Элсэн тасархай
Өвөрхангай аймгийн Бүрд сум, Булган аймгийн Рашаант сум, Гурванбулаг сумын нутгийг дамнан Гурванбулаг сумын анхны тууриас эхэлж, Хөгнө Хан уулын баруун талаар сунан Батхаан уулын урд хормой буюу Тугын бургас хүртэл тогтсон 96 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.