Чайковский, Петр Ильич

Пётр Ильич Чайковский (1840 онд мэндэлсэн- 1893 онд нас барсан) Оросын нэрт хөгжмийн зохиолч, хөгжмийн удирдаач, шүүмжлэгч.

Пётр Чайковский

Түүний 1840 оны 4-р сарын 25-нд төрсөн газар болох Камско-Воткинск нь уулын үйлдвэрийн суурин бөгөөд Москва хотоос зүүн тийш 600 км-ийн хол оршдог, уурхай түшиглэсэн нэгэн жижиг тосгон байв. Тэрээр Илья Петрович Чайковскийн 2 дахь хүү нь бөгөөд түүний эцэг мэргэжил нь уулын инженер, мод боловсруулах үйлдвэрийн даргын ажил хийдэг байжээ. Эх нь төгөлдөр хуур тоглон дуулдаг, урлагт дуртай хүн байсан. Эцэг эх хоёр нь хэдийгээр насны хувьд зөрүүтэй байсан ч бие биенээ хайрлан хүндэтгэдэг, үлгэр дуурайлтай, гэр бүлийн эвсэг харилцаа хүндэтгэдэг, халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг байсан учир энэ гэр бүлийн амьдралын хэв маяг болон орчин нөхцөлд хүүхэд өсч хөгжихөд тун таатай байлаа. Тэдний гэрт хөгжим сонирхогчдын концерт байнга тоглогддог байсан учир хүмүүжил, хөгжмийн анхан шатны боловсрол, соёлын талаарх ойлголтыг Чайковский гэр бүлээсээ олж авчээ. 1838 онд түүний ах Николай, 1842 онд эмэгтэй дүү Александра (нөхөрт гараад Давыдова овогтой болсон), 1843 онд дүү Ипполит, 1850 онд дүү Модест төрсөн.

Фанни Дюрбах нэртэй франц гэрийн хүмүүжүүлэгч нь Чайковскийг бусад хүүхдүүдээсээ сэтгэлзүйн хувьд онцгой, авьяаслаг, юмыг хүлээж авах чадвар сайтай болохыг олж мэджээ. Энэ эмэгтэй хүүгийн тухай сэтгэлийн хөдлөл ихтэй эмзэгхэн гэж хэлдэг байсан бөгөөд түүнтэй их болгоомжтой зөөлөн харьцдаг байжээ. Тосгонд хоржигнон урсах гол горхи, сэрчигнэн шаагих ой шугуй, шувуудын жиргээ, бугын урамдаан, хөрөө сүхний хангинаан, морьдын тургиа, загасчдын дуулах уянгалаг дуунууд зэрэг нь Чайковскийд хамгийн анхны хөгжмийн хурц тод сэтгэгдлийг төрүүлсэн байлаа. Ирээдүйн хөгжмийн зохиолч чухам эндээс ямар нэг чимэг хачиргүй цэвэр хөгжмийг мэдэрсэн ажээ. Хөгжмийн талаарх хүүхэд ахуйн энэ сэтгэгдэл насан туршид ой ухаанд нь хадгалагдсаны хэрээр түүний хөгжмийн уран бүтээлүүдэд нь нөлөөлжээ. Эцгийнхээ үйлдвэрт ажилладаг ах механик органаар сайхан зохиол олныг тоглодог байсны дотор Моцартын пьесүүд байлаа.  Энэ тухай тэрээр хожим:

"Хувь заяа намайг хүүхэд насанд минь Моцарттай учруулж хөгжим гээч эцэс төгсгөлгүй сайхан ертөнц болохыг хэлж өгсөн юм" гэж ярьдаг байжээ.

Тэрээр 1844 оны 9 сард буюу дөрвөн настайдаа Александра (тэр үед 3 настай байсан) дүүтэйгээ хамтарч  "Бидний ээж Петербургт" гэдэг жижигхэн дуу зохиосон нь түүний хамгийн анх зохиосон бүтээл болжээ. 1845 оны эцсээр Мария Палчикова багшаар төгөлдөр хуурын хичээл заалгаж эхэлснээр Фредерик Шопены Мазуркануудтай танилцжээ.  3 жилийн дотор хөгжмийн багштайгаа дүйцэх хэмжээний чадвартай болсон байлаа. Найман нас ч хүрээгүй байхдаа "Дон Жуан" дуурийн хэсгүүдийг сонсох тусам дахин сонсмоор болдог байсан нь Чайковскийн хувьд үнэт баялаг байлаа. Найм хүрсэн жилээ төгөлдөр хуур сайн тоглодог, импровизаци сайн хийдэг болсон байв. Хөгжмөөр хичээллэх нь түүний хувьд зөвхөн зугаа биш, харин дотоод ертөнцийнх нь хэрэгцээ байлаа.

1850 онд Чайковский хуулийн сургуульд амжилттай элсэн орсон бөгөөд хүсвэл хөгжмийн ангид явах боломжтой байсан. Сургуульд байхдаа ээжтэйгээ хамт  Михайл Глинкагийн “Иван Сусанин” дуурийг үзсэн нь түүнд маш гүн сэтгэгдэл үлдээжээ. Ийнхүү Моцарт, Глинка хоёр Чайковскийн хувьд насан туршид нь хамгийн хайртай хөгжмийн зохиолчид нь байсаар үлдсэн.

Тэр сургуульдаа Оросын нэрт хормейстр Гаврил Помахины удирдлага дор сургуулийн найрал дуунд оролцдог, төгөлдөр хуурын нэрд гарсан багш Р.Кюндингерээр хөгжмийн хичээл заалгадаг байсан. Чайковский хожим нь “Би  сопран хоолойтой байсан, сүмийн ёслолын эхэнд болон төгсгөлд дуулдаг гурвалын нэгэнд нэлээн хэдэн жил дараалан дуулсан”[1] гэж бичсэн.

1854 оны 6 сарын 14-нд түүний хайртай ээж нас барж өсвөр насны Пётр хүүд хүнд цохилт болсон. Чайковский 1850-1859 онуудад Хуулийн Сургуульд суралцаж дотуур байранд амьдардаг байсан  бөгөөд тэр үеэс анхны зохиолуудаа туурвих болсон. Эдгээр нь: “Хэтрүүлэг” дуурь (алдагсан), төгөлдөр хуурт зориулсан Вальс, мөн түүний анхы хэвлэгдэн гарсан бүтээл болох  “Meццa нот” гэдэг дуу зэрэг болно.

1859 оны 5 сарын 13 нд сургуулиа төгсөөд Хууль Зүйн Яаманд зөвлөхөөр ажиллахаар томилогдов. Өдөр тутмын нэг хэвийн ажлаас залхсан тэрээр энэ ажил мэргэжил  өөрт нь тохирохгүй  гэдгийг мэдэрсэн бөгөөд зугаа цэнгэл хөөцөлдөн, хайр дурлалын адал явдлуудад өөрийн бүх эрч хүчээ зарцуулдаг болжээ.  1861 оны зун гэр бүлийн найз Василий Писаревтай хамт тэр хүний нарийн бичиг, хэлмэрчийн ажлаар анх удаа гадаад улсад зорчсон. Энэ аяллын үеэр  Берлин, Гамбург, Лондон, Париж, Брюселд очжээ. Тэр оны намар Чайковскийн амьдралд том эргэлт гарсан. Орос улсад мэргэжлийн хөгжмийн боловсролыг дэмжих зорилгоор дөнгөж байгуулагдаад байсан Оросын Хөгжмийн Нийгэмлэгийн саналаар Николай Заремба-ийн хичээлд тэрээр хамрагдсан байна.

1862 оны 9-р сарын 8-нд Санкт Петрбургийн Консерватори нээгдэхэд Чайковский анхны оюутан нь байлаа. Өдий насанд суут хөгжмийн зохиолчид хэдийнэ мастерууд болчихсон байсан түүхэн үнэн юм. Ирээдүйн хөгжмийн зохиолч, алдарт шүүмжлэгч Г.Ларош мөн тэр жил элсэн орсноор тэд дотно найзлах болсон байна. Чайковский А.Рубинштейний санал болгосноор оюутнуудад хөгжмийн онол болон төгөлдөр хуурын хичээл заах ажил хийж байв.

Мэргэжлийн багш нар нь Н.И.Заремба, А.Г.Рубинштейн нар байсан. Консерваторид заавал үзэх хичээлийн нэг нь төгөлдөр хуурын хичээл байсан бөгөөд Чайковский маш сайн чадварлаг тоглодог байсан учир 1862 онд уг хичээлээс чөлөөлсөн байна. Дэлхийд нэртэй төгөлдөр хуурч, Оросын хөгжмийн нийгэмлэгийн зохион байгуулагч, Оросын анхны Хөгжмийн Дээд Сургуулийн захирал, хөгжмийн зохиолч А.Рубинштейн зохиомжийн болон зэмсэг судлалын хичээл заадаг байжээ.

Түүнийг 1866 онд түүнийг Москвагийн Хөгжмийн Дээд Сургуульд багшлахаар уригдаж бие даасан уран бүтээлч амьдрал эхэлжээ. Москвад түүнийг нөхөрсөг, уран бүтээлч нөхцөл байдал угтав. Сургуулийн захирал нь А.Рубинштейний ах Николай Григорьевич Рубинштейн байжээ. Гайхамшигтай төгөлдөр хуурч, удирдаач, чадварлаг сурган хүмүүжүүлэгч Николай Григорьевич Чайковскийг тун найрсгаар угтан авч өөрийнхөө гэрт байлган бүх талаар тусалж байлаа. Ахаасаа ялгаатай нь тэрээр Чайковскийн хөгжмийг ойлгодог байв. Олон ч жилийн турш Чайковскийн бүтээл бүрийг анхлан тогложээ. Удирдаачийн хувьд 1, 2, 3-р симфони, 1-р сюит, "Фатум", "Ромео Джулетта хоёр", "Шуурга", "Франческа да Римини", "Евгений Онегин" дуурийг нь удирдан тоглуулжээ. Энэ үеэр Чайковский 1-р симфонио зохиож эхэлсэн ч энэ нь түүнд амаргүй байсан. Учир нь түүнийг толгойн  өвчин, нойргүйдэл ихээр шаналгадаг байсан ажээ.

Пётр Чайковский 26 настайдаа профессор цолтой болсон байв. Тэр боломжийн цалинтай, амьдралдаа сэтгэл хангалуун байсан тэр мөчид буюу 1868 онд Москвад дуурийн алдарт дуучин Дезире Арто ирэв. Бүсгүйтэй танилцан дотносч сүй тавихаар болсон хэдий ч дуучин эмэгтэй Варшавт очсоноосоо хойш удалгүй гэрлэсэн гэсэн мэдээ иржээ. Чайковский ч энэ мэдээг маш тайван хүлээж авав. Учир нь тэрээр дурласан гэхээсээ эмэгтэйн авьяас чадварыг нь илүү биширч үлдсэн байснаа мэдэрч байжээ. Уран бүтээлийнхээ хажуугаар үндэснийхээ урлагийг хөгжүүлэх зорилгоор шүүмж, нийтлэл бичиж эхэлсний хажуугаар сурган хүмүүжүүлэх ажилд анхааран хөгжмийн дээд сургуульд зориулан сургалтын гарын авлага, сурах бичгүүд зохиож эхэлсэн байна. 1871 он түүний бичсэн “Дуурьсахуйн ухааныг дадлагаар судлах удирдамж” хэмээх анхны орос зохиогчтой ном гарсан билээ. Н.Рубинштейн, М.Балакирев нарын ачаар Чайковскийн бүтээлүүд тоглогдож эхэлснээр түүний нэрийг Москва, Петербургт мэдэхгүй хүнгүй болжээ. Түүнчлэн 3-р симфони анх удаа 1875 оны 10 сарын 25 нд Бостонд тоглогдсон нь Чайковскийн зохиол болон нэр хүндийг Европ даяар алдаршуулж эхэлжээ.

1876 оны сүүлээр түүний зохиосон зарим жижиг зохиолуудыг төгөлдөр хуур болон виолончель хөгжимд зориулж хөрвүүлж бичих захиалга Чайковскийд ирсэн. Энэ захиалга нь Надежда фон Мэкк хэмээх эмэгтэйгээс ирүүлсэн байлаа. 14 жилийн турш тэд хувийн жаргал зовлонгоо харилцан хуваалцдаг байсан ч энэ нь бие биенээ харахгүй, уулзахгүй гэсэн харилцан гэрээн дор явагдаж байсан.Тэр эмэгтэй Чайковскийг нэлээд их хэмжээний мөнгөн тэтгэмжээр тэтгэдэг байсан ба ийм маягаар түүнийг Москвагийн Консерваторийн зохиомжийн багшийн ажлаас чөлөөлж, уран бүтээлээ туурвихад нь дэм болдог байжээ.

Чайковскийн оюун ухааныг сэтгэл зүйн шинжээчид “суу ухаан ба солиорол 2-ын хоорондох оюун санаа” гэж тогтоосон байдаг. Суу ухаан гэхээр хүн төрөлхтний эгэл жирийн бус, хурц хүчирхэг үзэл бодлыг бодит байдалд өндөр цэгц журамтайгаар буулгах ойлголт гэж үздэг бол, солиорол гэхээр бас л жирийн бус үзэл бодлыг илтгэдэг боловч ямар нэгэн бүтээлч илэрхийллийг гаргаж чадахгүй бөгөөд ямагт үгүйрэл хоосрол замбараагүй байдлын шалтгаан болдог. Чайковскийн оюун ухаан нь түүний сэтгэл санааг эрүүл ухаан, хөдөлмөрийн өндөр бүтээмжинд чиглүүлж удирддаг байсан нь түүний тогтмол шаргуу оролдлого, зүтгэл болон нөгөө талаас түүний зовлон шаналлын үр дүн ажээ. Анх 1-р симфонио бичиж байхдаа хий юм харж ухаан алдаж унаж байсан. Жинхэнэ аюул өөр лүү нь ирж явааг тэр сайн мэдэж байжээ. Учир нь энэ явдлаас 3 сарын өмнө дүү Анатолий-д бичсэн захиандаа:

Энэ эцэс төгсгөлгүй айдас түгшүүр нь түүнийг нийгмийн амьдралаас холдуулж, гуниг гутрал, хувь заяандаа гомдох гутрангуй амьдрал нь түүнийг бүх хүч чадлаа хөгжим рүү чиглүүлэхэд нь саад болж байлаа. Тэрээр цаг үргэлж тэмцдэг байсан боловч айдас түгшүүрээ давж гарах чадвар дутагдаж байсан. Ромео Жульетта  симфони найраглал нь 1870 онд тоглогдсон бөгөөд үүнээс 7 жилийн дараа Чайковскийн оюун санааны удаах зөрчилдөөнийг илэрхийлсэн IV симфони болон  “Евгений Онегин” дуурь зохиогджээ.

Хөгжмийн удирдаачийн ажил хийж, 1885 онд Петербургийн хөгжмийн нийгэмлэгийн Москвагийн салбарын захирал, Оросын хөгжмийн нийгэмлэгийн хvндэт гишvvнээр сонгогдов. Багшлах ажлаа vргэлжлvvлсээр залуу хөгжмийн зохиолчдод чин сэтгэлийн туслалцаа дэмжлэг vзvvлнэ. Түүний нэр дэлхий даяар алдаршиж дуурийн удирдаачийн хувьд европын олон хотоор явж аялан тоглолт хийдэг болов. 1888 онд Чехийн Прага, Францын Париж хотод хийсэн концертууд нь тvvний хөгжмийн сод авьяасын илэрхийлэл болсон юм.

1891 онд Карнегихолл хэмээх концертын томоохон танхимын нээлтэд уригдаж АНУ-ын олон хотоор аялан тоглолт хийжээ. 1893 онд Английн Кембрижийн их сургууль түүнд дэлхийн суут хөгжмийн зохиолчийн хувьд хууль зvйн хvндэт доктор цол олгож байлаа. Чайковский Европ, Ази, Хойд Америкийн нийт 150 гаруй хот сууринаар аялсан гэсэн баримт байдаг. 1893 оноос эх орондоо байнга сууж зохиол бvтээлээ туурвихаар шийдэж Клин хотын ойролцоо эдлэн газарт сууж 6-р симфонио дуусгаж Петербург хотод удирдан тоглуулсны дараа бие нь гэнэт муудаж 1893 оны аравдугаар сарын 25-26-нд уран бүтээлийнхээ ид цэцэглэлтийн үед нас баржээ.


[1] Надежда фон Мекк-д бичсэн захиа. 1879.11-24-12.06

[2] Антон Рубинштейн болон гүнгийн эхнэр Елена Павловна нарын үндэслэсэн

[3] Г.Нямсүрэн. Оросын сонгодог хөгжим.,2007. 234-р хуудас

[4] Leslie Kerney. Tchaikovsky and His world. Pg 26

[5] Abraham Gerald. Music of Tchaikovsky. Pg 12

[6] www.tchaikovsky-research.net/en/places/index.html



Дуурийн уран бүтээл

«Воевода» (либретто - А. Н. Островский ба Чайковскna, 1868онд зохиосон, 1869онд тавигдсан, Большой театр, Москва)

«Ундина» (либретто – Чайковский, Ф. де ла Мотт Фукегийн зохиолыг В. А. Жуковский орчуулсан ч Чайковский түүнийг үгүй хийсэн)

«Опричник» (либретто - Чайковсий, 1872онд зохиогдсон,1874 онд Мариинский театрт тавигдсан)

«Кузнец Вакула» (либретто - Я. П. Полонский,  Н. В. Гоголийн «Ночь перед Рождеством» зохиолоор, 1874 зохиогдсон, 1876, Мариинский театр, Петербург)

«Евгений Онегин» (либретто - К. С. Шиловский, А. С. Пушкины зохиолоор, 1878 онд зохиогдсон, 1879 онд Москвагийн консерваторийн Малый театрт тавигдсан, Москва)

«Орлеанская дева» (либретто – Чайковский, Ф. Шиллерийн жүжгээр, 1879 ондзохиогдсон, 1881 онд Мариинский театр, Петербург)

«Мазепа» (либретто - В. П. Буренин Пушкины «Полтава»зохиолоос сэдэвлэн бичсэн, 1883 онд зохиогдсон, 1884онд Большой театр, Москва)

«Черевички» (1885 онд зохиогдсон, 1887, Большой театр, Москва)

«Чародейка» (либретто -  И. В. Шпажинский, 1887онд Мариинский театр, Петербург)

«Пиковая дама» (либретто - М. И. Чайковский, Пушкины зохиолоор, 1890, Мариинский театр, Петербург)

«Иоланта» (либретто - М. И. Чайковский X. Херцийн «Дочь короля Рене» жүжүгээр сэдэвлэн бичсэн, 1891 онд зохиогдсон, 1892 онд Мариинский театр, Петербург)

Балетын уран бүтээл

«Лебединое озеро» /Хунт нуур/ (либретто - В. П. Бегичев болон В. Ф. Гельцер, 1876 зохиогдсон, 1877 онд Большой театр, Москва)

«Спящая красавица» /Унтаж буй гоо үзэсгэлэнт бүсгүй/ (либретто - И. А. Всеволожский, 1889 он, Ш. Перрогийн үлгэрээс сэдэвлэсэн, 1890, Мариинский театр, Петербург)

«Щелкунчик» (либретто - Всеволожский Э. Т. А. Гофманы үлгэрээс сэдэвлэв, 1892 онд Мариинский театр, Петербург)