SS07Bek
Санжаа жолоочид дайгдан гэртээ очсон сүнс хүүхэн
Санжаа жолооч баазаасаа Баянхонгор орох ачаа авчихаад, оройн бүрэнхийд хотоос гарлаа. Тэрээр Эмээлт өртөө өнгөрөөд шуурхайхан уруудан давхиж явбал замын хажууд ачаан дээрээ суусан хар хувцастай залуухан бүсгүй гар өргөн зогсох нь нүдний үзүүрт зурс хийв. Жолооч машины кабиндаа орь ганцаараа давхиж явах уйтгартай санагдсан бололтой. Ачаатай тэргээ хүчтэй гэгч тоормослон зогсоов. Машины хаалга нээгдэж хар алчуураар толгойгоо яльгүй гэлжийлгэн нүүрээ нуусан чигтээ амар мэндээ мэндлээд жолоочийн хажууд суулаа. Бүсгүй алчуураар шанаагаа битүү ороосон тул ямархуу царай зүстэй хүүхэн гэдэг нь танигдсангүй. Ямар ч гэсэн түүнийг орж ирэхэд дулаан уур амьсгал гэхээсээ илүү машины кабинд хүйт дааж эхлэв. Машинд дайгдаж суусан шинэ танил нүдээ цавчилгүй урд зам руугаа гөлийн харна. Удалгүй хүүхний биенээс өгөршиж. ялзарч муудсан эхүүн содон үнэр кабинаар хан хийж эхэллээ. Эхэндээ энэ бүхэнд нэг их эвгүйцээгүй жолооч тэсэлгүй, түрүүлж ам нээхээр шийдэн:
-Чи чинь залуу хүн байж яасан дуу муутай юм бэ. Хоёулаа жаахан хөгжөөнтэй явъя гэвэл, бүсгүй толгойгоо огцомхон эргүүлж дээш өлийлгөөд хамарнаасаа урсах цусыг арчингаа:
-Манайх энүүхэн энд. Уушиг өртөө өнгөрөөд ганц бор гэр байгаа. Та жаахан хурдан явж болохгүй юу гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Саяны тушаангуй хэлсэн үгийг сонссон Санжаа дотроо “Энэ муу хүүхэн чинь ямар их зантай эд вэ. Чи хэн болоод миний машин дотор надад тушаадаг билээ" хэмээн бодох зуурт хүүхэн бодлыг нь уншсан мэт “Танд тушаасан хүн алга. Би юм ярихыг хүсэхгүй байна" гэв. Энэ үед Санжаа жолоочийн нуруугаар хүйт дааж толио түүн рүү хазайлган царайг нь харах гэж оролдвол хүүхэн нүүрээ алчуураар дарж царайгаа харагдуулахгүйг хичээнэ. Тэд өөр зүйл ярьсангүй. Гэнэт жолоочид таг дуугүй хийгээд хар бараан хувцас царай нь үл мэдэгдэх хүүхнээс яггүй болгоомжлох аяс төрөөд явчихлаа. Хүүхэн хэдийгээр урагшаа харсан ч гэлээ далдын хүчээр жолооч Санжааг захирч эхлэв. Жолоочийн бие транс байдалд орж хором хормоор түүний эрхшээлд орж, биө нь суларч эхлэв. Хүнд даацын ачааны машин хагас цаг шахам давхиад Уушиг өртөөн дээр ирэх үөд бүсгүй сая л нэг өөрөө ам нээж: [[
]] -Та ганц бие эмэгтэй хүнийг арай эзгүй зам дээр буулгахгүй юм байгаа биз. Манайх одоо энэ жижиг бор толгойн чанх ард байгаа. Зогсох хэрэггүй түргэн яв! гэж дарга аятай зандрав. Жолооч өөрийн мэдэлгүй түүний зааснаар 10 орчим км шороон замаар хурдалсаар жижиг бор гэрийн гадаа хүрч ирэв. Хүүхэн “Ах малдаа, ээж аргал түүхээр явсан бололтой. Монгол хүн байж манайд цай хоол идээд яв!" хэмээн хэлээд гэр лүүгээ гүйгээд орчхов. Санжаа тээнэгэлзсээр гэр лүү явж орвол хоймрын авдар дээр зул асааж, хэн нэг талийгаачийн зургийг харахын завдал өгөлгүй хүүхэн авдрынхаа урдуур хөшиг унжуулчихав. Гэрээр нэг арц хүжний үнэр хан хийж байснаас үзэхэд энэ гэрт хэд хоногийн өмнө магадгүй өчигдөр ч юм уу хэн нэгэн талийгаач болсон бололтой. Хүүхэн хувцсаа ч тайлалгүй аргал түлээ оруулахаар гадагш гараад орж ирсэнгүй нэлээд удав. Жолооч зуухны эсрэг талд явган суугаад утаанд идэгдсэн бор гэрийг нэгд нэгэнгүй ажиглалаа. Хүний хар хүндэнд тусах зүйл энд юу ч байсангүй. Алсын аянд явж буй жолооч энэ гэрээс гараад хаашаа ч юм хамаагүй зугтмаар санагдавч хоёр хөл нь тушаатай мэт хөдөлж чадсангүй. Жаахан өндийхөөр агаарын даралт нь юм уу ямар нэг далдын хүч түүний мөрөн дээр гараад буцаагаад суулгачихна. Удалгүй хүүхэн орж ирээд гал дээр цай чанаж байтал гадаа нохой хуцах сонсогдов. Бүсгүйн царай цонхийж ирснээ “Би гарч нохой хориод өгье" гэж хэлээд гарсан байна. Хэсэг хугацааны дараа гэрт янхигар том биетэй залуу орж ирээд Санжаатай мэнд усаа мэндэлсний дараа:
-Хаанаас хаа хүрч яваад манайд ирчхэв. Эзгүй гэрт цай чанаад сууж байдаг лут эр байх нь ээ гэхэд Санжаа гайхан болсон явдлаа бүгдийг ярьжээ. Гэрийн эзэн түүний үгийг анхааралтай сонсож сууснаа авдарны өмнө унжуулсан хөшгийг нээхэд Санжаагийн машинд дайгдан энд авчирсан хүүхэн гэгээн дүрээрээ нас баран дүр нь зураг болон үлдсэн байв гэнэ. Айснаасаа болоод Санжаа хэлэх үгээ ч олж чадсангүй. “Яах аргагүй энэ хүүхэн замд дайгдаад миний машинаар хүргүүлсэн" гэж хэлээд гэрээс гарахын түүс болжээ. Түүнийг явахад гэрийн эзэн "Дүү маань яг таныг анх суулгасан тэр газар машины ослоор нас барсан юм. Ганц та ч биш хэд хэдэн удаа замын унаанд дайгдаад жолооч нарыг энд авчирсан. Гэхдээ талийгаач дүү маань муу зүйл хэнд ч хийгээгүй юм шүү!" хэмээн анхааруулжээ. Санжаа ч айж балмагдан машинаа асаагаад эргээд засмал замдаа орж сэтгэл нь бага зэрэг уужирсан байна. Энэ тухайгаа баазынхаа залууд яривал "Эмээлтээс доош уруудаж ордог тэр хонхроос битгий замын хүн авч бай!” хэмээн захисан аж. Санжаа өнөөг хүртэл Өвөрхангай Улаанбаатар хоёрын хооронд микротой хүн зөөдөг агаад. Эмээлт дөхөөд ирэхэд Нархажид сүмд шавилсан дүү гэлэнмаагийнхаа ад зэтгэр дарах тарнийг чанга дуугаар уншдаг ажээ.