Хүн судлал буюу Антропологи (Англиар Anthropology; Оросоор Антропология) гэдэг нь хүн, хүн төрөлхтөнийг судлах байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан юм. 1501 онд Германы гүн ухаанч Магнус Хундт Антропологи (эртний Грек хэлний антропос хэмээх ἄνθρωπος, "хүн", -логиа хэмээх λογία, "судлал") гэдэг нэр томьёог анх хэрэглэсэн.

Хүний гавал.

Антропологийн үүсэл хөгжил

засварлах

XIX зуунд Францын их сэтгэгч Аугусте Комте (Auguste Comte 1798-1857) хүний нийгмийг судлах шаардлага байгааг дурдаад ийм судалгааг анх социологи (sociology) буюу “нийгэм судлал” (Hendry 1999: 8) гэж нэрлэх санал тавьснаас хойш нийгмийн шинжлэх ухаан бусад шинжлэх ухааны адил хөгжлийн алхамаа эхэлж байдаг. XIX зууны төгсгөл XX зууны эхэн үеэс энэ санаа улам нарийвчлан салж “нийгэм судлалаас” гадна бас түүнтэй төстэй “нийгэм-соёлын антропологи” (social-cultural anthropology), этнологи (ethnology), этнографи (ethnography) зэрэг бусад хүний нийгэм, соёлыг судалдаг салбар ухаанууд дор дороо Европын улс орнуудад гарч ирсэн байна. Антропологи, этнологи, этнографийн “нийгэм судлалаас” ялгарах гол онцлог нь тэдний арга зүй болон судлагдахуун байлаа. Судлагдахууны хувьдаа “нийгэм судлал” ихэвчлэн өөрийн оршин буй нийгмээ, нийгмээсээ хүнрүү чиглэсэн арга зүйгээр судлаж байсан бол антропологи, этнологи, этнографи ихэвчлэн өрөөл бусад үндэстэн угсаатнуудыг хүнээс нь нийгэмрүү чиглэсэн арга зүйгээр судалж эхэлсэн байдаг. Энэ утгаараа антропологи, этнологи хоёр “нийгэм судлалаас” эрс ялгарч бие даасан салбар ухаан болон хөгжсөн нь XX зууны эхэн үе болно.

Францын этнологи

засварлах

Хэдий этнологи, sex ba gome антропологи гэдэг нэр томъёог хэрэглээгүй ч тэдэнтэй төстэй судалгаа хийж ялангуяа тэдний арга зүйг мэр сэр дурдсан тохиолдлууд байдаг. Францын судлаачид, гүн ухаантнууд бусад үндэстэн угсаатнуудын нийгэм, соёлыг сонирхон бичиж эхэлсэн анхны баримтууд бүр XVI зууны үеийн сэргэн мандлын үед хамаардаг байна. Үүний төлөөлөгчид нь Рабелес (Rabelais) буюу түүний дундад зууныхны сэтгэлгээний хэв маягийн тухай “угсаатны зүйн” (ethnography) ажил, мөн Монтайны (Montaigne) хүний махан хүнстэнгүүдийн тухай тэмдэглэл зэрэг болно (Leavitt 1996: 243).

1799-1804 оны хооронд Францад дэлхийн үндэстэн, угсаатнуудыг судлах “Хүмүнийг ажиглан шинжих нийгэмлэг” байгуулагдаж байжээ. Дараахан нь Францын хувьсгалаас дутаан одсон санваартан Дүбуа (Dubois) өмнөд Энэтхэгт хүрч суурьшин Энэтхэгчүүдийн ёс заншилын тухай бичиж үлдээжээ. Тэрээр тэр үеийн Европын судлаачдыг бусад үндэстэн, угсаатнуудыг судлахдаа нутагт нь очиж амьдрал дээр нь үздэггүй Европосоо судламар болж судлагдахуунаа бүрэн таньж мэдэлгүй өнгөцхөн онол гаргаж байдаг гэж шүүмжилж байжээ. Харин тэрээр өөрөө Энэтхэгчүүдийг судлан ойлгохын тулд тэдний итгэл найдварыг олох хэрэгтэйг ухаарч, тэгэхийн тулд яг тэдэн шиг аж төрөн, өмсөж зүүх эдэлж хэрэглэн энэ арга нь ч амжилтанд хүрсэн гэж өгүүлжээ. Тэрээр олон зүйл дээр ой нь гутаж байсан хэдий ч тэсэн өнгөрсөнөөр тэдний дунд нэвтрэн орж аль ч давхрааныхны итгэлийг олоод ямарч эртний нууцад нь нэвтрэх боломжтой болсон тухайгаа бичиж үлдээжээ (Deliege 1992: 57-58). Энэ бол түүнээс зуугаад жилийн дараа бий болсон антропологи, этнологи, этнографийн гол судалгааны арга болох “биечлэн дагах” арга зүй байлаа. Ингээд XIX зууны дунд үеэс Францууд энэ салбар ухаанаа этнологи гэж нэрлэж хэвшсэн бөгөөд энэ нь үндэстэн угсаатнуудыг ойлгож мэдэхийн тулд тэдний хэл, соёлыг судалдаг ухаан болсон байна (Leavitt 1996: 244).

Оросын этнография

засварлах

Оросын цагаан хааны үед тэд өөрсдийн мэдэлд байсан Сибирийн ард түмнүүдийг судлан, бүртгэн тоочих ажил хийж түүндээ Германы судлаачдыг оролцуулж байсан тухай өмнө өгүүлсэн билээ. Үүнийг оруулаад өнөөг хүртэл Оросын этнографийг хөгжлийн гурван үе шат болгон хуваан үздэг байна. Эхнийх нь үе дээр дурдсан хувьсгалаас өмнөх хаант засгийн харъяалалдаа буй угсаатнуудыг бүртгэн баримжуулах ажил байсан бөгөөдл энэ нь XVIII зуунд эхэлж XIX зуун гэхэд бие даасан байгууллага болон өргөжиж өөрийн гэсэг эрдэм шинжилгээний сэтгүүл, музейтэй болсон байна. Дараагийн хоёр дахь шат бол хувьсгалаас хойших үе бөгөөд энэ нь Марксист онолд тулгуурласан, Ленинист бодлого баримталсан этнографийн судалгааны үе байжээ. Гурав дахь шат нь одоо дөнгөж эхэлж байгаа бөгөөд Марксисмаас хойших буюу 1990-ээд оноос хойш Зөвлөлтийн засаглал задран нээгдэж этнологи, антропологийн олон онолын чиг баримжаа бий болон Марксист үзэл бол тэдний зөвхөн нэг нь болон үлдэж байгаа өнөө үе юм (Tishkov 1996: 493-495). Үүний тодорхой жишээ бол тэд этнографи гэдэг нэр томъёог өөрчлөн өргөжүүлэх зорилгоор этнологи, антропологи гэсэн нэр томъёонуудыг авч хэрэглэж эхэлсэн явдал юм.

Англи, Америкийн нийгэм-соёлын антропологи

засварлах

Харин Англи, Америкт янз бүрийн үндэстэн угсаатны нийгэм, соёлын олон зүйлийг тэр зүйл бүр дээр нь биш харин түүнээс илүү түүн доторх хүн дээр төвлөн судална гэсэн чиг хандлага бий болгож антропологи буюу “хүн судлал” гэж нэрлэжээ. Ингэхдээ Англид “нийгмийн хүн судлал” (social anthropology) гэх болж харин Америкт “соёлын хүн судлал” (cultural anthropology) хэмээн нэрлэж заншсан байна. Америкийн хүн судлалын эцэг гэгдэх Германы Еврей цагаач Франц Боас (Franz Boas 1858-1942) 1890-ээд оноос Америкийн уугууль иргэдийн соёлыг судалсан. Ингээд өөрийн судалгаагаа соёлын судалгаа гэж тодорхойлж байсан бөгөөд соёл гэдэг бол аливаа судлагдахууны дотоод мөн чанар мэтээр үзэж байжээ (Kroeber and Kluckhohn 1952). Энэ нь цаашлаад тэдний “хүн судлалыг” “соёлын хүн судлал” хэмээн нэрийдэхэд хөтөлсөн байна. Дараахан нь Английн хүн судлалын үүсгэгчид гэгдэх Польш гаралтай эрдэмтэн Бронислав Малиновский (Bronislaw Malinowski 1884-1942) Номхон далайн Тробрианд (Trobriand) арлынхныг, Алфред Режиналд Радклиффе-Броун (Alfred Reginald Radcliffe-Brown 1881-1955) Бенгалийн тохой орчмын Андаман (Andaman) арлынхны жишээн дээр нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагааг (functionalism, structural functionalism) голлон судалсан нь (Hendry 1999: 9) тэдний “хүн судлалыг” “нийгмийн хүн судлал” хэмээн нэрлэхэд хүргэсэн байна. Түүхийн энэ шатанд хүн судлалын энэ хоёр дэг сургуулийг ихэд ялгаатай мэтээр маргаж 1930-аад онд их хурцдасан байна. Нийгмийн хүн судлаачид соёлын хүн судлаачдыг “соёл ба хүний зан төлөвийг” л судалдаг хэмээн буруу ойлгож байсан бол соёлын хүн судлаачид нийгмий хүн судлаачдыг соёлын хүн судлалын нэгэн жижигхэн хэсэг буюу бүхэл цогц зүйлийн жаахан хэсгийг тасалж аван цогц байдлыг нь алдуулан судалдаг мэтээр буруу ойлгож байжээ (Wood 1997: 18). Америкийн хүн судлаачид Английн хүн судлаачдийг нийгмийн бүтэц тогтолцоо, үйл ажиллагаа гэсэн өнгөц, энгийн, амар хялбар зүйл судалдаг хэмээн тохуурхаж, харин өөрсдийн “соёлын хүн судлалаа” аливаа зүйлийн гүн гүнзгий утга мөн чанарыг судалдаг мэтээр ойлгоцгоож байсан гэдэг. Харин 1970 оноос хойш тэдний хоорондын ялгаа зөрөө арилж одоо бол харин ийм далд, өнгөцийн эсвэл бүхэл, тусгайгийн ялгаагүй гэдэг нь тодорхой болон нотлогдож эвлэрсэн байна. Хэдий тийм боловч одоо хэр хэрвээ хэн нэг нь энэ хоёрыг өөр гэж үзвэл “соёлын хүн судлал” хүмүүсийн мэдлэг, зан заншил, байгууллыг бүрэн цогц байдлаар судалдаг байхад “нийгмийн хүн судлал” бол харин нийгмийн харилцааны аль нэгэн тодорхой хэсгийг тухайлбал, шашныг, улс төрийг, эдийн засгийг, ураг төрлийг ч юмуу судалдаг (Wood 1997: 17) гэж ялгадаг байна.

Монгол угсаатны зүй

засварлах

Антропологи, этнологи, этнографи гэхчилэн харилцан адилгүй нэршиж тогтсон салбар ухаан Орос, Англи, Герман, Францад зэрэгцэн хөгжиж эхэлсэн байна. Этнологи болон этнографи гэдэг нэр томъёо л гэхэд 1820-оод он хүртэл Франц хэлэнд орж ирээгүй байхад Англи хэлэнд өмнө энэ үг мэр сэр хэрэглэгддэг байсан ч Оксфордын толь бичигт анх 1834 оноос орсон байна (Wood 1997: 157). Ингээд XX зууны эхнээс харь улс, үндэстний нийгэм, соёлыг судалдаг ухаан маань утга хэлбэр, чиг хандлагаа тогтоож эхлэн анхны хүн судлаачид, угсаатан судлаачид төрж эхэлжээ. Хэдий нэгэн зорилго чиглэлтэй адилхан ухаан байсан боловч өөр өөрийн бие даасан үүсэл хөгжлийн жамаараа ондоо ондоогоор нэрлэгдэх болсон байна. Үүнд, Герман, Франц, Орост янз бүрийн үндэстэн угсаатны судалгаа гэдэг утгаараа этнологи буюу ялангуяа Орост этнографи гэж нэрлэгдэх болжээ. 1950-аад оноос Монголд Оросоор дамжин дэлгэрч тэдний этнографи гэдэг нэр томьёо болон түүний Монгол орчуулга “угсаатны зүй” гэдэг үгийг бид мэдэх болсон.

“Соёлын хүн судлал”, “нийгмийн хүн судлал” хоёр өнөөгийн өндөрлөгт ялгаа зөрөө бараг үгүй болон нэгэн салбар ухаан болохыг ихэнх судлаачид зөвшөөрсөн байхад харин “хүн судлал”, “угсаатны зүй” хоёр ингэтлээ ойртон нэгдэж чадаагүй гэж үзэж болно. Англи, Америкийн хүн судлалын уламжлалаас гадна этнологи буюу “угсаатан судлал”, этнографи буюу “угсаатны зүй” бие даан зарим талаар тусгай салбар ухаан болон Франц, Герман, Орос зэрэг орнуудад түлхүү хөгжиж байлаа. Антропологи, этнологи, этнографи анх ерөнхий чиг хандлага нь янз бүрийн үндэстэн угсаатнуудын нийгэм соёлыг судлах нэгэн зорилготой, нэгэн арга зүйтэй байсан хэдий ч сүүлрүүгээ зарим оронуудын уламжлал холдон хөндийрч тус тусдаа бие даасан шинжлэх ухаанууд болон хөгжжээ. Энэ нь магадгүй хэлний ялгаа зөрөөнөөс болсон байх магадлал өндөр юм. Англи, Америкийн антропологи нэгэн хэлээр зангилагдаж байхад Европын этнологи, этнографид ийм боломж байгаагүй нь тодорхой юм. Цаашилбал, Франц, Герман, Оросын этнологи, этнографи тус тусдаа өргөжин хөгжсөн бөгөөд энэ хирээр ялгаа зөрөө нь улам ихэссэн байна. Оросын этнографи, хуучин зүүн Германы “ардын билигийг” бодвол Баруун Европ болон Францын этнологи (ethnologie) Англи, Америкийн антропологитой харилцаа холбоо ихтэй нэгэн онол, арга зүйг чамгүй хуваалцаж байсан нь энэ хоёр нэгэн дэг сургуулийн түүхэн хөгжлөөс илэрхий байдаг. Хамгийн энгийн баримт жишээг дурдвал Англи хэл дээр орчуулагдаад “хүн судлалын” тулгуур сурах бичигт ордог Герман, Францын хүн судлаачдын бүтээл олон байхад харин Оросын хүн судлаачдын орчуулагдсан бүтээл гэх зүйл харьцангуй цөөн байна.

Этнологи болон антропологийн ирээдүйн чиг хандлага

засварлах

Дүгнэж үзвэл, “угсаатны зүйн” цаашдийн чиг хандлагыг антропологи юмуу этнологи гэж нэрлэх нь зохимжтой гэдэг тодорхой юм. Харин эндээс алийг нь сонгож авах вэ гэдэг бол бидний дараагийн асуудал болж байна. 1995 оноос хойш этнологи гэсэн сонголт хийсэн нь зөв зүйтэй шийдэл байсан боловч бас дутагдалтай талууд нэлээд байна. Учир нь дэлхий дахинд этнологи гэдэг нэр томъёо улам шахагдаж антропологи гэдэг нь хүчтэй түрэн орж ирж байгаа нь олон жишээн дээрээс тодорхой байдаг. Этнологи гэдэг үг антропологи гэдэг утгаар хамгийн хүчтэй хэрэглэгдсээр ирсэн Франц хэлтнүүд л гэхэд сүүлийн үед энэ хоёр нэр томъёог хосоор хэрэглэх эсвэл заримдаа дан антропологи гэж хэрэглэх тохиолдол нэлээд түгээмэл болоод байна. Тухайлбал, Францын энэ мэргэжилийн томоохон толь бичиг нь “Этнологи, антропологийн толь бичиг” (Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie 1991) гэх буюу голлон үздэг сурах бичиг нь “Нийгэм, соёлын антропологи” (Anthropologie sociale et culturelle 1992) гэсэн нэртэй байна.

Түүнчлэн хэдий энэ хоёр нэр томъёо ялгаагүй нэгэн зүйлийг нэрлэж байгаа гэж ном сурах бичиг, нэр томъёоны толиудад санал нэгтэй хүлээн зөвшөөрөх боловч аль нэрийг нь хэрэглэж байна тэр дэг сургуулийг баримталж дэмжиж байна гэсэн санаа болдог. Тодруулбал, бид монголоор “соёлын хүн судлал” англиар cultural anthropology гэдэг нэрийг авч хэрэглэвэл дэлхийн хүн судаалчид биднийг Америкийн, харин “нийгмийн хүн судлал” буюу social anthropology гэвэл Английн, этнологи (ethnology) гэвэл Францын дэг сургуулийг баримталж байгаагаа илэрхийлэхийн нэгэн хэлбэр болно.

Дээрх хоёроос гадна бас нэгэн албан бус зөрөө ажиглагдаж байдаг. Олонх нийгэм-соёлын хүн судлаачдын хувьд Оростой шинжлэх ухааны хэлхээ холбоо зузаантай тухайлбал Монголд этнологи гэдэг нэр томъёо хэрэглэхэд нэгд, Францын бус харин Оросын дэг сургуулийг дагаж байна гэж хүлээн авах магадлал өндөр бөгөөд хоёрт, Орос, Монголд нэгэнтээ олон жил этнологи биш этнографи байсан гэдгийг мэдэх тул тэр утгаараа бидний шинэчлээд өгсөн этнологийг этнографи хэмээн хандсаар байх нь түгээмэл байдаг.

Монголд өдий болтол байсан этнографи дээр суурьлан этнологи, антропологийг цэгцтэй бүрэн бүтнээр нь хөгжүүлэхэд бид аль нэгэн их соёлын дэг сургуулийг сонгон дагах нь олон оронд байгаа энэ салбар ухааныг нэгтгэн ойртуулах гэсэн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг сөрсөн хэрэг болохын сацуу дэндүү хязгаарласан, мөн манайх шиг бага улсад бодлогын хувьд ашиггүй, зөв зүйтэй сонголт биш юм. Түүнчлэн, нэгэнтээ шахагдан өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд антропологи гэдэг үгийг хамт хэрэглэхдээ хүрээд байгаа этнологи гэдэг нэр томъёог хэрэглэх нь ч туйлын зөв шийдэл биш болж таарч байна. Харин түүний оронд нэгэнтээ дэлхийн олон оронд хүчтэй дэлгэрч байгаа олон улсууд хүлээн зөвшөөрч, танин мэдэж байгаа антропологийг авч хэрэглэх нь зөв зүйтэй юм. Ингэхдээ дангаар нь антропологи гэж хэрэглэвэл антропологийн салбар ухаанаас ялгарахгүй, тухйалбал биологийн антропологиос ялгагдахгүй болох тул түүнийг тодотгож “нийгэм-соёлын” гэдэг нэмэлтийг нь хамт хэрэглэх нь зүйтэй болов уу. Энэ нэрийн давуу тал нь нэгд, биднийг этнологи ялангуяа Орос, Монголд дангаараа байсан этнографитай хольж солихгүй; хоёрт, энэ нэр нь аль нэгэн дэг сургуулийг онцлоогүй олон улсад хэрэглэгдэж байгаа тул бидний уялдаа харилцаа олон улсын түвшинд уян хатан альч улсын энэ салбарын байгууллагатай харьцах боломжийг нээж өгнө; гуравт, нэгэнт дэлхий нийтийн хэл болж байгаа англи хэлээрх бүхий л үйл ажиллага, судалгаа шинжилгээнд ойртоно гэхчилэн олон зүйлийг дурдаж болно.

Мөн үзэх

засварлах
  • Бадамхатан С. 2005. Эрдэм шинжилгээний бүтээлүүд, 3-р боть, Улаанбаатар: Монголын үндэсний түүхийн музей.
  • Barnard A., Spencer J. 1996. Encyclopedia of Social and Cultural Anthropology (Нийгэм, соёлын хүн судлалын нэвтэрхий толь). London: Routledge.
  • Bonte P., Izard M. 1991. Dictionaire de l’ethnologie et de l’anthropologie (Этнологи, Антропологийн толь бичиг). Paris: Presses Universitaires de France.
  • Bulag, Uradyn E. 1998. Nationalism and Hybridity in Mongolia (Монгол дахь үндэсхэрхэг үзэл ба эрлийзжилт). Oxford: Clarendon.
  • Deliege R. 1992. Anthropologie sociale et culturelle (Нийгэм, соёлын хүн судлал). Bruxelles: De Boeck University.
  • Dostal, W., Gingrish, A. 1996. German and Austrian Anthropology. Barnard A., Spencer
  • J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
  • Hendry J. 1999. An Introduction to Social Anthropology: Other People’s Worlds (Нийгмийн хүн судлалын удиртгал: Өөр хүмүүсийн ертөнц). London: Macmillan Press.
  • Kottak C. P. (1974) 2004. Anthropology: The Exploration of Human Diversity. Montreal: McGraw-Hill.
  • Leavitt, John. French Anthropology. 1996. Ethnography (Этногафи). Barnard A.,
  • Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
  • Лурье С.В. 1999. Историческая Этнология. Москва: Аспент Пресс.
  • Sanjek R. 1996. Ethnography (Этногафи). Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
  • Садохин А. П., Грушевицкая Т.Г. 2000. Этнология. Москва: Высшая Школа.
  • Tishkov, Valery. 1996. Russian Anthropology. Barnard A., Spencer J. нарын эмхэтгэсэн Encyclopedia of Social and Cultural Anthropology дотор. London: Routledge.
  • Wood P. W. 1997. Ethnography and Ethnology. T. Barfield-ийн эмхэтгэсэн The Dictionary of Anthropology (Хүн судлалын толь). Oxford: Blackwell Publishing.

 

Энэ шинжлэх ухааны тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.