Цаазаар авах ял
Цаазаар авах ял бол гэмт хэрэг үйлдсэн хүнд төрөөс хуулийн дагуу ногдуулж буй ялын дээд хэмжээ юм.
2015 онд гэхэд НҮБ-ын гишүүн 193 орноос 169 улсад цаазын ялыг зогсоосон байна. 2022 оны байдлаар цаазын ялыг халсан орны тоо 108 болж өссөн байна. Эдгээр улсын олон нийт цаазаар авах ялыг хуульчилсан аллага гэж үзжээ. 28 орон хуулийн заалттай боловч цаазлах ял оноохгүй болжээ. 8 улс тун онцгой тохиолдолд хэрэглэж байна. Хэдийгээр дэлхийн улсуудын олонх нь цаазаар ялах ялыг халсан ч дэлхийн хүн амын 60 гаруй хувь нь цаазаар авах ялыг хэрэглэдэг 56 улс оронд амьдарч байна: Хятад, Энэтхэг, Умар Солонгос, АНУ, Индонез, Пакистан, Бангладеш, Нигери, Этиоп, Египет, Иран, Саудын Араб, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Шри-Ланка зэрэг улсуудад цаазаар авах ялыг гүйцэтгэдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2007-оос 2018 оны хооронд цаазаар авах ялыг ирээдүйд бүрмөсөн халахыг зорьж, хэрэглэхээс түдгэлзэхийг уриалсан тогтоолыг 7 удаа гаргажээ.
Цаазаар авах төрлүүд
засварлахХүн төрөлхтний түүхэнд цаазлан хороох тоогүй олон арга бодож олсон гэдэг. Түүнээс өдий болтол хэрэглэж байгаа нь галт зэвсгээр буудах, цахилгаан сандалд суулгах, хортой тариа хийх, хорт хийгээр утах, толгойг нь цавчих, цулуугаар шидэх, ангал руу нисгэх зэрэг аргууд түгээмэл хэрэглэгддэг гэнэ.
- Дүүжлэх
Зориулалтын тавцан, модны мөчир төдийгүй, салан дээр зоосон шонд дүүжилдэг уламжлал зарим оронд эртнээс нааш байжээ. Үхдэл тээсэн сал голоор урсаж явахыг эрэг дээр байсан хүмүүс харж "хүмүүжнэ" хэмээн эрх баригчид үздэг байж. Өнөөдөр дэлхийн 50 гаруй орон дүүжлэн хороох ял оноож байна.
- Буудах
Хамгийн түгээмэл арга. Ихэнх оронд буудан хороох ялыг үнэ төлбөргүй хийдэг. Үүнийг тодруулдгийн учир нь фашист Германд цаазлуулсан хүний гэр бүлээр цаазын зардлыг нөхөн төлүүлдэг байсантай холбоотой ажээ. Иракийн эрх баригчид самуун дэгдээсэн курдуудыг цаазласны дараа гэр бүлээс нь 300 динар авдаг байсан ажээ. Сумны болон бууны элэгдэл хорогдлын төлбөр хийгээгүй хятадууд хамаатан садныхаа хүний цогцсыг авч чаддаггүй гэнэ.
- Толгой цавчих
Энэхүү хуульчилсан аллагыг гүйцэтгэхэд гүйцэтгэгчийн ур чадвар маш их үүрэгтэй. Хоёр зууны тэртээ Францын агуу их хувьсгалын үед нэг ээлжинд нэг хүн 60 гаруй толгой цавчиж ихээхэн цуцдаг байсан ажээ. Иймд доктор Ж.Гильотен гэгч зориулалтын машин бүтээж хувьсгалчдад тусалсан байна. 160 кг-ын жинтэй хурц хутга бүхий энэ төхөөрөмжийг зохиогчийнх нь нэрээр нэрлэжээ. ХХI зууны эхэнд хүний толгой цавчиж цаазлах ялыг зөвхөн Саудын Арабт хэрэглэж байна. Хар тамхины наймаачдыг цаазлах хууль 1980-аад онд гарсанаас хойш энэ улсад 100 гаруй хүний толгойг цавчжээ.
- Хорт тариа
АНУ-ын ихэнх мужид энэ аргыг хэрэглэдэг. Хүний судсаар орсон тариа ухаан алдуулж булчинг сулруулж, уушиг зүрхний ажиллагааг зогсооно.
- Хорт хий
Тусгай өрөөнд хорт хийгээр утах аргыг фашист Германд бус ЗСБНХУ-д санаачилжээ. Дотоодыг хамгаалахын ажилтан И.Д.Берг гэгч автомашины утааг тэвш рүү оруулан хэрэгтнүүдийг хордуулж хороох арга бодож олсон байна. Хорт хийн аргыг 1956 оноос АНУ-д хэрэглэж эхэлжээ. Цианит калийг хүчилд хийхэд ялгарах хийгээр хэрэгтнийг хордуулдаг байна.
- Цахилгаан сандал
Үүнийг агуу их зохион бүтээгч Томас Эдисон бүтээжээ. Түшлэгт сандалд суулгаж хүлсэн хүний толгой ба хөлд нь зэс электрод холбоно. 1900 вольтын хүчдэл өгөхөд хүний зүрх яаж ч тэсэх билээ. АНУ-д цахилгаан сандал дээр суулгаж хороох ялыг гүйцэтгэдэг.
- Чулуугаар шидэх
Хүн төрөлхтний эртний үед хүн болгон чөлөөтэй оролцох боломжтой "ардын цааз" байжээ. Одоо энэ аргыг зургаан улс хэрэглэдэг аж. Хэрэгтэнг шонд дүүжилж байгаад чулуу нүүлгэнэ. Эндээс хэрэгтний тархины гэмтэл нь үхэлд хүргэх гол шалтгаан болно.
- Хүчилд уусгах
Иракт энэ цаазыг хэрэглэдэг байжээ. Хүчлээр дүүргэсэн цементэн онгоцонд эхлээд хэрэгтний гар, хөлийг дүрнэ. Энэ аргаар Ливаны коммунист намын төв хорооны нарийн бичгийн дарга Ф.Хелүг цаазалжээ.
- Хаднаас шидэх
Манай эриний өмнөх үеэс уламжлагдсан энэ аргыг дэлхийн 2-р дайны үед фашист германыхан хэрэглэж байжээ. Дараа нь улаан хамгаалагчдын үед Хятадууд хэрэглэж байсан бөгөөд 770-аад жилийн өмнө Хубилай хааны Юниан мужид аваачсан монголчуудыг ингэж цаазалсан түүх байдаг. Харин одоо Исламын зарим орнууд энэ аргыг хэрэглэж байна.
Цаазаар авах ял оноох
засварлахДэлхийн 13 оронд хэрэгтнийг нас харгалзахгүй цаазалж байна. Үүнийг эрх чөлөөт АНУ-д хийдэг, тухайлбал Луизиана, Арканзас мужид 15 настай, Миссисипид 14-тэй, Флоридад 13-тай хүүхдийг цаазлан хороосон бол Иранд 10 настай хүүхдийг жирэмсэн эмэгтэйн хамт цаазалжээ. Сүүлийн арав гаруй жилд Ираны 13 хүүхэд хуульчилсан аллагад өртсөн байна. Ихэнх улсад эх орноосоо урвасан тохиолдолд ялын дээд хэмжээ оноодог. Зарим улс орон өөрийн зан заншлын өвөрмөц онцлогоо хадгалах зорилгоор цаазлах ялыг хэрэгжүүлдэг байна.
- Бусадтай энгэр зөрүүлсэн эхнэр хүн - БНАСАУ, Иран
- Янханчлах - Иран
- Хүн нэрээ гутааж арчаагүй амьдрах - Иран
- Tамхи татах явдал дөрөв дэх удаагаа давтагдвал - Иран
- Эрийг эмлэх - Иран, Мавритани
- Нэг бус удаа архи уух - Иран
- Садар самуун сурталчлах, янхны газар байгуулах, зуучлах, тамхи хулгайгаар хил давуулах, үхэр хулгайлах - Хятад
- Галдан шатаах - Марокко, Баруун Сахар
- Хар зах дээр наймаа хийх - Мозамбик
- Хүндрүүлэх нөхцөлд агаар, ус бохирдуулсан - Йемен
- Мухаммед бурхны нэрийг бузарлах - Пакистан
- Хар дом, хараал хийж хүний амь бүрэлгэх - Руанда
Цаазаар авах ял ба Монгол Улс
засварлахМонгол Улс 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээх болсон. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан байна. 1988-2005 хүртэл 800 гаруй хүнд Монгол Улсад цаазын ял оноосон байдаг юм.