Ts Tuul
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эдийн засагт сөргөөр нөлөөлнө, тэтгэвэр, тэтгэмж авдаг хүмүүсийн төсөвт хүндрэл учирна гэж зарим хүн ярьж байсан. Цалингийн доод хэмжээг хоёр дахин нэмэх боломжтой гэж байсан ч 30 хувиар нэмлээ.
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооныхон зорьсон хэргээ бүтээж, нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140.400 төгрөг болгон 30 хувиар нэмлээ. Үндэсний статистикийн газар, Олон улсын хөдөлмөрийн биржийн мэргэшсэн судлаачдын багтай хамтран хөдөлмөрийн бүтээмж, амьжиргааны төвшний өөрчлөл тийн асуудлаар судалгаа хийж, Үндэсний хорооны хурлаар хэлэлцэн, дээрх зөвшилцөлд хүрлээ. Судалгаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 30 хувиар нэмэгдсэнээр нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, цалинд сөрөг нөлөө үзүүлэхгүй болох нь тогтоогдсон.
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр хувийн хэвшлийн байгууллагууд ажилчдаа цомхотголд оруулах магадлал өндөр. Мөн үндсэн цалин нь 140 мянгаас их аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдын цалинд ямар нэг өөрчлөлт орох болов уу?
-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмснээр эхний үед олон байгууллагад хүндрэл учирч болзошгүй. Гэхдээ ажилчдыг цомхотгохгүй, ажлын байр шинээр бий болгоход хойрго хандахгүй байхыг нийт ажил олгогч байгууллагад уриалмаар байна. Энэ шийдвэр 2011 оны дөрөвдүгээр сарын 7-ноос хүчин төгөлдөр үйлчилж эхлэх бөгөөд хэрэгжилтэд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавих болно.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо зөвхөн үүгээр ажлаа дуусгахгүй, ирэх оны нэгдүгээр улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин нэмэх бололцоог хайна. Мөн салбарын тарифын өөрчлөлт буюу ажлын бүтээмж, цалин өндөртэй уул уурхай, эрчим хүчний гэх мэт салбарын ажилтнуудын авч болох цалингийн хэмжээнд судалгаа хийж, хөдөлмөрийн хөлсийг байж болох хэмжээнд хүргэхийг зорино. Өөрөөр хэлбэл, салбар бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөлттэйгээр тусгана гэсэн үг. 2007 оны нэгдүгээр сараас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэрхэн нэмэгдэж ирсэнийг графикаас харна уу.