Эрхүү дэх Монголын Ерөнхий консулын газар
ОХУ-ын Эрхүү хот дахь Монгол Улсын Ерөнхий Консулын газар нь Монгол Улсын ОХУ дахь дипломат төлөөлөгчийн газар.
ЗХУ-ын Эрхүү хотод Консулын газар нээхээс өмнө 1965 он гэхэд хоёр талын харилцаа өргөжиж, манай иргэд Эрхүү хотод олноор сурч, тус хотоор дамжин ЗХУ-ын бусад хотууд руу ихээр зорчих болсон тул БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтан Эрхүү хотод байнга ажиллуулахаар шийдвэрлэж байв. Энэ шийдвэрийг гүйцэтгэхээр 1965 оны 6-р сард Москва дахь ЭСЯ-ны консулын ажилтан Л.Цэвээн Эрхүү хотод томилогдон ажиллаж байжээ.
1971 оны 2-р сарын 19-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор ЗСБНХУ-ын Эрхүү хотод БНМАУ-ын Консулын газар нээх шийдвэр гарч консул Цэвэгмидийн Төмөр-Очир томилогдсон байна. Тэрбээр 1971 оны 5-р сарын 12-нд ЗХУ-ын Эрхүү мужийн Ардын депутатуудын Зөвлөлийн Гүйцэтгэх хорооны дарга Юрий Александрович Кравченкод консулын эрхийн бичиг болох патентаа гардуулж, мөн оныхоо 12-р сарын 1-нд Консулын газар албан ёсны нээлтээ хийж байсан түүхтэй.
1922 онд анх Москва хотод Монгол Улсын Элчин сайдын яам үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол 50 жилийн дараа ЗХУ-ын газар нутагт 1971 онд хоёр дахь Дипломат төлөөлөгчийн газар нээсэн нь Эрхүү дэх Консулын газар болсон ажээ.
1971 онд албан ёсоор Консулын газар нээснээс хойш харилцаа улам өргөжин тэлж байсан тул 1974 онд тус Консулын газрыг Ерөнхий Консулын газар болгож өргөтгөсөн байна.
Ерөнхий Консулыын Газар албан ёсоор нээгдэхэд анх ЗХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Чита, Кемерово болон Эрхүү мужууд Консулын тойргийг хамран үйл ажиллагаагаа явуулах болжээ.
Үе үеийн Ерөнхий консулууд
засварлах№ | Овог нэр | Ажилласан он жилүүд |
1. | Цэгмэдийн Төмөр-Очир | 1971.05.12-1972 |
2. | Сумадын Цэдэндамбаа | 1972-1979 |
3. | Очирын Цэвэгдорж | 1979-1984 |
4. | Чойжамцын Баатар | 1984-1989 |
5. | Содовын Цэвээнпүрэв | 1989-1991 |
6. | Данзангийн Чимэддорж | 1991-1994 |
7. | Балжирын Дагва | 1994-1999 |
8. | Лувсандоржийн Мундагбаатар | 1999-2002 |
9. | Ёндонпунцагийн Адилбиш | 2002-2005 |
10. | Аюурзанын Базархүү | 2006-2010 |
11. | Азадын Баатарцогт | 2010-2013 |
12. | Базаргарьдын Болд | 2013-2017 |
13. | Лувсандагвын Амарсанаа | 2017-2020 |
14 | Жигмэдийн Энхжаргал | 2020-2024 |
15 | Батсүхийн Ичинхорлоо | 2024 оноос |
Цахим холбоос
засварлах- Цахим хаяг: irkutsk@mfa.gov.mn
- Цахим хуудас: https;//irkutsk.consul.mn