Хүн амын тооллого

Засаг захиргааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх зэрэгт ашиглах зорилгоор улсаас 10 жил тутамд нийт орон даяар нэгэн зэрэг явагддаг хүн амын судалгаа. Энэ нь улсад оршин суугаа болон түр ирээд байгаа болон гадаад иргэдийг ч бас хамарсан нийт иргэд оршин суугчдын тоо, хөдөлгөөн, хөдөлмөрийн байдал гэх мэт мэдээллийг олох зорилготой ч хувь хүний мэдээллийг цуглуулж хэрэглэж ашиглахыг хориглосон байдаг.

Мөн 5 жил тутамд товч судалгаа хийгддэг. Анхны ийм судалгаа нь 1920 онд явагджээ.

Хүн амын тооллого нь 200 гаруй жилийн тэртээгээс тодорхой давтамжтайгаар явагдаж, үр дүн нь албан ёсоор тэмдэглэгдэж иржээ.

Монгол улсад хүн амын тооллого XX зууныг хүртэл тогтмол явагдаж байгаагүй бөгөөд XX зууны анхны тооллого 1918 онд явагдсан байна. Дараа нь 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онуудад ээлжит тооллогуудыг явуулсан юм.

Богд хаант Монгол Улсын үед буюу 1918 онд Оросын эрдэмтэн И.М.Майский-гийн шинжилгээний анги Монгол улсын нийт хүн амыг тоолж монголчууд 542.5 мянга, хятадууд 100 мянга, оросууд 5000 гэж тооцож нийт 647.5 мянга хүн амтай гэж үзсэн байдаг. О.Пүрэвийн “Монгол Улсын төр, хүн ам, эдийн засгийн түүхэн газар зүй” бүтээлд И.М.Майскийн тооцоонд тусгагдаагүй хүн амын дундаж тоо 38.1 мянга гэж тооцсоны дотор Алтайн урианхай 17.4 мянга, Казах 45.2 мянга, Торгууд 3.2 мянга, Дарьганга 1.2 мянга, Хөвсгөлийн урианхай 1.3 мянга, нийт 68.3 мянга байсан гэж дурьджээ.

1921 оны Ардын хувьсгалын дараа Монгол Улсын Нутгийн захиргааны дүрэмд “Орон нутгийн засаг захиргааг арван гэр, баг, сум, хошуу, аймаг, гэж хуваарилан дүрмийн ёсоор арван өрхөөр нэг арван, тавин өрхөөр нэг баг, зуун тавих эрх, аж ахуйтнаар нэг сум байгуулж хүн амыг нас, хүйсээр нь бүртгэнэ” гэжээ. Эдгээрийн үндсэн дээр 1921-1923 оны үед малын тоо, толгойг тоолж тодорхойлох, албан татвар ногдуулах зэрэг төрийн бодлогтой уялдуулан хүн амын тоог тогтоодог байсан бөгөөд энэ нь орон нутгийн засаг захиргааны хүрээнд явагдаж байсан байна.

Монгол Улс ХХ зууны туршид 10 удаа (1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000, 2010 онуудад) хүн амаа тоолжээ.

Харин 1924 онд Засгийн газраас Дотоод явдлын яамны дэргэд “Эдийн засгийн хэлтэс”-ийг байгуулснаар 1925 оноос эхлэн 1935 он хүртэл улсын хүн амын тоог жил бүр малын тоотой хамт гаргах болсон байна.

1926 оны 10 дугаар сарын 15-нд Засгийн газрын эрхлэх товчооны хурлын тогтоолын 3 дугаар зүйлд “эр, эм бололцохоор санаа тохирч батлуулахыг хүсч мэдүүлэх өргөдөл бичиж өөрсдийн гарын үсгийг тавьж батлан мэдүүлбээс зохих ба мөн харьяат хотын захиргааны газраас ёсоор болгож баталсан тухайн хариуг зохигчдод бичиж, хуудас тушааж, хойч өдрийн бат баримт болгон ...” хэмээн зааснаас үзвэл гэр бүлийн бүртгэлийн талаар гарсан анхны албан ёсны түүхэн баримт гэж хэлж болно.

1935 оны хүн амын тооллогоор 738.2 мянган хүрсэн байна.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1940 онд Дотоод явдлын яамны Улсын цагдан сэргийлэх газарт паспортын албыг 6 хүний орон тоотой, Сайд нарын Зөвлөлийн 1941 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хотын захиргаанд ажиллаж байсан гадаадын харьяат нарыг бүртгэх паспортын хэлтсийг Улсын цагдан сэргийлэх газарт шилжүүлж, паспортын хэлтэст гадаадын харьяат нарыг бүртгэх, зөвшөөрөл олгох визийн тасгийг байгуулснаар паспорт бүртгэлийн бие даасан алба бий болжээ.

1944 онд 759.1 мянган хүн тоологдож, 9 жилийн дотор 21.3 мянган хүнээр нэмэгдэж жилийн дундаж өсөлт 0.32 хувьтай байжээ.

1950 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар баталсан “Гэрлэлт ба гэр бүл, асрамж, тэтгэмжийн хууль”-ийг биелүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1950 оны 12 дугаар сарын 8-ны өдөр “Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагыг байгуулах тухай” 286 дугаар тогтоол гарч, 1951 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөн явуулахаар шийдвэрлэн, бүртгэлийн маягтын загваруудыг баталж, аймаг, хотод бүртгэлийн ажлыг эрхлэн явуулах товчоодыг байгуулж, хүн амын бүртгэл байршлыг тогтоож, гэр бүл болон хүүхэд төрсний гэрчилгээ олгож эхэлсэнээр иргэний бүртгэлийн байгууллагын гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн байна.

Иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг товчоодын эрхлэгч, сумдад сумын захиргааны нарийн бичгийн дарга нар, нарийн бичгийн даргагүй бол сумын захиргааны дарга нарт тус тус хариуцуулжээ.

Хүн амын 1956 оны тооллогыг бие даасан мэргэжлийн байгууллага явуулсан бөгөөд тэр үедээ аргачлал, хөтөлбөрийн хувьд нэлээд боловсронгуй болсон гэж тооцогддог.

1956 онд 845.5 мянган хүнтэй болж, 12 жилийн дотор 86.0 мянган хүнээр нэмэгдсэн нь эерэг үзүүлт бөгөөд дайн дуусаж, улс орон тайван замаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийг хөгжүүлэх таатай нөхцөл бүрэлдсэн. 1956 оны хүн амын тооллогыг статистикийн байгууллага явуулсан бөгөөд аргачлал, хөтөлбөрийн хувьд өмнөх үеэсээ нэлээд боловсронгуй болсон байна.

1960 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1940 оны “Иргэний паспортын дүрэм, заавар”-ыг хүчингүй болгож, нийгмийн хэв журам сахиулахад иргэний паспортын үүрэг ролийг өндөржүүлж, хүн амын бүртгэл, ялангуяа хот, суурин газрын хүн амыг журамлах, засаг захиргаа завсардагсад, эрхэлсэн ажилгүй хүмүүсийг илрүүлэн хөдөлмөрт оруулах зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1960 оны 163 дугаар тогтоолоор “Иргэний паспортын шинэ дүрэм, заавар”-ыг баталж, мөрдүүлсэн нь зохих ач тусаа өгчээ.

1963 онд анх удаа 1017.1 мянга буюу нэг сая хүнтэй болж, жилийн дундаж өсөлт 2.7 хувьд хүрчээ. Шинэ шинэ дэвшилтүүдийг 1963 оны тооллогоор нэвтрүүлсэн, жишээлбэл тооллогын үйл ажиллагааг хурдасгах болон тооллогын аргачлалыг улам сайжруулах зорилгоор анх удаа цахим тооцоолуур машиныг ашигласан байна. Уг тооллогын хөтөлбөрийг Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл (ЭЗХТЗ)-ийн гишүүн орнуудын аргачлалын дагуу боловсруулсан байна.

1969 онд 1197.6 мянган хүн амтай болсон. Жилийн дундаж өсөлт 2.8 хувь болжээ.

1969, 1979, 1989 оны тооллогыг ЭЗХТЗ-өөс /СЭВ/ гаргасан аргачлалын дагуу явуулсан. Мөн түүнчлэн НҮБ-ын зөвлөмжийн дагуу эдгээр тооллогыг 10 жилд нэг удаа явуулснаас гадна орон сууцны талаархи асуултуудыг нэмж оруулсан байна. Хүн ам, орон сууцны 1979 оны тооллогоос эхлэн тооллоготой хамтруулан хүн амын зарим бүлгийн дотор тодорхой сэдвээр өргөн хүрээтэй асуулгаар түүвэр судалгаа явуулж байв.

Тухайлбал 1979 оны тооллоготой хамт аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ажиллагч “Ажилчин”, “Малчин”-ы судалгааг, 1989 онд ажил эрхлээгүй хүн амын судалгаа, нөхөн үржихүйн асуудлаар эмэгтэйчүүдийн дунд түүвэр судалгааг явуулсан байна.

1974 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны Улс төрийн товчоо хүн амын бүртгэл, судалгаа, түүнд тавих хяналтыг сайжруулахын тулд улсын хэмжээгээр паспортжуулах ажлын бэлтгэл хангахыг Сайд нарын Зөвлөлд даалгасны дагуу “Бүх иргэдийг паспортжуулах тухай”, БНМАУ-ын паспортын дүрэм, заавар, паспортын хэлтсийн дүрэм, паспортын байцаагч нарын ажлын заавар, хаяг, лавлагааны ажлын заавар гэх мэт тогтоол, дүрэм, заавар зэрэг эрх зүйн актыг боловсруулсанаар паспортын хэлтсийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн үндэс шинэчлэн бүрдсэн байна.

Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 42 дугаар тогтоолоор иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх ажлыг удирдан зохион байгуулах үүргийг Шүүх яаманд хариуцуулж, тус яаманд иргэний гэр бүл, нотариатын хэлтэс, аймаг, хотын гүйцэтгэх захиргаанд иргэний гэр бүл, нотариатын товчоог байгуулжээ.

1979 онд 1595.0 мянга болсон нь Монгол улсын хүн амын өсөлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм. НYБын зөвлөмжийн дагуу тооллогыг 10 жилд нэг удаа явуулдаг болсон.

1989 оны тооллогоор 2044.0 мянган хүн тооллогдсон. Энэ хугацаанд БНМАУ хоёр сая иргэнтэй болсон. 1988 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн 25 хүүхдийг 2 сая дахь иргэн хэмээн батламжилсан.

Монгол Улсын хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллого нь өмнөх тооллогуудаас ихээхэн онцлогтой болж өнгөрсөн. Энэхүү тооллого нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж байгаа үед хийгдсэн анхны тооллого болсны хувьд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг шинэчлэн өөрчлөх шаардлагыг тусгах хэрэгтэй байв. 2000 оны тооллого нь НҮБ-ын удирдамж, зөвлөмжүүдийг голчлон удирдлага болгосон тул олон улсын стандартад нийцсэн, Монгол улсад явагдсан анхны орчин үеийн тооллого болсон гэж үзэж болно.

2000 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар 2.373.493 хүн Монгол Улсын байнгын оршин суугчаар тоологдсоны дотор 1.177.981 нь эрэгтэйчүүд, 1.195.512 нь эмэгтэйчүүд байна. 1989-2000 оны хоорондох 11 жилд хүн ам 16,1 хувиар өссөн нь жилийн дундаж өсөлт нь 1,4 хувь болж байна. Өсөлтийн энэ хувь урд өмнөх тооллого хоорондын өсөлтийн хувьтай харьцуулахад ихээхэн доогуур байгаа юм. 1956 оноос хүн амын жилийн дундаж өсөлт огцом нэмэгдэж, 1989 он хүртэл жилийн дундаж өсөлт 2.5 хувиас дээш байлаа. 2000 оных төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих шилжилтийн үед хийгдсэн анхны тооллого харин 2010 оны тооллого нь төлөвлөлт, газар зүйн зураглал, мэдээлэл цуглуулах, тархаах үйл явцад газар зүйн мэдээллийн (GIS) санг шинээр ашиглаж, тооллогын бэлтгэл ажлын хүрээнд олон улсын жишгийн дагуу тооллого явуулах мастер төлөвлөгөө гарган ажиллах зэргийг дурьдаж болно.

2010 оны тооллогоор 2.754.6 мянга болсон. Харин 2015 онд 1 дүгээр сарын 24-нд Монгол улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн билээ.

Хамгийн сүүлд 2010 онд Монгол Улсын Үндэсийн Статистикийн Хорооноос (www.nso.mn) зохион байгуулан тооллого судалгааг явуулсан байна. Үр дүнг нь www.toollogo2010.mn цахим хуудсанд байршуулсан байдаг.

2021 оны байдлаар Монгол Улсын хүн ам 3 сая 358 мянга хүрээд байна.

Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээлэл хариуцсан албаны түүх.

засварлах

а) 1921-1930 онд иргэний бүртгэл, мэдээлэл, хяналтын үүргийг хил орчмын нутагт дотоодыг хамгаалах газрын төлөөлөгч, цагдан сэргийлэх анги, тасаг, хэсгийн төлөөлөгч;

б) 1930-1940-өөд онд цагдан сэргийлэх тасаг, ангийн дотоод гадаадын иргэдийн бүртгэл, хяналт хариуцсан хэрэг хөтлөгч, байцаагч;

в) 1940-1970 онд Улсын цагдан сэргийлэх газрын паспортын хэлтсийн дотоод, гадаадын иргэд хариуцсан ахлах байцаагч, орон нутгийг удирдах болон гадаадын иргэдийн виз бүртгэлийн тасаг;

г) 1970-1992 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын паспортын хэлтсийн дотоод, гадаадын иргэд хариуцсан ахлах байцаагч, орон нутгийг удирдах болон гадаадын иргэдийн виз бүртгэлийн тасаг;

д) 1992-1996 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяа Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төв;

е) 1996-2008 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагИргэний бүртгэл, мэдээллийн улсын төв;

ё) 2008 оны 12 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар.