Шар тууж буюу Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой (монгол бичгээр:ᠡᠡᠷᠲᠡᠨᠤ
ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠨ
ᠬᠠᠭᠠᠳ ᠤᠨ
ᠦᠨᠳᠤᠰᠤᠨᠤ
ᠶᠡᠭᠡ
ᠰᠢᠷᠠ
ᠲᠤᠭᠤᠵᠢ
ᠤᠷᠤᠰᠢᠪᠠᠢ
) хэмээх бүтээл нь 17-р зууны дунд үед Монголын түүхийг бичсэн сурвалж бичиг юм. Хэн зохиосон талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй ч, халхын Цогт ахай᠋᠋ гэх ноён найруулан бичсэн гэх санал ихээхэн түгсэн байна.

Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой  
ЗохиолчХалхын илдэн дүүргэгч Шамбадар Цогт ахай
ХэлМонгол хэл
УрсгалМонголын түүхийн сурвалж бичиг
Хэвлэсэн огнооXVII зууны 2-р хагас

Олдсон түүх

засварлах

Орчин үед Шар туужийн 3 хуулбар эх ОХУ-ын Санкт-Петербург хотод хадгалагдаж байна. Эхний хуулбар эхийг 1891 онд Оросын Хаант Улсын эрдэмтэн, академич В.В.Радлов, Орхоны шинжээний ангиар явах үедээ Халх нутгаас олсон бөгөөд нэр ус болон эхний хэдэн хуудас нь дутуу, 23.5 х 7.5 см хэмжээтэй, 284 хуртэл дугаарласан, дундаа хэсэг бусаг цулгай хуудастай, нугалбар ном байсан ажээ.[1] Анх олдохдоо нэр нь тодорхойгүй байсан учраас Радловын түүх гэдэг нэр өгсөн байсан. Хоёр дахь хуулбар эх нэрт монголч эрдэмтэн А.М.Позднеевтэй холбоотой бөгөөд хавтасгүй, ерийн дэвтэр дээр бичиж, дугаарласан 26 хуудастай, эхний хэсэг нь бас дутуу, бусад хоёр эхтэй харьцуулахад хамгийн богино нь, сүүл хэсэгтээ зохиомжийн хувьд нэлээд өөр, нэг үгийг янз янзаар бичсэн зэрэг онцлогтой. Байдал төлөв нь ямар нэгэн эхээс XIX зууны дунд үед хуулсан бололтой. Энэ эх одоо Оросын ШУА-ийн Дорно дахины хурээлэнгийн Дорнодын гар бичмэлийн секторын Монгол хөмрөгт F. 264 гэдэг тэмдэгтэй хадгалагдаж байна. Гурав дахь хуулбар эх нь Эртэн-у Монггол-ун хад-ун үндүсүн-ү йэхэ шир-а тугужи орошива хэмээх нэрийг хичээнгүйлэн бичсэн, томоохон дэвтрийн үдмэл цаасан дээр буриад[2] аялгаар XIX зуунд бичжээ. Энэ нь нөгөө хоёр эхийг бодвол нэлээд дэлгэрэнгүй бүрэн бүтэн байсан нь бүрэн хэмжээний ном болоход тустай зүйл болсон гэж дүгнэдэг.

Судалгааны түүх

засварлах

Эдгээр гурван эхээс бүрдсэн Их Шар тууж гэх судар байдаг гэдгийг 1936 онд Зөвлөлтийн монголч эрдэмтэн Цэвээн Жамсрано өгүүлэл бичиж дэлхий дахины монголч эрдэмтэн судлаачдад таниулжээ. Харин 1957 онд Зөвлөлтийн монголч эрдэмтэн Н.П.Шастина нь А эхэд тулгуурлаж В, С эхүүдийг харьцуулан судлаад, хорголжин бараар өрж, орос хэл рүү орчуулан Шара Туджи, Монгольскаяа летопись XVII века нэртэй ном гаргажээ.

Н.П.Шастинагийн гаргасан уг номыг түшиглэн 1983 онд Өвөр Монголын судлаач Өлзийт Шар туужийг тайлбар хавсралт бичиж, монгол бичгээр хэвлүүлжээ[3]. Шар туужийг монгол, гадаад орны олон түүхч, эрдэмтэд зохиогчийн тухай, түүх бичлэг, он цаг, газар зүй, улс төр, ахуйн соёл, шашин, ашигласан бүтээл, өгүүлбэр зүй болон үгийн дүрэм зэрэг олон талаас нь шинжлэн судласан байдаг.

Монгол Улсын Их Сургуулиас 2006 онд Монголын түүхэн сурвалж бичгийн 30 цуврал, 2015 онд Монголын түүхэн сурвалж бичгийн 33 цуврал гаргахад багтан кирилл бичгээр Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар тууж оршвой нэртэйгээр хэвлэгдэн гарсан.

Мөн үзэх

засварлах
  1. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар Тууж Оршвой. УБ., 2006. Монгол бичгээс кирилл бичиг хөрвүүлж, тайлбар, хавсралт хийсэн Ц.Шагдарсүрэн, Э.Мөнх-Учрал. Тал.11
  2. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар Тууж Оршвой. УБ., 2006. Монгол бичгээс кирилл бичиг хөрвүүлж, тайлбар, хавсралт хийсэн Ц.Шагдарсүрэн, Э.Мөнх-Учрал. Тал.12
  3. Эртний Монголын Хаадын Үндэсний Их Шар Тууж Оршвой. УБ., 2006. Монгол бичгээс кирилл бичиг хөрвүүлж, тайлбар, хавсралт хийсэн Ц.Шагдарсүрэн, Э.Мөнх-Учрал. Тал.13