Цэдэн-Ишийн Чинзориг
Цэдэн-Ишийн Чинзориг нь Төрийн соёрхолт, Монголын хөгжмийн зохиолч.
1955 онд Булган аймгийн Могод суманд төрсөн. 1975 онд Улаанбаатар хотноо Багш нарыг бэлтгэх сургуулийн дуу хөгжмийн ангийг, 1986 онд Уралын хөгжмийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг тус тус төгссөн.
Анхны багш нь Төрийн хошой соёрхолт, Ардын жүжигчин Н. Жанцанноров, анхны уран бүтээл нь “Учран золгохын ерөөл” дуу байв. Урын сандаа 300 гаруй зохиолын дуу, найрал дуу, цөөхүүл болон найрал хөгжмийн 400 гаруй бүтээл туурвисан.
1990 онд “Илдэн уулын цуурай” оратори нь Азийн шилдэг бүтээлийн жагсаалтад бичигдэж, ЮНЕСКО-гийн алтан санд бүртгэгдсэн.
1994 онд “Дууны хорвоо” бүтээл нь шилдэг бүтээлээр шалгарч “Морин хуур” уралдааны тэргүүн шагналыг хүртсэн.
"Илдэн уулын цуурай", "Тэмүүжин" дуурь, "Үүлэн цэнхэр хангай", "Ус мөрөн олон чиг", "Намрын дурсамж", "Зүүдний говь", "Учран золгохын ерөөл" бүтээлүүдээрээ 1996 онд Төрийн соёрхол хүртсэн.