Цэсрэнжавын Жанчив

Цэсрэнжавын Жанчив (1940 онд Завхан аймгийн Нөмрөг сумын  нутаг-Гол-модны өвөлжөөнд төрсөн-2018 онд нас барсан)- Монголын ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирал асан Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич профессор.

Академич Ц.Жанчив малчин ард Цэсрэнжавын гэр бүлд төрсөн.

1948-1958 онд Завхан аймгийн Нөмрөг сумын бүрэн бус дунд сургууль, Б.Элдэв-Очирын нэрэмжид нэгдүгээр арван жилийн дунд сургуулийг тус тус төгссөн.

Улмаар МУИС-ийн орос хэлний бэлтгэл ангид суралцан төгссөн. 1959-1965 онд ОХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн биологийн факультетад орж суралцан генетикч мэргэжилтэй болсон ба Монгол улсын анхны генетикч болсон.

1965 онд ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Сорилын биологийн тасагт дадлагажигч ажилтнаар орж ажилласан. 1965-1968 онд микроорганизмын мутагенезийн чиглэлээр ажиллаж анхны эрдэм шинжилгээний бүтээлээ нийтлүүлж байв. 1968-1969 онд ОХУ-ын ШУА-ийн Ерөнхий генетикийн хүрээлэнгийн Малын генетикийн секторт 1 жилийн хугацаагаар очиж доктор, профессор Я.Л.Глембоцкийн удирдлага дор дадлага хийж судалгааны ажлын дүнг ОХУ-ын “Овцеводство” сэтгүүлд нийтлүүлсэн байна. Мөн энэ хугацаанд Москвагийн Их сургуулийн Генетикийн тэнхимийн багш, профессор Е.К.Меркурьевагийн удирдлага дор биохимийн генетикийн судалгааны ажилд оролцож ажиллажээ. Өөрийн их сургуулийн багш, профессор Е.К.Меркурьевагаас багаж, урвалжийн тусламж авч 1969 онд эх орондоо буцаж ирсний дараа Монгол орны бэлчээрийн таван хошуу малын популяциудын генетик тогтцын судалгааг эхлүүлсэн бөгөөд эдүгээ энэхүү судалгааны ажил Монгол орны гэрийн ба зэрлэг амьтадын генетикийн чиглэлээр үргэлжлэн хийгдсээр байгаа.

ЗХУ-ын  ШУА-ийн Ерөнхий генетикийн хүрээлэнд ийнхүү 1 жил ажиллах хугацаандаа Ц.Жанчив дэд эрдэмтний (PhD) минимум шалгалтыг өгсөн байна.

Ц.Жанчив 1971 онд ЗХУ-ын Мал аж ахуйн хүрээлэнгийн иммуногенетикийн салбарын эрдмийн зөвлөл дээр “Содержание и генетический полиморфизм белков крови у монгольского крупнорогатого скота, яка и их гибридов” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Ц.Жанчивын энэхүү бүтээлд тусгагдсан зарим үр дүн тухайн үеийн ЗХУ-ын хөдөө аж ахуйн их сургуулиудын генетикийн сурах бичигт нэг баримтат жишээ болон орсон байдаг билээ.

1971 оны 12-р сарын 16-наас 1974 оны 4-р сарын 1-нийг хүртэл Шинжлэх ухаан, техникийн улсын хороонд Эрдэм шинжилгээний ажлын төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, Аспирантурын тасгийн даргаар ажиллажээ. Энд ажиллах хугацаандаа ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн Генетикийн лабораторийг ЗХУ, Унгар улсын тусламжаар тоноглох, Монголын генетикчдийг тэр үеийн ЗХУ-аас гадна Зүүн Герман, Унгар, Польш, Чех, Румын, Болгар улсуудад бэлтгэх асуудлыг шийдвэрлүүлж чадсан юм.

1974 оны 4-р сарын 1-нээс ШУА-ийн ерөнхийлөгч асан академич Б.Ширэндэвийн санал болгосноор ШУА-ийн Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллах болов. Энэ ажлыг ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Цитологи ба генетикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар явж ажиллах хүртлээ буюу 1979 оны 3-р сарын 1-нийг хүртэл хийжээ.

1979-1981 онд ЗХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Цитологи ба генетикийн хүрээлэнгийн Эволюцын генетикийн лабораторид эрдэм шинжилгээний ахлах ажилтнаар ажиллажээ. Энэ хугацаанд тус хүрээлэнгийн захирал, Олон улсын Генетикчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, академич Д.К.Беляевын удирдлагын дор “Генетико-биохимичесие исследовония структуры популяции домашних животных Монголии” сэдвээр 1980 онд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Ц.Жанчив энэхүү судалгаагаа цааш улам гүнзгийрүүлэн үргэлжлүүлж 1995-1999 онд Япон улсын эзэн хааны шагналт профессор Ю.Танабе, профессор К.Нозава, И.Маеда нартай хамтран Монгол орны унган мал болон гэрийн амьтдын генетик тогтцыг 33 генээр төлөөлүүлэн судалж –Report of the Society for Reseraches on Native Livestock- 25 х.х. эмхэтгэлийг Токио хотноо нийтлүүлжээ. Тэрээр ганц сэдэвт зохиол, ном,сурах бичиг нийтдээ 13-ыг, эрдэм шинжилгээний өгүүлэл 95-ыг бичсэнээс монгол хэлээр 61, орос хэлээр 12, англи хэлээр 16, япон хэлээр 6 нь нийтлэгджээ.

Академич Ц.Жанчивын эрдэм шинжилгээний бүтээл дотооддоо академич М.Төмөржавын бичсэн "Малын генетик", "Бэлчээрийн монгол мал" зэрэг олон ном өгүүллүүдэд эшлэгдсэнээс гадна гадаадын зуу гаруй эрдэмтэд эшлэсэн байгаагаас үзэхэд түүний эрдэм шинжилгээний бүтээл Монгол орон төдийгүй олон улсад үнэлэгддэг нь тодорхой байна.

Академич Ц.Жанчив 1982-1997 онд Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар томилогдон ажиллах хугацаандаа Монгол улсад биотехнологийг хөгжүүлэх асуудлыг тэр үеийн төр, засагт тавьж тодорхой арга хэмжээнүүдийг авхуулж чадсан хүн юм. Тухайлбал, уг асуудлыг Шинжлэх ухаан, техникийн улсын хорооны дарга, академич М.Даш, улмаар МАХН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх, Ерөнхий сайд Д.Содном нарт тавьж ШУА-ийн харьяанд Биотехнологийн хүрээлэнг байгуулж, Молекул биологи, Микробиологийн лабораториудыг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн 2,5 сая ам.долларын санхүүжилтээр тоноглож, боловсон хүчнийг нь тэр үед монголчуудын хориотой бүс байсан Япон, Франц, БНХАУ зэрэг улсад сургаж бэлтгэж чадсан юм.

Монгол оронд тахь буцааж сэргээн нутагшуулах ажилд оролцож 1991 онд Голланд улсын Роттердам хот дахь тахь үржүүлгийн төвд очиж Монгол улсад ирэх тахийг сонгох ажлыг Байгаль хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн дарга асан Цэрэндэлэгийн хамт хийж ирсэн. Мөн тахь нутагшуулах газраар Хустайн нурууг сонгож Төв аймгаас зөвшөөрлийг авч байжээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсад тахь буцаан нутагшуулах ажлын шинжлэх ухааны талын ажлыг Ц.Жанчивын удирдаж байсан Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэн хариуцан гүйцэтгэсэн юм.

1997 онд Монгол улсын Засгийн газрын 31-р тогтоолоор биологийн салбарын хүрээлэнгүүдийг нэгтгэн Биологийн хүрээлэнг байгуулахад тус хүрээлэнгийн Ерөнхий биологийн салбарын эрхлэгчээр томилогдож 2001 оныг хүртэл ажилласан ба 2001 онд ШУА-ийн ерөнхийлөгч болон биологийн салбар дахь ШУА-ийн гишүүдийн саналаар Биологийн хүрээлэнгийн захирлаар томилогдсон. Ажилласан 15 жилийн хугацаанд Биологийн хүрээлэн багаар ажиллах чадвартай, бүтээлийнх нь 40% нь олон улсын Impact ractor сайтай сэтгүүлүүдэд нийтлэгддэг, дэлхийн биологийн шинжлэх ухааны салбарт танигдсан хүрээлэн болтлоо хөгжжээ. Ийнхүү тус хүрээлэнг өсөн хөгжих үйлсэд түүний захирлын албыг хашиж байсан академич Ц.Жанчив голлох үүрэг гүйцэтгэсэн билээ.

1980-аад оны сүүлч, 1990 оны эхээр социалист систем задарч Зүүн Европын орнуудаас манай улсад үзүүлж байсан тусламж зогсоход академич Ц.Жанчив залгамж халаагаа дотооддоо бэлтгэх ажлыг эхлүүлж МУИС-ийн харьяанд Генетик, молекул биологийн тэнхимийг гардан байгуулж хүрээлэнгийн ажлын зэрэгцээгээр сургалтад оролцож ирэв. Эдүгээ тус тэнхимийг 200 боловсон хүчин төгссөн бөгөөд тэдгээрээс олон судлаачид Япон, Герман, Унгарын их сургуулиудад докторын зэрэг хамгаалсан байна.

Ц.Жанчивт Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөлөөс 1990 онд профессор цол олгосон бөгөөд тэрээр 2000 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож Монгол улсын Ерөнхийлөгчөөс академич хэргэм хүртжээ.

Академич Ц.Жанчив 1990-1994 онд Монгол улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн гишүүн, 1986-1997 онд биологийн ухаанаар шинжлэх ухааны болон боловсролын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, 2001 оноос 2019 он хүртэл биологийн ухаанаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн даргаар ажиллаж байв. Тэрээр 1987 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёл, гэгээрлийн ажилчдын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн, МУЭ-ийн Бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогдож байжээ. Мөн 1992-2000 онд Завхан аймгийн нутгийн зөвлөлийн дарга байв. 2004-2008 онд ШУА-ийн Биологи, хөдөө аж ахуйн Бага чуулганы орлогч дарга, 2008-2012 онд уг Бага чуулганы дарга, 2012 оноос Биологийн Бага чуулганы даргаар тус тус сонгогдон ажиллаж байв. 2001-2005 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шинжээчээр ажиллаж байв.

Академич Ц.Жанчивын хөдөлмөр, бүтээлийг Төр, Засгаас өндрөөр үнэлж 1996 онд Алтан гадас одонгоор, 2002 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнасан. Тэрээр мөн Шинжлэх ухааны тэргүүний ажилтан, Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан, Байгаль орчны тэргүүний ажилтан цолоор тус тус шагнагджээ.

Академич Ц.Жанчив шинжлэх ухааны салбарт 50 дахь жилдээ, түүнээс 30 жилд нь ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн захирлаар ажиллажээ.