Цагаан голын хадны зураг
Цагаан голын хадны зураг нь Говь-Алтай аймгийн Халиун /Хуучин Наран/ сумын нутаг Цагаан голын зүүн эрэгт олон зуугаар тоологдох хадны зургийн цогцолбор.[1] Эдгээрийг археологич Ц.Доржсүрэн анх нээн олж судлан, дараа нь Оросын судлаач В.В.Волков, Э.А. Новгородова нар судалжээ. Цагаан гол нь нарийн хавцлаар урсах уулын гол бөгөөд хавцлын ханан хаднуудад цохиж сийлбэрлэсэн зураг ихтэйгээс гадна хажуугийн уулын бэлийн толгир хаднаа хэд хэдэн эгнээ могойн зургийн дүрслэл бий.
Могойн зургийн баруун талд нэгэн том морины дүрс байдаг. Иймэрхүү морьдыг хажуугийн хананд нь ч үзэж болох бөгөөд гурвыг нь бие биетэй нь холбоотой дүрсэлсэн байна. Эл зурагтай хаднаас баруун хойно газар хэвтэх нэгэн чулуунд зурсан могойн зураг ихэд элэгдэж бараг мэдэгдэхгүй болсон.
Хадан хошууны баруун талд янз бүрийн үед холбогдох олон зураг зурагдсаны дотроос нэлээд эрт үеийнх нь гэдсээ татсан байдалтайгаар дүрслэгдсэн морины зураг юм. Цагаан голын хадны зургуудаас олон тооны тамга, нум сум харваж байгаа хүн, урт сүүлтэй морь, эвэртэй юм шиг толгойн гоёлтой хүн, сүүлээ өргөсөн, асар том дугуйрсан эвэртэй амьтны зургууд үлэмж сонирхолтой байгаа.
Жад барьсан хоёр хүнийг том малгайтай, дээл хувцастай, бүстэй, гуталтайгаар зурсан байна. Энд бас эртний тэрэгний зураг ч ажиглагддаг. Тэрэгнүүдийг харин морь мал хөллөөгүй дангаар нь дүрсэлжээ. Тэрэгний тэвш нь хагас дугуй хэлбэртэй, хоёр дугуйны хэгээснүүд нь харилцан адилгүй тоотой байна. Эдгээр зургийг судлаачид Дундад Ази, Кавказ, Скандиновын хойгоос олддог тэрэгний зурагтай адилтгаж үздэг.
Эшлэл
засварлах- ↑ "Цагаан голын хадны зураг :: www.touristinfocenter.mn". touristinfocenter.mn. Татаж авсан: 8 January 2023.