн талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт нуур бөгөөд Завхан голын усаар тэжээгддэг байна.

Эрээн нуур далайн түвшингээс дээш 1450.5 метрт оршдог, 4 км.кв талбай эзэлдэг байна. Эрээн нуурыг тойрон хүрээлэх элсэн манханы цаад талд хангайн бүсийг санагдуулахаар цэцэг ногоо алаглаж, зэгс, бургасанд нь усны шувууд цуглаж орчин тойрны байгалийн үзэмжийг улам нэмэгдүүлдэг. Говь-Алтайчууд “Хөвсгөлийг Монголын Швейцарь гэж ярьдаг бол говь нутгийн Швейцар нь Эрээн нуур юм аа хө” хэмээн хошигнодог. Эрээн нуур бол элсэнд дарагдалгүй тогтсон, нуурын ус руу элс нуран орсон ч булингартдаггүй өвөрмөц тогтоцтой ажээ. Салхитай өдөр элсний ширхэг бүхэн салхиар туугдан нүүр нүдгүй шуурч, элсэн манханууд нь нүүж байх шиг санагддаг хэрнээ Эрээн нуурын ус маш тунгалагаар мэлмэрч байдаг нь сонин. Ангаж цангаж яваа явуулын хүмүүс Эрээн нуурыг хараад зэрэглээнээс ус ургаад гараад ирэв үү хэмээн гайхширдаг ажээ. Аагим халуун хуурай элсэн дунд цэв цэнхэр тунгалаг нуур байна гэдэг нь өвөрмөц ертөнц юм.

Нуураас баруун тийш 6 км зайд танан цагаан өнгөөр гялтганан цайрах цагаан давс, малын хужир бүхий Дөрөө нуур элсэн манханаар тусгаарлагдаж оршино. Нуурын баруун талын хөндий болон арын их элсэн манханы орчинд хар сүүлт, цагаан зээр, чоно, үнэг, мануул, хярс байдаг. Урин дулаан цагт олон зүйлийн усны шувууд нуур усанд нь цуглаж, орчин тойронд нь таван хошуу мал багширч нуурын үзэсгэлэнг улам нэмнэ.

Байгалийн содон тогтоц болох Эрээн нуурын тухай дотоод гадаадын гийчид шагшин магтахын зэрэгцээ 10 гаруй дуу, шүлэг зохиогдсоноос нутгийн уугуул яруу найрагч Д.Лхагвасүрэнгийн шүлэг, УГЖ Л.Тэрбишийн хөгжим “Эрээн нуур” дууг УГЖ Г.Жанчив, УГЖ Д.Банзрагч нар дуулж түгээсэн байна.

Нуурыг түшиглэн "Эрээн нуур" жуулчны бааз ажилладаг. Улаанбаатар хотоос 1150 км, Алтай хотоос хойд зүгт 150 км, Улиастай хотоос баруун зүгт 110 км-ийн зайд оршдог. Тус бааз нь Монголын их элсэн дунд орших үзэсгэлэнт Эрээн нуур, Завхан гол 1-5 км, дархан цаазат Хасагт Жаргалан ууланд орших “Монгол Утай” хэмээх Хүнхэрийн амралтаас 70 км, Түрэгийн үеийн хүн чулуун хөшөө, Хүйсийн говиос 80 км, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр уулаас 145 км-ийн зайтай.