Цахиуртын жас
Дундговь аймаг Дэлгэрцогт сум дахь Дорждамба дацан буюу Цахиуртын дацан. / Дорждамба дацан, Далай ээжийн жас/
Дэлгэрцогт сумын төвөөс 28 км, Цахиурт багийн төв Номт овоо хэмээх газар энэхүү дацан хурал оршин тогтнож байжээ. Цахиуртын дацан хурал үүсэн байгуулагдсан нөхцөл шалтгаан он цагийн тухайд Үндэсний Төв архивын гар бичмэлийн фондод дараахи эх бичиг хадгалагдан үлджээ. Үүнд “ ... Цахирт дацан үүний уг эх нь Түшээт хаан Гомбодоржийн хатан Ханджамцад аягачин болж явсан эгч дүү хоёр хүүхэн байв. Тэр цагт Өндөр Гэгээнтэн Түшээт хааны агь болон мэндлэхэд хоёр аягачин хүүхний эгчээр эх бариулж аваад энхрийлэн өсгөв. Бага хүүхний хоёр хөхнөөс гэнэтэд шалтгаангүй байтал их сүүн асгаран гарсныг Өндөр Гэгээн шимэн зооглож лагшин өрнөн боловсроод их хүүхнийг Авайэжий, бага хүүхнийг Далай эжий хэмээн нэрийдэж Өндөр Гэгээнтнээс 32 сүүдэр зооглосон Энх Амгалангийн тавдугаар /1666/ онд өөрийн мутраар хар торгон дээр есөн зүйлийн эрдэнэсээр зурсан Балданлхам сахиус гайхамшигийн адистадтай нэгнийг хайрлав. Далай эжийд мөн тэр мэт бүтээсэн Махагал сахиус нэгнийг хайрлав. Тэр цагаас эхлэн хоёр аягачин, садан төрөл, отог хамжилгын хүмүүс нийтээр тэр хоёр сахиусыг өргөө байгуулан залж өдөр бүр жасаа хурлыг хурдаг заншил тогтсон. Бас Халх нийтээр Манжийн хааны төрд орохын үест Өндөр Гэгээнтэн Авай эжий, Далай эжий хоёрт хятад барын шунхан Ганжуур гүйцэд нэг нэгийг хайрласныг хойно Авай эжийг Үйзэн засаг Хаймчигийн үед манай хошууны Аавхүү ноён хэмээх тайжид худ худгай болгон өгч дацан хурал хамжлага сэлттэй уул хошуунд нийлүүлэн захируулсан ба бас Далай эжийг Дээрхийн шавийн Дархан ноёнд худ худгай болгон өгч хувийн хурал хамжлага сэлттэй Их шавьд нийлүүлсэний дараа хар шар олон сүсэгтэн өглөгийн эзэд Цахиурт хэмээх газар хурлын дуган барьж бурхан шүтээн олныг бүтээгээд жас сан байгуулан үргэлжийн хурал гаргасан амуй. ..” гэжээ. Уг дацан нь 20-р зууны эх буюу 1910-аад оныг хүртэл 5-6 ламтай цагийн хурал хурж байгаад тодорхой бус шалтгаанаар хаагджээ. Дуганыг хэзээ нураасан нь тодорхойгүй ба одоо дуганын туурь тус газарт Жум хэмээх нутгийн лам хуучин дуганыг сэргээн засварласан болно.