Эрхүүгийн Улсын Их Сургууль

Эрхүүгийн Улсын Их сургууль (товч.ЭУИС, орос:-Ирку́тский госуда́рственный университе́т) -ОХУ-ын Эрхүү хотын дээд боловсролын байгууллага бөгөөд оросын Дорнод Сибирийн ууган Их сургууль.

XIX зууны хоёрдугаар хагаст нийгмийн шаардлагаар Эрхүү хотод олон нийтийн шинжлэх ухааны анхны байгууллага - Оросын газарзүйн нийгэмлэгийн Сибирийн хэлтэс үүсч Эрхүү хотод Их сургууль байгуулах санаачтлга гарсан байна. Тус улсын алдартай эрдэмтэд, олон нийтийн зүтгэлтнүүд болох проф. A.P.Щапов, Г.Н.Потанин, Н.М.Ядринцев, М.В.Загоскин болон бусад олон хүмүүс Эрхүү хотод их сургуулийн зохион байгуулах талаар хүчтэй кампанит ажлыг зохион байгуулжээ.

Эрхүүгийн Их сургууль нь 1918 оны 10-р сарын 27-нд Сибирийн түр Засгийн газар байгуулж байсан түүхтэй. Их сургуулийг үндэслэгч, анхны ректор бол философич, багш, профессор Моисей Матвеевич Рубинштейн юм. Анхны тэнхмүүд нь: түүх, филологи, хууль байсан. 1920 -иод онд хэд хэдэн удаа дахин зохион байгуулалт хийсний дараа 1930 онд Их сургуулийг татан буулгаж, 1931 оны намар дахин "Дорнод Сибирийн их сургууль" /Восточно-Сибирский Университет/ болгон үйл ажиллагаагаа эхэлүүлсэн байна. Энэ үеэр хими, хөрс-газарзүйн болон физик гэсэн гурван салбартай болсон байна. Үүний зэрэгцээ хичээлийн лекцийн хэлбэрийг сэргээж, 1933 оны 5-р сард факультетийн системийг сэргээсэн байна.

Физик, математик, биологи, хими, геологи-хөрс-газарзүй гэсэн 4 факультетэд элсэлт авчээ. Хүмүүнлэгийн ухааны факультетийг 1940 онд сэргээсэн. Ийнхүү 1930 -аад оноос хойш байгалийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэшүүлэх нь их сургуулийн тэргүүлэх чиглэл болжээ. 1925 оноос хойш тус их сургууль нь төрөл бүрийн мэргэжлээр Монгол, Хятад, Африк, Арабын орнуудаас ирсэн гадаадын иргэдэд эрдэм шинжилгээний сургалт явуулжээ.

ЗХУ-ын үед (1939-1989) ЭУИС нь А.А.Ждановын нэрэмжит байсан. 2014 онд Дорнод Сибирийн Улсын Боловсролын Академи тус Их сургуульд нэгдсэн байна.

2018 оны 10 дугаар сарын 27-нд Эрхүүгийн Их сургууль 100 жилийн ойгоо тэмдэглэв.

2019 оны 9 -р сарын 1-нээс эхлэн ЭУИС-д цэргийн сургалтын төв үйл ажиллагаагаа эхлүүлэв. Одоогийн байдлаар их сургуулийн боловсролын цогцолбор нь 8 боловсролын хүрээлэн, 8 факультет, 1 салбар, зохиолч Валентин Распутины нэрэмжит шинжлэх ухааны номын сантай. Их сургуулийн бүтцэд 13 шинжлэх ухааны тэнхим байдаг байна.

Ректорууд:

засварлах

Их сургуулийн Ректор болон Ректорыг түр орлон гүйцэтгэгчид:

  1. М. М. Рубинштейн, философийн профессор (1918-1921)
  2. Н. Д. Бушмакин, анагаах ухааны профессор (1921-1926)
  3. Г. Т. Чуич, доцент, хэл судлаач (1929-1930)
  4. Г. К. Русаков, хуульч, багш (1931-1935)
  5. Н. С. Шевцов, физикийн профессор (1935-1945)
  6. Т. Т. Деуля, доцент, геолог (1945-1956)
  7. В. Я. Рогов, доцент, физик (1956-1962)
  8. П. Ф. Бочкарёв, профессор, химич (1962-1967)
  9. Н. Ф. Лосев, профессор, физик (1967-1976)
  10. Ю. П. Козлов, профессор, биолог (1977—1989)
  11. Ф. К. Шмидт, профессор, химич (1990—1997)
  12. А. И. Смирнов, профессор, химич (1997—2012)
  13. А. В. Аргучинцев, профессор, математик (2012—2017)
  14. И. В. Бычков, үүрэг гүйцэтгэгч, ШУА-ийн академик, математикч (2017—2019)
  15. А. Ф. Шмидт, профессор, химич, (2020 оны 5 сараас-).