Долоон Бурхан

(Шанага долоон од-с чиглүүлэгдэв)

Долоон Бурхан буюу Шанага долоо (латин. Ursa Major, англи. The Big Dipper, орос. Большая медведица) нь Их Баавгайн ордын долоон тод одоос бүрдэх шанага хэлбэртэй астеризм юм;[1][2][3][4] эдгээрийн 6 нь хоёрдугаар магнитудын, үлдсэн Мегрез (δ) буюу Тэнгэрийн эрих нь гуравдугаар магнитудын од болно. "Шанага долоо" гэдгээс 4 од нь шанаганы утгуур, 3 нь бариул гэгдэнэ. Монгол төдийгүй олон оронд төстэйгээр нэрлэдэг. Алтангадас буюу өнөөгийн хойд туйлын од (Бага долоон бурханы бариулын үзүүр од) нь Долоон Бурханы утгуурын урд талын 2 од (Их Баавгайн Бета (β), Их Баавгайн Альфа (α))-ыг холбосон шулуун дээр байрлана.

Их Баавгайн орд дахь Долоон Бурхан (ногоон зураасаар холбосон).
Кауай арлаас харагдах Долоон Бурхан

Монгол буддын шашин дахь бэлгэдэл

засварлах

Монголчууд Долоон бурхан одыг хамгийн их шүтэж эрхэмлэдэг. Намар, өвлийн улиралд тэнгэрийн хойд хэсэгт нэлээд доогуур байрлаж, хавар, зуны улиралд чанх орой дээр шахуу байрладаг. Зүг чигээ алдаж төөрсөн хүн шөнө оройн цагт Долоон бурхан, Алтангадас одоор хойд зүгээ мэдэж болно. Долоон бурхан одыг тахих, сэржим өргөх ёс дэгийг өвөг дээдэс, буддын шашны багш нар айлджээ. Долоон бурхан одны тахилгын судар анх уйгур хэлнээс монгол хэлнээ орчуулагдан тархсан бол Хятадын Тансан лам хятад хэлнээ орчуулсан байсныг төвөдүүд өөрийн хэлнээ орчуулсан гэдэг.

Долоон бурхан од нь монголчуудын хувьд тус тусын нэртэй ба од тус бүрд буддын шашны бурхан байрладаг гэж итгэдэг. Од бүрт оногдсон бурханы тарнийг 7 удаа уншиж “Өөр болон өөр бусдын өвчин зовлон, аливаа саад бүхэн арилж, нас уртсаж, эд баялаг, яруу алдар дуурсагдах цог учралын хотол чуулган дэлгэрэх болтугай” хэмээн сүсэглэн айлдаж 7 удаа мэхийж хүндэлдэг заншилтай.

  • Нэг дэх од: Тэнгэрийн оргилго гэх ба тус одонд Санжаанамсаг бурхан заларсан байрладаг. Хулгана жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум а ми, да яаа, яа сууха” хэмээх тарнийг уншдаг. Хамгийн анх замбуу тивд бурханы шашин дэлгэрүүлсэн бурхан гэж үздэг.
  • Хоёр дахь од: Тэнгэрийн хас гэх ба тус одонд Жүгдэр бурхан заларсан байдаг. Гахай, үхэр жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум цинда хум ни сууха” хэмээх тарнийг уншдаг. Жүгдэр бурхан нь Санжаанамсаг бурханы дараа шашин дэлгэрүүлсэн бурхан ажээ.
  • Гурав дахь од: Тэнгэрийн шил нэртэй ба Тамжиджав бурхан байрлажээ. Нохой, бар жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ни, ми ри ни, ла га да, на ба ра, ра ма дү, дү сү сууха” хэмээх тарни уншина. Жүгдэр бурханыг залгамжлан шашин дэлгэрүүлсэн бурхан.
  • Дөрөв дэх од: Тэнгэрийн эрих гэх ба Хорважигдэн бурхан заларчээ. Тахиа, туулай жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум вэ ха сууха” хэмээх тарнитай. Мөн эхний бурхадын адил замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 4 дэх бурхан.
  • Тав дахь од: Тэнгэрийн бэрээ нэртэй ба Бурхан багш заларсан байдаг. Бич, луу жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум ба ра ди, за ра, ма ра на сууха” хэмээх тарни уншина. Бурхан багш нь замбуу тивд шашин дэлгэрүүлсэн 5 дахь бурхан юм.
  • Зургаа дахь од: Нэхэх арга гэх агаад Одсүрэн бурхан байрладаг. Хонь, могой жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум сарва да ра, са ма еэ сууха” хэмээх тарнитай. Одсүрэн (Одсэр) бурхан нь шашны номлолоор бол одоогийн бурхан багшийн өмнөх дүр, сайн цагийн 1000 бурханы 3 дахь дүр ажээ. Шагж тивээс бурханы шашныг дэлгэрүүлсэн гэдэг.
  • Долоо дахь од: Жиргэлэх гэрэл хэмээх бөгөөд Оточ Манал бурхан заларчээ. Морь жилтэн шүтэх бөгөөд “Нама саманда будда нан. Ум са ба да, ба ра, ми на, за сууха” тарнитай. Хүн төрөлхтөнд учирдаг 404 төрлийн өвчин эмгэгийг засдаг бурхан. Аливаа амьтан хүмүүн урьд болон энэ насандаа мунхаг харанхуй явж, нүгэл хилэнц үйлдсэний эрхээр хийсэн муу үйлийн үр нь боловсорч, элдэв зүйлийн өвчнөөр өвчилж зовдог байна. Тийм учраас аливаа хүн энэ болон урьд насандаа хийсэн нүгэл хилэнцээ наманчлан арилгаж, буяныг ихээр үйлдэн, бурханы алдрыг дуурсган олон дахин сүсэглэн биширч, залбирал үйлдэн, тахил өргөж, хүндлэл үзүүлэх аваас элдэв зовлонгоос хагацаж бурханы хутгийг олох хүртэл бие эрхтэн нь бүрэн бүтэн байх болно хэмээн сургадаг.
  1. (2008) "African Cultural Astronomy".: 53. doi:10.1007/978-1-4020-6639-9_5. 
  2. Olson, R. J. M.; Pasachoff, J. M. (1992). "The 1816 Solar Eclipse and the Comet 1811I in Linnell's Astronomical Album". Journal for the History of Astronomy. 23: 121. Bibcode:1992JHA....23..121O. doi:10.1177/002182869202300204. S2CID 125474099.
  3. John C. Barentine (4 April 2016). Uncharted Constellations: Asterisms, Single-Source and Rebrands. Springer. pp. 16–. ISBN 978-3-319-27619-9.
  4. Загвар:Cite APOD