Цэвэгийн Байды
Цэвэгийн Байды (1942 онд Дундговь аймгийн Хулд сумын нутаг Бага цагаан овоо гэдэг газар төрсөн)- Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урчуудын Эвлэлийн шагналт, 2023 онд Ардын зураач цол хүртсэн Монголын шог зургийн “загалмайлсан эцэг” гэгддэг зураач.
Намтар
засварлахЦ.Байды 1942 онд Дундговь аймгийн Хулд сумын нутагт төрсөн. Түүний эцэг Цэвэг нь гарын ур дүйтэй алт мөнгөний дархан байжээ. Энэ нь түүнийг зураач болоход их нөлөөлсөн байна. 1946 онд буюу 6 настай зураг зурж эхэлсэн байна. 1952 онд сумын дунд сургуульд элсэн орсон.
Тэрээр нутаг усандаа алдартай Номон баяны үр удам ажээ. Төр засаг мал хөрөнгийг нь гурвантаа хураасан ч баян хэвээр үлдсэн өвөг эцэг нь заргачаараа нэн алдартай, мөн өөрийн гэсэн ламтай хүн байсан гэдэг. Номон баяны удамд хүү төрөөгүй удсан ч охидоос нь хүү төрж удам залгасан ажээ. Удам залган мэндэлсэн анхны ач хүү нь Лувсандорж хэмээх эрдэмтэй лам, хоёр дахь нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Байды гуайн аав Цэвэг хэмээх төрийн хар хүн байжээ.
Ц.Байды Дундговийн Хулд сум, Чойр, нийслэлийн 5-р сургууль, Увс аймгийн Баруунтурууны арван жилийг дунд сургуулиудыг дамжин суралцаж байж төгссөн байна. Энэ үеэс шүлэг зохиол их бичдэг болжээ. Ирээдүйд зохиолч болно гэсэн бат итгэлтэй. Өөрийх нь дурссанаар “үзсэн дуулснаа эрээчээд” л байж. Шүлэг бичихийн зэрэгцээ зураг зурна. Зурсан зурагнуудаа цонхон дээрээ гадагшаа харуулаад өлгөчихдөг байсан гэж байгаа. Сумын төвийнхөнд гайхуулах гэж байгаа нь тэр. Бичсэн зохиолуудаа сонин хэвлэл рүү явуулдаг, даанч тэр нь хэвлэгддэггүй байсан гэдэг.
1962 онд дунд сургуулиа төгсөөд цэргийн албанд 3 жил явжээ. Энэ үеэр түүний бичсэн юмнууд хэвлэгдэж эхэлжээ. Их бууны тусгай дивизионы цэргийн клубын зураач шинэхэн цэрэг сонинд шүлэг, найраглал нь гарахад бөөн баяр бололгүй яах вэ.
Тэрээр дандаа л цэргийн холбогдолтой зураг зурна. Клубт нэг ор тавьчихсан, хоол зөөлгөж идээд л хэвтэж байдаг цэрэг байв. Зохиолоос илүү зурагнууд минь хүнд хүрч байгаа юм байна гэж. Сургуульд явах хэрэгтэй юм байна гэж шийдсэн.
1965 онд Цэргээс халагдаад Дундговь аймгийнхаа урчуудын хорооны гишүүн болж, монгол зураг зурж эхэлсэн. Монгол зургийг шашны утга агуулгатай гээд хориглодог байлаа. Тэр үед яагаад ч юм ардын урлагийг хөгжүүлэх ёстой гэсэн нам засгийн шийдвэр гараад, би бараг хамгийн анх монгол зураг зурсан байх. Тэр үед зурсан зураг Монголын уран зургийн галерейд хадгалагдаад үлдсэн ажээ.
1968-1974 онд ЗХУ-ын Москва хотын Строгановын уран сайхны Академид суралцан художественный график буюу уран сайхны зураасан зураг мэргэжилээр төгссөн.
Зөвлөлтийн “Крокодил” хошин шог сэтгүүлийн уран сайхны ерөнхий редактор В.Г.Мочалов, зураач А.Крилов, Г.Оградников, В.Тильмань, С.Тунин нартай тэр найз явсан байна.
“Улаан од”, Үнэн сонин болон “Тоншуул” сэтгүүлд зураач, уран сайхны редактороор үр бүтээлтэй ажиллаж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шог зургаар чадварлаг илчлэн шүүмжилж явжээ.
Уран бүтээл
засварлахТэрбээр 1976 онд “Ардын засгийн төлөөлөгч” зургаараа Улсын уралдааны тэргүүн байр, “Баянцогтын говьд”, “Хаалга шинэтгэсний баяр” зургуудаараа Улсын уралдааны 2,3-р байр эзлэн, 1981 онд Москва хотноо болсон Олон улсын үзэсгэлэнгээс хүрэл медаль хүртэж, 1985 онд “Хүн байгаль” Олон улсын уралдааны тэргүүн байрыг эзэлж байв.
“Ардын засгийн төлөөлөгч”/1976/, "Нартай хуртай Дэлгэрхангай", “Их газрын чулуу”, "Төгрөгийн говь",...
Гаргасан зэсгэлэн
засварлах2008 онд “Тэнгэр заяат нутаг минь” байгалийн зургийн үзэсгэлэн (Монголын Үндэсний музей),
2011 онд “Их Монголын талд” шог зураг, уран зургийн үзэсгэлэн (Монголын Уран зургийн галерей),
2012 онд “Наран дуулал” уран бүтээлийн үзэсгэлэн (МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхим),
2016 онд 100 бүтээл багтсан “Үлгэр домгийн орноор” уран зураг болон шог зургийн үзэсгэлэн,
2018 онд “Аян замын тэмдэглэл” судалбар зургийн үзэсгэлэн (D арт галерей).
Шагнал
засварлахЦ.Байдыгийн уран бүтээлийг үнэлж 1981 онд Монголын Урчуудын эвлэлийн нэрэмжит шагнал, 1991 онд Алтан гадас одон, 2001 онд Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон, 2005 онд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэг, 2009 онд “Улаанбаатар хотын Хүндэт иргэн” тэмдгээр тус тус шагнажээ.
Тэрбээр 2003 онд "Адра" ОУБ-аас зохиогдсон уралдаанд Тэргүүн байр, 2005 онд "Эмнести интернэйшнл" ОУБ-ын шагнал хүртсэн.
2023 оны 2-р сард Монгол Улсын Ардын зураач цол хүртсэн.