Хүнсний 20-р дэлгүүрийн өмнөх иргэдийн бослого

Хүнсний 20 дэлгүүрийн өмнө болсон үймээн гэж 1980 оны дундуур Улаанбаатар хотын хүнсний 20 дугаар дэлгүүрийн өмнөх талбайд болсон ард түмний үймээнийг хэлдэг.

Улаанбаатар хотын гудамжинд тэр үед цэргээс оргосон, чөлөөний зөвшөөрөлгүй цэргийн ангийн байрлалаа орхисон цэргүүдийг барьж журамлах үүрэг бүхий Улаанбаатар хотын комендантын харуул байнга эргүүл хийдэг байсан. Нэгэн удаа хөдөө орон нутгаас ирсэн ах дүүтэйгээ хамт явж байсан цэргийг комендантын эргүүл саатуулан, улмаар хэрцгий байлдлаар гудамжинд ил олон хүний нүдэн дээр тэр цэргийг зодсон байна. Үүнд дургүйцсэн хүмүүс комендантын эргүүлийн офицер, цэргүүдэд эсэргүүцэл илэрхийлснээр энэхүү олон түмний үймээн эхэлсэн.

Эргүүлийн офицер цэргүүдэд дургүйцсэн ард түмэн улмаар орчин тойрныг эвдлэн, эсэргүүцлийн уриа хашгиран эмх замбараагүй байдлыг үүсгэсэн. Энэ үед байдлыг ажиглах, улмаар хэв журам сахиулах зорилгоор газар дээр ирсэн цагдан сэргийлэхийн албан хаагчдад ард олон эсэргүүцэл илэрхийлэн тэднийг зодох, хувцас хэрэгслийг урж эвдэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Мөн үймсэн ардуудыг тараах зорилгоор ирсэн цагдаагийн хурандааг үг хэлүүлэхгүй юм шидэн машинд нь хөөн оруулж, улмаар машиныг түлхэн онхолдуулсан бөгөөд усаар шүршин тараах зорилгоор ирсэн гал сөнөөх машиныг саатуулан усны хоолойг зүсэж тасалсан байна.

Төгсгөл үр дүн

засварлах

Үймээн эмх замбааргүй байдлыг яаж тараасан талаар тодорхой мэдээлэл байдаггүй бөгөөд үймээн аяндаа тарсан байх магадлал өндөр байдаг. Үймээн болж байх үед тухайн үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам болон цагдаагийн ажилтнууд олноороо үймээн болсон газрын ойр орчмын орон сууц, албан байгууллагад нэвтрэн орж, цонхоор ажиглалт хий фото зураг авч баримтжуулж байсан бөгөөд үүний дагуу олон иргэнийг баривчилан саатуулж, байцаалт авч байсан. Энэ үймээнд хэдэн хүн оролцсон, түүнийг толгойлсон хүний талаар тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл байхгүй.