Винсент Виллем ван Гог (1853 оны 3-р сарын 30 - 1890 оны 7-р сарын 29) Голландын пост-импрессионист зураач.[1] Түүний зарим зураг өнөөдөр дэлхийд хамгийн алдартай, нэртэй, үнэтэй бүтээлүүд болсон.

Ван Гог 16 наснаасаа эхэлж урлагийн бүтээл худалддаг пүүст ажилладаг байлаа. Богинохон хугацаанд багшилсныхаа дараа тэрээр Амстердамын Их Сургуулийн шашны номлолын факультетэд 2 жил суралцаад маш ядуу уул уурхайн бүс нутагт шашин дэлгэрүүлэх газарт ажиллах болжээ.1879 онд номлогчийн ажлаасаа халагдсанаар түүний ядуу тарчиг, тэнүүлчин амьдрал эхэлсэн байна. 1880 он хүртэл уран зургийн чиглэлээр ажиллаж эхлээгүй юм. Эхэндээ Ван Гог даруухан өнгөөр хуулбар хийж, хаяа байгаль дээр судалбар зурдаг байж байгаад Парист импрессионизм, нео-импрессионизмтай танилцжээ. Тэрээр өвөрмөц танигдахуйц хэв маягтаа тод өнгө, будалтын хэв маягийг тусгасан. Энэхүү шинэ хэв маягаа тэрээр Францын Арльд байхдаа бүрэн хөгжүүлжээ. Амьдралынхаа сүүлийн арван жилийн хугацаанд нийтдээ 2000 гаруй бүтээл туурвисны дотор 900 орчим уран зураг, 1100 зураасан зураг, ноорог бүтээжээ. Хамгийн их алдаршсан бүтээлүүдээ амьдралынхаа сүүлийн хоёр жилд бүтээсэн бөгөөд чухам энэ үед тэр Поль Гогентой андын харилцаагаа тасалснаас болж зүүн чихээ огтолсон билээ. Үүнээс хойш түүний сэтгэцийн өвчин үе үе хөдлөн улам хүндэрч, улмаар амиа хорлоход хүргэсэн.

Ван Гогийн амьдралд нөлөө үзүүлсэн гол хүн бол мөнгө төгрөгөөр харамгүй, байнга дэмжиж байсан түүний дүү Тео юм. Тэдний насан туршийн үерхэл нөхөрлөл нь 1872 оны 8-р сараас хойш харилцаж байсан олон захидлаас нь харагддаг. Ван Гог сүүлд экспрессионизм гэгдэх болсон урсгалыг анх үндэслэгчдийн нэг юм. Тэрээр орчин үеийн урлагт, ялангуяа фовизм болон Германы экспрессионизмд асар их нөлөө үзүүлсэн ажээ.