Цэнддоогийн Оюунцэцэг
Цэнддоогийн Оюунцэцэг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат Монгол Улсын Гавьяат Жүжигчин юм.
Цэнддоогийн Оюунцэцэг | |
Бүтэн нэр | Цэнддоогийн Оюунцэцэг |
---|---|
Төрсөн он | 1960 |
Төрсөн газар | Монгол, Говь-Алтай, Дэлгэр сум |
Улс орон | Монгол |
Өнгөрсөн он | 2024 |
Ажил үйл | Дуучин |
Цахим хуудас | https://www.youtube.com/@oyuntsetsegt.tsenddoo |
Намтар
засварлахЦ.Оюунцэцэг 1960 онд Монгол Улсын Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт Цэнддоогийн ууган охин болон мэндэлжээ. 1972 онд Чандмань сумын бага сургууль, 1976 онд Дэлгэр сумын дунд сургуулийн 8-р анги, 1978 онд Алтай хотын арван жилийн 1-р сургуулийг төгсөөд УБДС-ийн Найрал дууны ангид элсэн орж 1983 онд дуучин мэргэжлээр төгссөн.
Тэрээр мэргэжлээрээ АДБ-ийн “Алтай” чуулгад 1983 оноос 2015 он хүртэл тасралтгүй 32 жил ажилласан анхны мэргэжлийн дуучдын нэг юм. Ажиллах хугацаандаа мэргэжлийн дуучдын Улсын уралдаанд 4 удаа,” Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах Улсын уралдаанд 4 удаа оролцож тусгай дэд байруудыг удаа дараа эзэлж сонгодог урлагийг орон нутагтаа хөгжүүлэх сурталчлахад өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна мэргэжил, уран бүтээлийн сангаа байнга баяжуулан дуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотноо ДБЭТ-т “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаад 3 удаа уригдан тоглосон. Ц.Оюунцэцэг хөдөө орон нутагт анх удаа "Учиртай гурван толгой" дуурийг тоглох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж Говь-Алтай аймгийн АДБ-ийн Алтай чуулгын тайзнаа бүрэн эхээр нь 2001 онд тоглосон байна.
Тэрээр зөвхөн дуучнаар ажиллаад зогссонгүй Найрал дууны ангийн багш, Уран сайхны удирдагч, Найруулагчийн ажлыг давхар хийж гүйцэтгэсэн байдаг. Ц.Оюунцэцэг нь тус чуулгад дуучин болсон цагаасаа чуулгын тайзнаа тоглогдсон УГЗ Ш.Аюушийн найруулга “Цаст Алтайн эгшиг”, “Алтайн дуулал”, “Октябрь 70”, “Цэнхэр Алтайн Уянга”, АЖ Д.Лувсаншаравын найруулсан “Өнө Алтайн дуулал”, УГЗ Норсонжав “Мөнх тэнгэрийн ивээл дор” зэрэг 50 гаруй уран бүтээлд гоцлол дуучнаар ажилласнаас гадна “Хөхморьт уулын домог”, “Гомдол ирээгүй хэрэг”, “Даажин” хөгжимт жүжиг, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа зэрэг 10 гаруй харилцаа болон дуулалт жүжгийн гол дүрийг бүтээсэн. 2001 онд өөрийн анхны бие даасан тоглолтыг хийж байсан ба уран бүтээлийн CD, номыг хэвлүүлэн үзэгч олондоо бэлэг барьсан юм. Мөн тэрээр 1986 онд БНХАУ, 1996 онд БНАСУ, ЗХУ-н (хуучны нэрээр) Якут улсад зохион байгуулагдсан Олон Улсын урлагийн наадмуудад Монгол улсаа төлөөлөн амжилттай оролцож үндэсний урлаг соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
Шагнал
засварлах- 1996 онд Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг.
- 1996 оны Говь-Алтай аймгийн “Шилдэг уран бүтээлч”.
- 2001 оны Говь-Алтай аймгийн “Шилдэг уран бүтээлч”.
- 2001 оны Говь-Алтай аймгийн хүндэт иргэн.
- 2001 онд Монгол улсын гавьяат жүжигчин цол тэмдэг.
- 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль.
- 2010 онд Говь-Алтай аймгийн “Шилдэг эмэгтэй”.
- 2015 онд Монголын урлагийн ажилтны холбооноос Э.Оюуны нэрэмжит хүндэт шагнал.
- 2015 оны Говь-Алтай аймгийн хүндэт иргэн.
- Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойн медаль.
Уран бүтээл
засварлахЦомог
засварлах- "Нутгийн чулуу", 2001
- "Дуучин чамдаа", 2004
- "Миний дуу", 2005
- "Нутагтаа ирэхэд нас уртасдаг", 2009
Бие даасан тайлан тоглолт
засварлах- "Эрднийн гурван ганцхан", 1999 он Улаанбаатар хот.
- "Бор талын алтан харгана", 2000 он Улаанбаатар хот.
- "Засагт ханы хөх харчууд", 2005 он Улаанбаатар хот.
- "Дуунд хөглөгдсөн 30 хаврын он жилүүд", 2015 Говь-Алтай аймаг.
- "Сэтгэл аргадсан аялгуу", 2017 он Улаанбаатар хот болон Говь-Алтай аймаг.
- "Дуунд мөнхөрсөн ижий минь", 2018 он Говь-Алтай аймаг.
- "Ижийгээ алдаршуулья", 2022 он Говь-Алтай аймаг.
Дууны жагсаалт
засварлахДуучин Ц.Оюунцэцэг сонгодог, зохиолын, ардын дуу нийлсэн 200 гаруй дууны уран бүтээлийн сантай.
Дууны нэр | Хөгжмийн зохиолч | Шүлэг |
Аав минь | УГЗ Б.Цэвээнравдан | Б.Даваацэрэн |
Аав ээжийн нутаг | Б.Цэрэндондов | Ү.Хүрэлбаатар |
Ажийн намар | МУГЭ С.Бадамжав | СТА Л.Мэндбаяр |
Алсаас дуудсан нутаг | Б.Цэрэндондов | Б.Даваацэрэн |
Алтайн сайхан бүсгүй | Б.Цэрэндондов | Ү.Хүрэлбаатар |
Боорчийн хоолой | Д.Лувсаншарав | Ж.Дамба |
Дэлгэрийн ажнай хүлэг | Д.Лувсаншарав | Ү.Хүрэлбаатар |
Дэлхийд ганцхан Дэлгэр | УГЗ Д.Баттөмөр | СГЗ Б.Цогзаяабаатар |
Засагт Ханы хөх харчууд | Г.Жаргалсайхан | Ү.Хүрэлбаатар |
Зүүдний мөнгөн миний Алтай | Г.Жаргалсайхан | Ү.Хүрэлбаатар |
Зүүдний хоймор Алтай | УГЗ Б.Цэрэндондов | Т.Очирхүү |
Нутагтаа ирэхэд нас уртасдаг | СТА Д.Пүрэвсүрэн | СГЗ Д.Лхагвасүрэн |
Суварга цэнхэр далангийн нуруу | МУГБ Л.Галмандах | Б.Цэрэндаш |
Сургуулийн вальс | Б.Үйтүмэн | Г.Мөнхтуул |
Сэтгэлд мөнхөрсөн ээж минь | АЖ Мяасүрэн | Н.Отгонбаяр |
Тэргүүн хар морь | СТА Д.Пүрэвсүрэн | Үйтүмэн |
Хатан хайрхан ээж уул | Д.Пунцагдорж | Б.Чүхээг |
Хунгийн чуулгатай нутаг | Б.Цэрэндондов | С.Рэнцэндорж |
Шинэ жил бидэн хоёр | Г.Жаргалсайхан | Ү.Хүрэлбаатар |
Шинэ жилийн вальс | Д.Цэвээнравдан | Ү.Хүрэлбаатар |
Эрдэнийн гурван ганцхан | Б.Шарав | Ү.Хүрэлбаатар |
Эмхэтгэсэн ном
засварлах- "Нутагтаа өргөн дуун цацал", 2006
- "Алтайдаа өргөн дуун цацал", 2015 он
- "Нутагтаа ирэхэд нас уртасдаг", 2024 он.
Тоглосон кино
засварлах- "Босго тотго" монголын уран сайхны олон кино, 2012 он.