Хөндлөнгийн хүн
Хөндлөнгийн хүн (Франц: L’Étranger) нь Нобелийн шагналт зохиолч Альбер Камюгийн тууж юм. 1944 онд анх франц хэлээр хэвлэгдсэн тус тууж 2007 онд Цэнгэлийн, 2008 онд Лхагвадуламын орчуулгаар монгол хэлээр хэвлэгджээ.
Агуулга
засварлахЭнэхүү номд Алжир хотын жирийн нэг албан хаагч Мерсо хэмээгч залуугийн өдөр тутмын нэг хэвийн амьдрал гардаг. Эх нь нас барж түүнийгээ оршуулдаг. Мерсо залуу бүсгүйтэй холбогддог. Тэр хүүхэнтэй учир ургуулсандаа харамсдаг ч үгүй, сүйд майд болж дурладаг ч үгүй. Ням гарагт өглөө сэрэнгүүтээ орноосоо босдоггүй, талхандаа явахаас ч залхуурдаг, шарсан өндгөө хайруулын тавагнаас нь иддэг, тамхи угсруулан татдаг ийм л хүн. Түүнийг уйтгарладаг гэж хэлж болохгүй; цаг нөгцөөж; ганц олдсон амьдралаа дэмий үрж байгаа хүн. Энийгээ ч ухамсарладаггүй. Эхийнх нь оршуулга тун ч эгэл даруу, эмгэнэл гашуудал гэхээр юмгүй болж өнгөрнө. Нар шараад, жигтэйхэн халуун. Оршуулгын товчооны ажилтан алчуур гарган хожгор толгойгоо арчингаа тэнгэрийг заан “Энэ балбаад байна шүү дээ” гэхэд нь Мерсо “Тийм ээ” гэж хариулж байна. Жаахан байзнасны дараа “энэ танай ээж юм уу?” гэж асуухад нь мөн л “Тийм ээ” гэж хэллээ. “Настай хүн байсан юм уу?” гэж лавлахад нь “За тийм л дээ” гэж хариулсан, учир нь эхийнхээ чухам хэд насалсныг тэр мэдэхгүй байсан юм. Оршуулгын тэрэгний зүгээс адууны хомоол, чий, гүгэлийн үнэр ханхалж байна. Мерсогийн ганц бодож буй юм нь ажил явдлыг дуусахтай зэрэг Алжир хотдоо буцаж орондоо орон арван цаг унтах. “Ээжийг хөдөөлүүлчихлээ. Ажил явдал нь дууслаа”. Товчдоо Мерсо бол тэмцэж босохынхоо өмнө байгаа утга учиргүй хүн юм. Өөрөөр хэлбэл тэр өдөр тутмынхаа амьдралд баригдсан бүхий л хүмүүсийн нэгэн адил. Үүнийгээ Мерсо төдий л анзаардаггүй.