Цаг төрийн үймээн (роман)

"Цаг төрийн үймээн" - Төрийн хошой шагналт, СГЗ, утга зохиолын нэрт зүтгэлтэн, Монголын театрын урлагийн анхдагчдын нэг Донровын Намдагийн 1960 онд зохиосон, ХХ зууны шилдэг роман.

Уг зохиолд Зүүнхараа пүүсийн гурван жинчин Богдын хүрээгээр дайран Жанчхүү хүрээд Шү СюЖэний армид олзлогдоно. Ардын нам нууцаар байгуулагдаж, Зөвлөлт Оросоос тусламж авахаар үгсэх үед Богдын хүрээнд төрийн үймээнд зовнин сэтгэлийн гутралд орсон Балданцэрэн гүн Сүхбаатар жанжныг сэм дэмжихийн хажуугаар Оюундарь гэгч бүсгүйг хараад сэтгэлтэй болно...Ардын хувьсгалын төвөгтэй цаг үеийг, нийгмийн янз бүрийн давхаргынхан хэрхэн хүлээн авч, өөрсдийн байр сууриа олцгоож байгааг уран зохиолын яруу хэллэгээр харуулсан бүтээл юм.

Зохиол тэр аяараа юм бүхэн цаг хугацаатай, сайнтай муутай, амьдрал хаа хаанаа эн тэнцүүг харуулна. Адгийн муу хятад байхад хүний дээд нь ч гарна. Монгол, хятад хүмүүсийн зан чанарын ялгаа, монгол хүний хэнэггүй зан хэрхэн хэрэгт хутгадгийг, уужуу ухаан нь ямар бишрэм байдгийг, хятад хүний тооцоотой, зоосны нүхээр хардаг ашигч зан, хөдөлмөрч хичээнгүй занг тодхон сийлжээ. Үнэхээр ч хятад хүн түмэн шоргоолж мэт, үй олон доторх ганц цэг гэдгээ мэдэн даруухан, хичээнгүй амьдарна. Монголчууд бол хэзээнээс омог бардам, нэр хичээнгүй, хар гэртээ хаан, бор гэртээ богд гэгч зантай аж.

"Цаг төрийн үймээн” роман нийгэм улс төр, хувь хүмүүсийн амьдрал, тэдний хайр дурлал, үзэн ядалт, урвалт шарвалт, хагацал зовлон, үхэл, дайн тулаан, төөрөгдөл, эвлэрэл, дарамт шахалт, эргэл мөргөл, аян зам  зэрэг олон сэдвүүдийг бие биенээсээ урган гарч зохицон нөхцөлдөх байдлаар бичсэн юм.

Д.Намдагийн энэ роман нь 1915 оны "Гурван улсын Хиагтын гэрээ" байгуулагдсан цагаас эхлээд 1921 оны төгсгөл үе хүртэлх ороо бусгаа, Монголын хувь заяаг шийдсэн түүхэн чухал цаг үеийн амьдралыг нүднээ харагдаж, сэтгэлд хоногштол уран яруу дүрслэн бичсэн, үгийн урлагийн гайхамшиг болсон тансаг бүтээл билээ.

Романы үйл явдал

засварлах

Дорж, Данзан, Хүрэл гурав жин тээж Жанчхүү хот ордог. Их данжаадтай наймаа хийж дуусаад хөлгийн жолоог залах учиртай. Гэвч их данжаад авсан барааныхаа зоосыг өгөхгүй өнөөдөр, маргааш, нөгөөдөр гэж луу унжиж, гамингийн цэрэгт тэр гурвыг тушааснаар үйл явдал эхэлдэг.