K.pr12d006
Соёлын антропологи
Хүмүүний бүтээсэн соёл нь олон талт хэв шинж бүхий хувилбартай байх боловч, нийт хүмүүн төрөлхтөнд соёлын нэгдмэл үндэс гэж буй. Энэ бол хүмүүнлэг чанар буюу сэтгэл-оюуны үнэт чанарыг эрхэмлэн дээдлэх үзэл юм. Уг утгаараа хүмүүний бүтээсэн соёлын бүх хувилбар өөр хоорондоо адил тэгш болохыг олон улсын “хүн судлалын” холбоо /ассоциаци/ бодитойгоор тунхагласан нь зүй ёсны хэрэг билээ. Эдгээр тэгш эрх бүхий олон үндэстний соёлыг тусгайлан судлах шинжлэх ухааны шинэхэн чиглэлүүд 19-р зууны 2-р хагасаас эрчимтэй ялгаран хөгжиж эхэлсэн. Энэ бол “ Хүн судлал” буюу антропологийн олон салбар, урсгал чиглэл юм. Нийгэм-хүмүүнлэгийн мэдлэгийн хүрээнд эрс өөрчлөлт гарч,энэ хүрээ нь тэр чигтээ хүмүүний тухай цогц асуудал руу хандах болсон нь үлс төрийн,нийгэм-сэтгэл зүйн,шинжлэх ухаан-танин мэдэхүйн зэрэг олон хүчин зүйлийн нөлөөтэй нягт холбоотой явж ирэв.”Хүн судлалын” шинжлэх ухаан нь Өрнөд Европ болон Америкт туйлын өргөн хүрээ бүхий болж хөгжсөн ба үүний дотор “соёлын хүн судлал” онцгой байр суурийг эзэлж байна.
Соёлын хүн судлал буюу культурантропологи нь судалгааны хувьд угсаатны зүй, археологи, хэл шинжлэлийг өөртөө багтааж байна. Дэлхийн
2-дугаар дайны дараахь үеэс Өрнөд-Европ, Америкийн соёл суплал ба хүн судлал улам бүр эрчээ авч өргөжин хүмүүн ба соёлын тухай мэдлэгийн тогтолцоо улам бүр боловсронгүй болж байна.Тухайлбал, Америкийн хүн судлалын холбоо нь соёлын, хэл шинжлэлийн, анагаах ухааны, биологийн, сэтгэл судлалын, хүмүүнлэгийн, хотжилт судлалын, латин америкийн угсаатны зүйн нийгэмлэг, хүн судлал ба боловсролын зөвлөл зэргийг нэгтгэн багтаадаг аж.
Соёлын хүн судлал нь чухам юу судлах вэ?гэдэг асуудалд хариу өгөх нь чухал юм.Учир нь соёл суплалын олон салбарууд шинжлэх ухаан мөн бөгөөд эдгээр нь тус тусын өөрийн судлагдахуунтай.Соёлын хүн судлал нь тухайн тодорхой нийгэм-соёлын байгууламж дахь хувь хүмүүн, нмйгмийн бүлэг, нийт үндэстэн угсаатны соёлын идэвхжил хийгээд түүний нөлөөллийг судална.
Хүмүүсийн соёлын үйл ажилгааны үр дунд бий болсон бүтээл-үнэт зүйлс /тухайлбал, эд юмс, үзэл санаа, дүр, технелоги, хэм хэмжээ, үнэлэх шалгуур гэх мэт олон зүйлийг дурьдаж болно/, тэдгээрийг бий болгох үндэс, нөхцөл, тэдгээрт холбогдох хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэл.
Соёлын хүн судлалыг үндэслэгч америкийн нэрт эрдэмтэн-угсаатны зүйч Франц Боас болон түүний залгамлагчдын судалгаа олон асуудалд хариу өгөх боломжийг нээж буйгаараа орчин үеийн шинжлэх ухаанд өөрийн үнэтэй байр суурийг нэгэнт эзэлжээ.
Франц Боасын угсаатны зүйн судалгааны хэсэг зарим овог омгийнхны нийгмийн туршлага дамжуулах аргыг/хэл шинжлэлийн аргаар/ судалснаар сонирхолтой олон дүгнэлт гарган авсан байна.
Ф.Боасын шавь Маргарэт Мид зөвхөн нэгэн язгуурт багтдаг үндэсний хэл аялгууны ялгааг судалж, түүнд үндэслэн нийгэм-эдийн засаг, улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлтийг олж тогтоожээ.
Шууд болон удаан хугуцаагаар бие биетэйгээ харилцаа холбоонд оршсон нөхцөл хоёр өөр соёлын уламжлалд аль аль талаасаа өөрчлөлт гарах үзэгдэл харагдаж байна.Үүнийг “аккультураци” гэж нэрлэдэг. Энэхүү үзэгдлийг К.Маркс /1818-1883/ анхлан судалж хоёр соёл нийлэхийг диалектик үзэгдэл гэж нэрлэх байсан тухай америкийн судлаачид ч тэмдэглэжээ. “Аккультурацийн” онол-арга зүйн талаар Америкийн соёлын хүн судлалын нэртэй эрдэмтэн Дж.Гершкович олон бүтээл туурвижээ. 1936 онд АНУ болон Английн хүн судлаачид тодорхой судалгаа явуулсны үр дүнд “Аккультурацийн тунхаглан зарлах бичиг” гэдэг баримт боловсруулж, түүндээ зарчмын 5 дүгнэлт гаргасан байна. Аккультурацийн 5 хэв шинжийг дараах байдлаар илэрхийлжээ:
Дийлэнх олонхи ба бүлгийн хооронд
Найрсаг болон дайсагнасан хоёр нийгмийн харилцаанд
Эрх тэгш ба эрх тэгш бус харилцаанд
Нэг төрлийн /гомоген/ болон олон төрлийн /гетероген/ соёл-иргэншлийн харилцаанд
Байршлаар ялгаатай нийгмийн зохион байгууллатын хооронд гэх мэт.
Эдүгээгийн эрин цагийн онцлог бол Европын соёл-иргэншлийн түрэлт бүх дэлхийн соёлд нөлөөлөх болсонд оршиж байна. Энэхүү соёлын давуутал нь материаллаг баялгийн үйлдвэрлэл, техник-технологийн үсрэнгүй дэвшил, эдгээрийн тэмдэг-утга зүйн томъёоллын тогтолцоо буюу байгалийн шинжлэл, техникийн ухааны хөгжилд буй. Эдгээр нь өнөөгийн бүхий л амьдралын нүүр царайг өөрчлөхийн сацуу хүмүүний хөгжлийг нөхцөлдүүлж байна. Аливаа нийгмийн хөгжлийн баримжаа, шалгуурыг мөн л эдгээр нь тодорхойлон өгч байна. Өнөөдрийн нөхцөлд давуу хөгжлийн ийм түрэлтэд бүрмөсөн автаж, үндэсний дүр төрхийг алдаж гээхгүй үндсэн хоёр замнал байна. Энэ бол:
Үндэсний язгуур соёлын цөмийг бүтээлчээр эзэмшин хадгалах бодлого
Орчин цагийн дэлхий дахины хөгжлийн эх сурвалжийг бүтээлчээр тусган авсан үндэсний хөгжлийн нэгдмэл цэгцтэй, алсын хараатай бодлого юм.