Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн гарын алганд багтах хэмжээтэй зүйл юм. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, утгуурыг алт мөнгөөр урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч бий. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байжээ. Хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болжээ.

Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хоёр хүн тус тусын хөөргийг гарынхаа алган дээр хагас босоо барин солилцоно. Толгойг нь үл мэдэг онгойлгон өгөх бөгөөд эргүүлж өгөхдөө мөн тэр байдлаар нь буцаан барина. Солилцохдоо харшуулан дуугаргаж болохгүй бөгөөд эвдрэлцэхийн дохио хэмээн цээрлэдэг. Хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудалцсан хүмүүс эргэн уулзаж тамхилан санасан бодсоноо ярьж, бие биендээ өс санахгүй явъя хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж хөөрөг зөрүүлдэг ёсон бий.

Эрчүүд хөөргөө тохируулан урласан даалинд хийж бүсэндээ зүүх буюу өвөртлөн явна. Даалинг бөс даавуу, хоргой торго, булигаар савхи зэргээр хийж түүн дээр элдэв хээ угалз хатган чимдэг. Даалин бол эхнэр хүнийг хэр зэрэг уран шагладагийг, хадам нь бэрийнхээ оёдол хатгамалд хэр зэрэг уран болохыг шалгадаг шалгуур байжээ. Бөөрөөрөө нийлсэн хос хөөрөг ч байсан бөгөөд түүнийг ихэр хүүхэд төрсөн айлд бэлэглэдэг ёсон байв.

XYII зууны үед Европод орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд анх нэвтэрсэн гэдэг. Тэр цагт Мин улсын умардад худалдааны хамгийн сайн холбоотон нь Лигдэн хааны Монгол улс байв. Үүгээр дамжин хамрын тамхи татах зуршил Манж, Түвдээс өмнө Монголд нэвтэрч эхэлсэн бөгөөд хөөрөгний анх санаа нь хятад эм тангийн лонхноос гаралтай ажээ. Хамрын тамхи нь Хятад, Монгол, Манж, Төвд үндэстнүүдэд бараг зэрэг тархаж эхэлсэн тул эдгээрээс аль нэг үндэстнийх нь уугуул соёлд тооцогддоггүй. Манж нар монголчуудад хамрын тамхийг "чулуу өвөртлүүлэх гэж" зориуд тархаасан гэдэг бол хожим ХХ зуунд зохиосон үзэл суртлын худал цуурхал юм. Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал байдаг бол монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнэтэйд тооцогддог. Монголд ихэнхдээ хутагт хувилгаад, төрийн зарим дээд албан тушаалтны хэрэглээ байгаад хожим сүм хийдийг хориглосон социалист үед үнэ цэнээ алдаж хэрэглээ нь багасчээ. Хамрын тамхи түгэж хэвшсэн Азийн үндэстнүүдээс Монгол дахь хэрэглээ ихээхэн өвөрмөц бөгөөд хүндэтгэлийн шинжтэй, хамгийн түгээмэл баялаг заншил үлджээ. Тиймээс тамхилах ба хөөрөглөх соёл бол Монголчууд өөрсөддөө шинээр нутагшуулсан өвөрмөц соёлын нэг юм. Хамрын тамхи бараг зэрэг тархсан хятад, манж, төвдөд монголтой харьцуулбал явцуу хүрээнд бага тархаж, нийтийг хамарсан эрхэмлэх заншил чадсангүй. Ингээж үзвэл, Хөөрөглөх соёл нь бусад үндэстнээс илүү монгол түгээмэл тархсан өөрийн соёл юм.

Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, түвд, монгол гэсэн 4 хийц голлодог бөгөөд тэдгээрийг өөр хооронд нь ялгах, насыг нь тодорхойлох тийм ч амаргүй байдаг. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг ажээ. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнэтэйд тооцогддог байна. Хаш чулуу 7 төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийг бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна. Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар Сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна. Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудаг ажээ