Соёл хэмээх ойлголт.

“Соёл” хэмээх үг нь олон янз ойлголт, санаа, сэтгэлгээг агуулдаг. Нийгмийн байгууламжууд соёлын функцээр дамжуулан /жишээ нь: ахуйн соёл, улс төрийн соёл, хөдөлмөрийн соёл, сурч боловсрох соёл г.м/ нийгмийг бүхий л салбарыг хөгжүүлдэг. Нөгөөтэйгүүр бид боловсон, мэдлэгтэй, чадварлаг, бусадтай таарамж нийлэмж сайтай, ажилдаа хариуцлагтай, ухамсартай, хүнийг соёлтой, өндөр соёлтой гэдэг. Мөн гоо зүй, урлаг, уран сайхны салбарын ажилтнуудыг бид соёлын ажилтнууд гэдэг. “Шинжлэх ухаан ба соёл”, “Эрүүл мэндийн соёл”, “Соёлын амьдрал”, “Соёлтой харилцах уу”, “Соёл бидний амьдралд”, “Соёлтой аж төрөхүй” г.м. гарчигтай шинжлэх ухаан, олон нийтийн мэдээллийн сэтгүүл, нэвтрүүлгүүд байдаг. Эндээс үзвэл соёл нь энгийн ухамсарын төвшинд үнэт зүйлсийн нийлбэр юм. Славян хэлнээ соёл хэмээх ойлголтыг “культура” гэдэг. Уг үгний үндсийг “культ” үгнээс гаралтай гэж оросын эрдэмтэн Н.Бердяев үздэг. “Культ” нь монгол хэлнээ хөрвүүлвэл “шүтээн” гэсэн үг. Н.Бердяев: “Культура родилась из культа. Истоки её сакральны” буюу “ Соёл нь шүтээнээс гаралтай бөгөөд соёлын эх далд чанартай”1. Эрдэмтэн Н.Рерих соёлыг гэрэл гэгээг дээдлэх, Германы эрдэмтэн В.Вундт (1832-1920) латин “colere” буюу арчлах (газрыг) гэж тус тус тайлбарласан. Эндээс ”cultus agri” газар тариалан хөдөө аж ахуйн соёл гэдэг ойлголт гарсан. В.Вундт “colere” гэдгээр амьдралыг тэтгэх, хүмүүнийг энэрэнгүй болгох асуудлыг авч үзсэн. Өрнийн ш/у-ны хөгжилд соёл хэмээх ойлголтын хөгжлийг дараахи түүхэн шатлалаар авч үздэг. Нэн эртний үе – Эртний үе – Дундад зууны үе – Шинэ үе – Орчин үе – Эдүгээ үе. Соёл гэдэг үгийн эрдэм шинжилгээний тодорхойлтууд нь шинэ үеэс эхлэн хурдтай нэмэгдсэн. Ж.нь: 1871-1917-ны хооронд эрдэмтэд А.Крёбер, К.Клакхон нар 7 байгааг илрүүлсэн, дараагийн 30 жилд 157 тодорхойлт ш/у-ны эргэлтэнд орсон. А.Моль “Соёлын нийгмийн динамик” зохиолдоо (1968 онд) 250 тодорхойлт байгааг тэмдэглэсэн. 1980 оны дундуур 540 гэж байсан бол 2000 он гарсаар 1000 гарлаа гэдгийг НҮБ-ын соёлын бодлого зохицуулалтын алба соёлын бодлогын координаторуудын олон улсын хурал дээр мэдэгдсэн билээ. Иймээс соёл нь өргөн олон янз юмс, үзэгдэл, ойлголтыг агуулсан абстракт төвшинд буй учир нэг утгаар, ойлголтоор тодорхойлогдохгүй юм. Соёл гэдэг ухагдахуун олон янз төрөл, үзэгдэлүүдийг агуулдаг, философи болон шинжлэх ухааны олон янз сургалт, судалгааны хандлагуудыг хэрэглэдэг учир танин мэдэхүйн , арга зүй, сэтгэлгээний хувьд өргөн, судлаж таньж мэдэхэд хүнд, аадармаатай ойлголт юм.

Соёлын тухай ойлголтын хөгжил. Соёлыг бие даасан нийгмийн үзэгдлийн хувьд өрнийн ертөнцөд ХҮШ зууны дунд үеэс буюу соён гэгээрлийн үед хамаатуулан үздэг. ХҮШ зууны турш өрнийн хэллэгэнд соёл “культура” “culture“ –г agri үгтэй хамт хэрэглэдэг байсан. Энд соёл нь үр тариалангийн соёл, газар тариалангийн соёл, хөвөн ургуулах соёл, өөрөөр ярих соёл, сахилгатай байх соёлоор ойлгогдож хэрэглэгдэж байв. Соён гэгээрлийн үеийн сүүл үед соён гэгээрүүлэгчид соёл байгалийг хооронд нь сөргүүлэн үзэж эхэлсэн. Жан-Жак Руссогийн зарчимаар соёл нь хүнийг байгалаас холдуулагч, хүн байгалийн, хүмүүс хоорондын жам ёсны холбоог сүйтгэгч, таслагч юм гэж үзсэн. “Соёлт ард түмэн, үндэстэн” гэдгийг “Ёс зүйн доройтолтой” “Хүнээ алдсан” гэж үзэж тэдэнтэй эсрэгцүүлэн “Ёс зүйн энгийн, ариун” хүй нэгдлийн омог аймгийхныг сөргүүлэн тавьж байв. Өрнийн цэвэр соёл судлалын мэдлэгийн үүсэл ХVШ зууны сүүл ХIХ зууны эхэн үеийн Германд харагддаг. Германы соён гэгээрүүлэгч Иоганн Готфрид Гердер (1744-1803) соёлыг хүний болон шинжлэх ухаан, гэгээрлийн түүхэн хөгжлийн үе шаттай холбон үзэж байв. “Эргэн тойронд, юм бүхэнд хүний оюун ухааны бүтээж буй харагдаж байна. Хүний оюун ухаан эцэс төгсгөлгүй боддог, бясалгадаг. Иймээс соёл нь энэ бүхнийг нийлүүлж, холдон хазайж буйг эргэн гольдоргонд нь оруулж үндэстэн ард түмнүүдийг хооронд нь эвлүүлж нийлүүлдэг…” . Германы өөр нэг эрдэмтэн Вильгельм фон Гумбольдт (1769-1859) энэ концепцийг дэмжиж байсан ба соёлыг хүний байгалаа захирах ноёрхол бөгөөд үүнийгээ шинжлэх ухаан, гар урлалын тусламжтайгаар хэрэгжүүлдэг гэж үзэж байв. Ийм тохиолдолд “соёл” нь “прогресс” ойлголттой нягт холбогдож байна. Немцийн сонгодог философийн загалмайлсан эцэг гэх Иммануил Кант (1724-1804) нь соёлыг оюун ухааны төгөлдөржилт гэж үзээд прогрессийг соёлын хөгжил мөн гэж үзэж байв. Германы эрдэмтэн Иоганн Готлиб Фихте (1762-1814) соёлыг оюун санааны тусгаар тогтнол болон эрх чөлөө гэж үзсэн. Хүмүүнлэг, гоо зүй, ёс зүйн үүднээс соёлыг хүн төрөлхтөн анхнаас нь нийгмийн амьдралын оюун санааны тал, улмаар гоо зүй, ёс зүйн үнэт зүйлсийн чухал хэсэг нь гэж үзсэн. Эдгээр эрдэмтдийн соёлын талаархи үзлүүд нь шинжлэх ухааны универсаль ойлголтыг хөгжүүлэх эхлэл болсон ба угсаатан зүй, угсаатан судлал, социологи, түүх г.м. төрлүүдийг шинжлэх ухааны үүднээс түлхүү үзэх зэмсэг нь болсон. Немцийн сонгодог философич, соён гэгээрүүлэгч К.Маркс (1818-1883) соёлыг түүний прогресс хөгжилтэй холбон үзэж байв. Соёлын дотоод гүнзгий агуулгыг материалын үйлдвэрлэлтэй холбон үзэн соёлыг материалаг чанартай, материаллаг үйлдвэрлэл анхдагч ба үйлдвэрлэл нь оюун санааны уламжлал болон прогресс үнэт зүйлсийг хуримтлуулдаг (соёлын аккумулляци) ба дамжуулдаг (соёлын трансляци). К.Маркс анх соёлыг нийгмийн бүхий л хүрээтэй холбоотой, хүн төрөлхтний түүхийг соёлоор дамжуулан нэгэн бүхэллэг прогресс болгодог гэдгийг нээжээ.

Соёл судлалын олон янз тодорхойлолт байх шалтгаан. Соёлын талаарх тодорхойлолтуудын ангилал.

Соёлын тухай ойлголт нь орчин үеийн нийгмийн мэдлэгийн хүрээнд хамгийн суурь шинжийг агуулсан ойлголт юм. Ийм олон утга санааг нэг зэрэг илэрхийлдэг өөр үг маш ховорхон тохиолдоно. Бидний хувьд “оюун ухааны соёл” “мэдрэхүйн соёл”, “зан төлөвийн соёл” “хэл ярианы соёл” зэрэг ойлголтууд жирийн тогтсон зүйл болжээ. Эрдэмтэн Э.В.Соколов “Соёл ба нийгэм” номондоо “энгийн ухамсрын хүрээнд соёл нь үнэлэмжийн ойлголт болдог бөгөөд бие хүний соёл бус харин соёлтой байдал гэсэн шинжид илүүтэй хамаардаг.

Харин шинжлэх ухааны хувьд соёлын тогтолцоо, хөгжил, уналтын тухай ярих ёстой юм” гэсэн байна. Хэн нэгэн судлаач соёлын тухай асуудлыг авч үзэхдээ гол төлөв өөрийн эзэмшсэн мэргэжлийн үүднээс асуудалд хандаж, түүнд өөрийн гэсэн тайлбарыг өгдөг. Тухайлбал түүхч хүн хүн судлал дахь соёлын тухай ойлголт нь түүхэн дэхь соёлын тухай ойлголтоос хамаагүй өргөн хүрээтэй гэдгийг баталдаг. Орчин үеийн америкийн соёл судлаач Альфред Крёбер, Клайд Клакхон нар өөрсдийн хамтын бүтээлдээ энэ ойлголтын хир зэрэг цар хүрээтэй болохыг авч үзсэн байдаг.

Тэдний тооцоолсноор 1817-1919 онуудад соёлын тухай 7 өөр янзын тодорхойлолт гарсан байна. Тэдний үзэж байгаагаар анхны тодорхойлолтыг Английн Этнографч Эдуард Тайлор өгчээ. 1920-1950 онуудад олон янзын судлаачид энэ ойлголтын талаар 157 тодорхойлолт гаргасан байна. Одоогоор албан ёсны нийт 400 гаруй тодорхойлолт байгаа ньтогтоогджээ. Ингэж олон янзын тайлбар гаргасныг юугаар тайлбарлаж болох вэ. Юуны өмнө соёл нь хүний ахуйн хамгийн гүнзгий, үл хэмжигдэгч шинжийг илэрхийлдэгээр тайлбарлаж болно. Хүн хир олон янз, байдлыг илэрхийлнэ соёл нь тэр чинээгээр олон төрөл зүйлээр илэрдэг байна. Судлаач бүр соёлын энэ олон талын нэг л талд анхаарлаа хандуулдаг. Үүнээс гадна судлаач бүрийн соёлд хандах хандлага бүр өөр өөр байдаг.

Соёлыг зөвхөн соёл судлаачид судалдаг бус бас философчид, социологчид, түүхчид, хүн судлаачид мөн адил судалдаг. Мэдээж хэрэг эдгээр судлаачид соёлын асуудалд өөрийн арга барил, хандлагаар ханддаг байна. “Соёл” гэсэн ойлголтоос гадна түүнтэй маш ойролцоо утга бүхий нийгэм, соёл иргэншил гэсэн ойлголт байдаг. Олонхи судлаачид “соёл иргэншил” хэмээх ойлголт нь соёлын оюуны талыг бус харин материаллаг агуулгыг тусгадаг гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл соёл иргэншил нь соёлын хүрээнээс илүү өргөн утгатай бодит үйл ажиллагаа юм. Энэ утгаар нь соёл иргэншилийг хүний багаж хэрэгсэлийн нийлбэр хэмээн үздэг бөгөөд соёлыг хүний үр дүнгийн цогцос хэмээн үздэг байна. Олонхи судлаачид “ соёл” гэсэн ойлголтыг харьцангуй энгийн нэг төрөл зүйлийн амьдралын өвөрмөц аж төрөх ёсонд хамааруулан авч үздэг. Тухайлбал зарим шашин сурталчлагчид Номхон далайн өмнөд хэсгийн арлууд дээрх амьдралыг судлахдаа антропологийн түгээмэл зарчмуудыг ашиглаж байсан байна. Гэхдээ тэдний хэрэглэж буй энэ зарчим Нью-Йорк хотын хүн амын судалгаанд мөн адил хэрэглэгдэж байгааг үзээд ихэд гайхжээ. “Соёл” ба “нийгэм” гэсэн ойлголтууд адил биш. “Нийгэм” гэсэн ойлголтоор хамтдаа ажиллаж сурсан бүлэг хүмүүсийг тэмдэглэдэг бол “соёл” гэсэн ойлголт нь энэ бүлгийн аж төрөх ёсыг тэмдэглэдэг байна. Бид нийгмийг үргэлж ажиглан, харж байх боломжтой боловч, үнэн хэрэгтээ “соёл”-ыг олж хардаггүй. Соёлд бол “сургалтын онол” хэмээн нэрлэгддэг сэтгэл судлалын салбар хамаарна.

Өөрөөр хэлбэл соёлыг дамжуулах нь сургалтын үйл явцгүйгээр боломжгүй юм. Соёл нь энэ бүхнээс гадна хүн гадаад орчиндоо, бусад хүмүүстэйзохицоход чиглэгдсэн янз бүрийн аргууд юм. Соёл нь асуудлыг шийддэг төдийгүй бас түүнийг бий болгож байдаг. Сэтгэцийн эмч нар гэхэд жишээлбэл, соёлыг хүний “ жинхэнэ байгалийн төрхийг” хадгалж байдаг зүйл хэмээн үздэг. Гэхдээ соёл нь устгагч бус харин бүтээгч зүйл билээ. Иймд соёл бол хүний үйл ажиллагаа, сүсэг бишрэл, урлаг болон хүн өөрийгөө нийгмийн гишүүн гэдгийг ойлгох чадвар энэ ойлголтын дагуу бүрэлдсэн үйл ажиллагааг өөртөө багтаадаг байна. Гэсэн хэдий ч ийм тодорхойлолт зөвхөн тайлбарлах үүднээсээ үнэн юм.

Тухайлбал, эдийн засагч соёлыг нийгмийн уламжлалт шинж хэмээн тодорхойлдог. Ийм тодорхойлолт нилээд их хэмжээгээр дэлгэрч байсан. Үүнд нилээд үндэслэл бүхий шинжүүд байдаг бөгөөд учир нь хүн биологийн төдийгүй байгалийн уламжлалыг хадгалж байдаг. Гэхдээ ийм үзэл баримтлалын ёсоор бол соёлыг нийгмийн оролцоогүйгээр олж авдаг болох нь. Соёл бол ямар нэг “өгөгдсөн зүйл” бус юм. өөрөөр хэлбэл тэрээр бидний мэдэлд байгаа зүйл мөн. Испанийн философич Ортего Гассет /1883-1955/ соёлыг “Бидний хүсэн тэмүүлж буй зүйл” хэмээн тодорхойлсон байна. “Нийгмийн уламжлалт шинж” гэдэг нь ийм нарийн төвөгтэй байдлыг бий болгодоггүй бөгөөд гэхдээ ч бидний санаанд бүрэн хүрдэггүй. Бидэнд хүн түүний зан төлөв бол хамгийн гол хүчин зүйл гэсэн тодорхойлолт л хэрэгтэй байгаа юм.

Соёлын хэмээх үзэгдэл, үйл явц маш олон учраас оноосон тодорхойлолт өгөх асуудал ч өнөөдөр ч гэсэн бэрхшээлтэй хийгээд маргаантай хэвээр байна. Зарим эх сурвалжаас үзэхэд соёлын тухай 400 гаруй тодорхойлолт байдаг гэсэн мэдээ бий. Америкийн антропологич А.Кребер, К.Клакхон нар 1952 онд “Соёл, үзэл баримтлал, тодорхойолтын шүүмжлэлт тойм“ номондоо соёлын талаар тухайн үедээ гарсан байсан бүх тодорхойлолтыг хураангуйлан 150 гаруйг дурьдсан байна. Уг номынхоо 1963 онд гарсан хоёр дахь хэвлэлд энэ тоог нэлээд ахиулж, улмаар зургаан / А-аас F хүртэл / үндсэн хэв маягт ангилсан юм. Ингэж ангилахдаа гол нь англи-америкийн эх сурвалжид тулгуурлан герман, франц хэл дээрх бүтээлүүдийг ховор ашигласан учир дутагдалтай боловч эдүгээгийн соёл судлаачид эрхэмлэсээр байна. Иймд уг ангиллыг доор сийрүүлье:

А. Бичиж тэмдэглэсэн тодорхойлолтууд Соёлын тухай ойлголтын хамрах хүрээг нийтэд нь тоочин тогтоох зорилготой ангилал юм. Анхны тодорхойлолтыг Э.Тайлор: “Соёл буюу иргэншил нь нийгмийн гишүүнийхээ хувьд хүний эзэмшсэн мэдлэг, сүсэг бишрэл, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар, дадал зуршлыг нийтэд нь багтаасан угсаатны зүйн өргөн утгатай юм.” хэмээн өгчээ. Энэ хэв маягийн тодорхойлолт нь хүний оюунлаг шинжийг илэрхийлсэн олдмол чанаруудыг нийгэмшихийн хирээр төлөвшдөг болохыг соёлтой холбон харуулсан гэж болно. Нийгмийн хөгжлийн цар хүрээ өргөжин тэлэх тутам өсөн арвижих зүй тогтолтой ажээ. Эдүгээ энэ тодорхойлолт “Соёлын эрх чөлөө” – г багтаах болжээ.

В.Түүхэн тодорхойлолтууд Нийгмийн өв сан, уламжлалын үйл явцыг онцлон авч үздэг. Лингвистик Э.Сипер: Соёл бол “Амьдралын судас, шөрмөс болох нийгмээрээ өвлөн авсан ажиллаж, хөдөлмөрлөж, итгүүлж, үнэмшүүлэх үйл ажиллагааны арга барилын иж бүрдэл юм.” гэсэн байдаг . Ийм хэв маягийн тодорхойлолт нь соёлын хөгжил дэх тогтвортой, хувиршгүй талыг онцгойлдгоороо хүний идэвхитэй хувиргагч шинжийг орхигдуулдаг хэмээн шүүмжлэлд өртөх нь элбэг боловч амьдралын нэгтгэгч, холбогч зүйлсийг практик үйл, итгэл үнэмшил хоёрын тасралтгүй шинж, залгамж чанар, түүхэн холбоонд оршдог болохыг харуулснаараа соёл, түүх хоёрын амь нэгтэйг чухалчилсан гэж болно. Хүний үе, түүхэн эрин зэрэг нь цагийн эрхээр хадгалагддаг жамтай ч хөдөлмөр, итгэл үнэмшил, арга барилд уламжлагдан үлдэх зүйлс бол амьдралыг судас лугаа тэтгэгч соёл болохыг онцолсон гэж болно. Эдүгээ энэ хэв маягийн тодорхойлолт “мэдээлэл”-тэй айлсаж, мэдээллийг олж авах, боловсруулах, хадгалах, харилцан солилцох, хөрвүүлэх үйл ажиллагаа, арга, технологид түшиглэсэн түүхэн шинэ үетэйгээ золгож байна хэмээн хэлж болох юм.

С.Хэм хэмжээт тодорхойлолтууд Энэ хэв маяг нь дотроо хоёр хэсэгт хуваагдана. С-1.Аж төрөх ёсны үзэл санаанд үндэслэсэн тодорхойлолтууд орно. “Овог аймгийн баримталж буй аж төрөх ёс бол соёл мөн… Овгийн мөрдөж буй сүсэг бишрэл, ёс дэгийн журамласан цогц бол соёл мөн“ гэж антропологич К.Уислер тодорхойлжээ. Энэхүү ойлголт нь эдүгээ нийт хүн төрлөхтний даяарчлах үйл явцтай давхцан, овог аймгийн хүрээнээс хальж, дэлхий нийтийн нийтлэг аж төрөх ёсны цөм болох “Хүн өөрт таалагдсан аж төрөх хэв маягаа сонгох боломжоо хөсөрдүүлэхгүйгээр амьдрах“ утгыг багтаасан “Соёлын эрх чөлөө”-нд бас хамаарах болжээ хэмээн үзэж болно. С-2.Чин эрмэлзлэл, үнэт зүйлд баримжаалсан тодохойлолтууд орно. “Хүний эрхэм чанарыг байнга хэрэгжүүлэхийн тулд нэмэлт хүч чармайлт гаргахыг соёл“ гэж философич Т.Карвер тодорхойлжээ. “Зэрлэг хүн үү, боловсролтой хүн үү гэдгээс үл хамааран тухайн бүлэг хүний / албад, зан заншил, чиг баримжаа, ёс дэг/ материаллаг болон нийгмийн үнэт зүйлсийг соёл” хэмээн социологич У.Томас тодорхойлжээ. Бүдүүлэг ч байна уу, боловсролтой ч байна уу хүн гэгдэх эрхэм чанарыг хамгаас чухалчилж, түүнийгээ чин эрмэлзлэл хэмээх төгс утга оноон дээдлэх, түүндээ хүсэн тэмүүлэх биет хийгээд сэтгэл оюуны нөр их хөдөлмөрийн явцад оюун санаанаасаа хараат бус байдлаар үнэт зүйл болгож, зүрх сэтгэлдээ үнэлэмж лугаа чинадалж, хөгжүүлж, хамгаалж, хадгалж явах сэтгэлийн их тэнхээ, эр зориг хүч чармайлтыг ийнхүү соёл хэмээжээ.

D.Сэтгэлзүйн тодорхойлолтууд Дотроо дөрвөн хэсэгт хуваагдана. D-1.Орчиндоо зохицох үйл явцтай холбоотой тодорхойлолтууд орно. “Амьдралынхаа нөхцөл дасан зохицох хүний чадварын нийлбэр бол соёл мөн… Энэ чадвар нь дүрсээ өөрчлөх, шилэн сонгох, удам дамжих зэрэг арга барилыг хослуулах замаар хэрэгжинэ.“ гэж социологич У.Самнер, А.Кёллер нар тодорхойлжээ. “Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв” гэж монголчууд ярьдаг. “Усыг нь уувал ёсыг нь ч дага” ч гэж бас хэлдэг. D-2.Сурган хэвшүүлэх үйл явцад хамаатай тодорхойлолтууд орно. “Зөгий шоргоолжны эд эсэнд нь шингэсэн байдаг үйлдэл хийх чадвар шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадварыг соёл гэж социологид тэмдэглэдэг” хэмээн антропологич Р.Бенедикт хэлжээ. Орчин үед энэ ойлголт ахмад үеэсээ сурах “эргэж гэдрэг харах” зүг чигээ эгнэгт орхиж залуу үе нь ахмадаасаа сурдаг – “постфигуратив соёл“, залуу үе төдийгүй ахмад үеийнхэн үе тэнгийнхнээсээ сурдаг- “кофигуратив соёл”, ахмад үе нь зауу үеэсээ суралцдаг – “префигуратив соёл“ зэрэг олон хэв маягаар улам өргөжиж, өнөө үеийн соёлд гурав дахь нь зонхилно гэж М.Мид нарын зарим эрдэмтэд үзэх болжээ. Энэхүү зүй тогтлыг монголчууд эртнээс баримталж ирсэн нь “Урд ургасан чихнээс хойно цухуйсан эвэр урт “ гэдгээс утга дүйцэн харагдах ажгуу. D-3.Дадал, зуршил төлөвшилтэй холбоотой тодорхойлолтууд орно. “Нийгэм хийгээд хэсэг бүлэг хүмүүсийн жирийн үйлдлийн нийтлэг хэлбэрийг соёл гэнэ.Тэр нь материаллаг ба материаллаг бус элементүүдээс бүрдэнэ.” гэж социологич К.Янг хэлжээ. Соёлын энэ хэв маяг эдүгээ эдийн ба оюуны соёлын хүрээнээс нэгэнт ангижирч, бид бүхний өдөр тутмын амьдралд ердийн үзэгдэл болсон техник, технологийн соёлоор улам арвижин, цэцэглэн хөгжиж байна гэж болох бизээ. D-4.”Цэвэр сэтгэлзүйн тодохойлолт” – ууд орно. “Хөөрлийн бүх илрэл, ажиллагааг саатуулагч эсвэл өөгшүүлэгч бүх зүйлс, товчхон хэлэхэд нийгэм дэх лугшилтыг намжаагч, эсвэл тэдгээрийн гажуу хэрэгжих бололцоог төрүүлэгч бүх зүйлсийг соёл“ гэж психоналитик Г.Рохайм тодорхойлсон байна. Соёлын энэ хэв маягийн тодорхойлолт нэрт псохоаналитик З.Фрейд, К.Юнг нарын соёл судлалын натуралист чиглэлийн үзэл баримтлалд цаашдын хөгжлөө олж , эдүгээ улам эрчимжин дэлгэрч олон төлөөлөгчтэй болж байна .

Е.Бүтцийн тодохойлолтууд Соёлын бүтэц зохион байгуулалтын талыг анхаарна. а/ “Нийгмийн гишүүдийн зохион байгуулалттай, давтан үйлдэж буй үйл ажиллагаа бол соёл юм. б/ Бүрдэл хэсгүүд нь тухайн нийгмийн гишүүдэд үе дамжин хувиарлагдах болон шилждэг, сурсан үйлдэл болон үйлдлийн үр дүн бол соёл юм. “ гэж антропологич Р.Линтон хэлсэн байна. Соёлын улам дэлгэрэн хөгжиж, соёл судлал нь социологийн чиглэл хэмээх бие даасан урсгал болон хөгжиж, Т.С.Элиотын “соёлын тодорхойлолт“, “соёлын доройтол”, “элитийн онол ба соёл”, П.А.Сорокины “нийгмийн хөдөлгөөнт чанар”, “нийгмийн давхраат чанар“, А.Веберийн “нийгмийн албад”, “Соёлын түвшин”, Т.Парсонсын “нийгмийн түвшин”, “соёлын түвшин” зэрэг ойлголтуудаар агуулга нь баяжин хөгжиж байна.

F. Генетик тодорхойлолтууд Соёлыг гарал үүсэл талаас нь тодорхойлдог эдгээр тодохойлолт дотроо дөрвөн хэсэгт хуваагдана.Үүнд : F-1. Соёлыг бүтээгдэхүүн, зохиомол зүйл гэж тодохойлно. “Бие биеийнхээ үйлдэлд харилцан нөлөөлж буй хоёроос олон хувь хүний ухамсартай болон ухамсаргүй үйл ажиллагааны үр дүнд үүссэн юмуу биелэлээ олсон бүх зүйлсийг соёл хэмээх үгийн өргөн утга илэрхийлнэ.” гэж социологич П.Сорокин хэлсэн байна. П.Сорокины соёлын талаарх үзэл санаа нь ерөнхий агуулгаараа дээр хэлсэн бүтцийн тодорхойлолтод хамаарах боловч соёлын уг мөн чанар, гарал үүслийг тэрээр ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд олж харсан гэдэг утгаар нь энд ишлэл авчээ. ”Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй”. Хэдийгээр хувь хүний соёл нь тухайн хүний давтагдашгүй, өвөрмөц хосгүй шинжийг харуулах боловч, энэхүү чанар нь хүмүүс хоорондын харилцаанд үүсэн бүрэлдэж, оршин тогтнож , илрэн хөгжих зүй тогтолтой гэсэн санааг энд чухалчилжээ. F-2. Соёлын утга санаа гэсэн утгаар авч үзнэ . “Нийгэмд нийгэмжих үйл явцаар дамжин тархдаг, харьцангуй тогтвортой, материаллаг биш агуулгыг соёл“ хэмээн социологич Г.Беккер тодохойлжээ. Ерээд оны эхэнд Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “бид ардчиллын соёлд суралцах шаардлагатай болж байна гэсэн нь чухамдаа ардчиллын үзэл санаанд суралцахын зайлшгүйг хэлж байжээ. Энэ үзэл эдүгээ үнэт зүйл болон төлөвшжээ. F-3. Соёлыг билэгдэл болох талаас нь тодорхойлно. “Соёл бол онцгой журамтай, эсвэл ангилалтай үзэгдлүүдийн, тухайлбал, бидний “билэгдэл” хэмээн нэрэлдэг хүний төрлийн өвөрмөц ухамсарлах чадварын хэрэгжилтээс хамаардаг юмс үзэгдлүүдийн нэр юм. Чухамдаа багаж зэвсэг, хэрэгсэл, гоёл чимэглэл, сахиус зэрэг материаллаг юмс, тэрчлэн билэгдлийн асуудалд үүрэг бүхий үйлдэл, сүсэг бишрэл, чиг баримжаа зэрэг зүйлс соёлд багтана. Соёл нь хүн амьдархын төлөө тэмцэлдээ хэрэглэх башир чамин арга барилаа зохион байгуулах нарийн меахнизм юм.” гэж социологич Л.Уайт хэлжээ.

Чухамдаа бүтээсэн бүх зүйлс маань нэр хаяг, зүс тэмдэг, билэгдэл гээд өмнө нь байгаагүй хэл соёлын шинэ чанарыг өөртөө шингээн оршихуйн утга агуулгыг олж биднийг хүрээлэн байдаг жамтай ажгуу. Энэ чанарыг соёл судлалын билэгдлийн чиглэл болон семиотик хандлага улам бүр хөгжүүлж байна. Соёлын түвшин ахихын хирээр энэ шинж улам дэлгэрэх зүй тогтолтойг орчин үе буюу мэдээллийн эрин харуулж байна. F-4. Соёлыг адгууснаас ялгарах утгаар тодорхойлно. “ Хүний адгууснаас ялгарахыг бид соёл гэдэг“ хэмээн байгаль судлаач, философич В.Оствальд хэлсэн байдаг. Бид адгууснаас хэл яриа, зан заншил гээд олон зүйлээр ялгагдах хэдий ч “зэрлэг”, “хэрцгий”, “догшин” гэх мэтийн хүмүүний төрөлд олж харахыг үл хүссэн зүйлээ араатны авир, ааш араншин хэмээн нэрийдэн тийм хүнийг “соёлгүй” гэдэг буюу. Гэвч энэ бол бас л өнөөх бидний соёлыг хэлж буй хэрэг билээ. Хүний олдмол чанараас заяамал зарим чанар давамгайлах ч гэж бас хэлж болно.


Соёлын антропологи Хүмүүний бүтээсэн соёл нь олон талт хэвшинж бүхий хувилбартай байх боловч, нийт хүмүүн төрөлхтөнд соёлын нэгдмэл үндэс гэж буй. Энэ бол хүмүүнлэг чанар буюу сэтгэл-оюуны үнэт чанарыг эрхэмлэн дээдлэх үзэл юм. Уг утгаараа хүмүүний бүтээсэн соёлын бүх хувилбар өөр хоорондоо адил тэгш болохыг олон улсын “хүн судлалын” холбоо /ассоциаци/ бодитойгоор тунхагласан нь зүй ёсны хэрэг билээ. Эдгээр тэгш эрх бүхий олон үндэстний соёлыг тусгайлан судлах шинжлэх ухааны шинэхэн чиглэлүүд 19-р зууны 2-р хагасаас эрчимтэй ялгаран хөгжиж эхэлсэн. Энэ бол “ Хүн судлал” буюу антропологийн олон салбар, урсгал чиглэл юм. Нийгэм-хүмүүнлэгийн мэдлэгийн хүрээнд эрс өөрчлөлт гарч,энэ хүрээ нь тэр чигтээ хүмүүний тухай цогц асуудал руу хандах болсон нь үлс төрийн,нийгэм-сэтгэл зүйн,шинжлэх ухаан-танин мэдэхүйнзэрэг олон хүчин зүйлийн нөлөөтэй нягтхолбоотой явж ирэв.”Хүн судлалын” шинжлэх ухаан нь Өрнөд Европ болон Америкт туйлын өргөн хүрээ бүхий болж хөгжсөн ба үүний дотор “соёлын хүн судлал” онцгой байр суурийг эзэлж байна. Соёлын хүн судлал буюу культурантропологи нь судалгааны хувьд угсаатны зүй, археологи, хэл шинжлэлийг өөртөө багтааж байна. Дэлхийн 2-дугаар дайны дараахь үеэс Өрнөд-Европ, Америкийн соёл суплал ба хүн судлал улам бүр эрчээ авч өргөжин хүмүүн ба соёлын тухай мэдлэгийн тогтолцоо улам бүр боловсронгүй болж байна.Тухайлбал, Америкийн хүн судлалын холбоо нь соёлын, хэл шинжлэлийн, анагаах ухааны, биологийн, сэтгэл судлалын, хүмүүнлэгийн, хотжилт судлалын, латин америкийн угсаатны зүйн нийгэмлэг, хүн судлал ба боловсролын зөвлөл зэргийг нэгтгэн багтаадаг аж. Соёлын хүн судлал нь чухам юу судлах вэ?гэдэг асуудалд хариу өгөх нь чухал юм.Учир нь соёл суплалын олон салбарууд шинжлэх ухаан мөн бөгөөд эдгээр нь тус тусын өөрийн судлагдахуунтай.Соёлын хүн судлал нь тухайн тодорхой нийгэм-соёлын байгууламж дахь хувь хүмүүн, нмйгмийн бүлэг, нийт үндэстэн угсаатны соёлын идэвхжил хийгээд түүний нөлөөллийг судална. Хүмүүсийн соёлын үйл ажилгааны үр дунд бий болсон бүээл-үнэт зүйлс /тухайлбал, эд юмс, үзэл санаа, дүр, технелоги, хэм хэмжээ, үнэлэх шалгуур гэх мэт олон зүйлийг дурьдаж болно/, тэдгээрийг бий болгох үндэс, нөхцөл, тэдгээрт холбогдох хүмүүсийн хоорондын харилцаа, харилцан үйлчлэл. Соёлын хүн судлалыг үндэслэгч америкийн нэрт эрдэмтэн-угсаатны зүйч Франц Боас болон түүний залгамлагчдын судалгаа олон асуудалд хариу өгөх боломжийг нээж буйгаараа орчин үеийн шинжлэх ухаанд өөрийн үнэтэй байр суурийг нэгэнт эзэлжээ. Франц Боасын угсаатны зүйн судалгааны хэсэг зарим овог омгийнхны нийгмийн туршлага дамжуулах аргыг/хэл шинжлэлийн аргаар/ судалснаар сонирхолтой олон дүгнэлт гарган авсан байна. Ф.Боасын шавь Маргарэт Мид зөвхөн нэгэн язгуурт багтдаг үндэсний хэл аялгууны ялгааг судалж, түүнд үндэслэн нийгэм-эдийн засаг, улс төрийн амьдралд гарч буй өөрчлөлтийг олж тогтоожээ. Шууд болон удаан хугуцаагаар бие биетэйгээ харилцаа холбоонд оршсон нөхцөл хоёр өөр соёлын уламжлалд аль аль талаасаа өөрчлөлт гарах үзэгдэл харагдаж байна.Үүнийг “аккультураци” гэж нэрлэдэг. Энэхүү үзэгдлийг К.Маркс /1818-1883/ анхлан судалж хоёр соёл нийлэхийг диалектик үзэгдэл гэж нэрлэх байсан тухай америкийн судлаачид ч тэмдэглэжээ. “Аккультурацийн” онол-арга зүйн талаар Америкийн соёлын хүн судлалын нэртэй эрдэмтэн Дж.Гершкович олон бүтээл туурвижээ. 1936 онд АНУ болон Английн хүн судлаачид тодорхой судалгаа явуулсны үр дүнд “Аккультурацийн тунхаглан зарлах бичиг” гэдэг баримт боловсруулж, түүндээ зарчмын 5 дүгнэлт гаргасан байна. Аккультурацийн 5 хэв шинжийг дараах байдлаар илэрхийлжээ: Дийлэнх олонхи ба бүлгийн хооронд Найрсаг болон дайсагнасан хоёр нийгмийн харилцаанд Эрх тэгш ба эрх тэгш бус харилцаанд Нэг төрлийн /гомоген/ болон олон төрлийн /гетероген/ соёл-иргэншлийн харилцаанд Байршлаар ялгаатай нийгмийн зохион байгууллатын хооронд гэх мэт. Эдүгээгийн эрин цагийн онцлог бол Европын соёл-иргэншлийн түрэлт бүх дэлхийн соёлд нөлөөлөх болсонд оршиж байна. Энэхүү соёлын давуутал нь материаллаг баялгийн үйлдвэрлэл, техник-технологийн үсрэнгүй дэвшил, эдгээрийн тэмдэг-утга зүйн томъёоллын тогтолцоо буюу байгалийн шинжлэл, техникийн ухааны хөгжилд буй. Эдгээр нь өнөөгийн бүхий л амьдралын нүүр царайг өөрчлөхийн сацуу хүмүүний хөгжлийг нөхцөлдүүлж байна. Аливаа нийгмийн хөгжлийн баримжаа, шалгуурыг мөн л эдгээр нь тодорхойлон өгч байна. Өнөөдрийн нөхцөлд давуу хөгжлийн ийм түрэлтэд бүрмөсөн автаж, үндэсний дүр төохийг алдаж гээхгүй үндсэн хоёр замнал байна. Энэ бол: Үндэсний язгуур соёлын цөмийг бүтээлчээр эзэмшин хадгалах бодлого Орчин цагийн дэлхий дахины хөгжлийн эх сурвалжийг бүтээлчээр тусган авсан үндэсний хөгжлийн нэгдмэл цэгцтэй, алсын хараатай бодлого юм. Харин эдүгээ бидний монголчууд европын соёл сэтгэлгээ, шинжлэх ухаан техник технологийг бүтээлчээр эзэмшин өөртөө ашигтайгаар эргүүлэн, үндэснийхээ оюун билгийг баяжуулан хөгжүүлж нийгэм-соёлын шинэ тогтолцоо, техник технологи, шинжлэх ухааны шинэ дүр төрхийг буй болгож чадахуу, эсвэл түүхийн өвдөл цөвдөд үгүй болохуу? Хэмээх асуудал нэгэнтээ түүхэн бодит байдал болон тулгарч ирж байна. Соёлын хүн судлалын түүхэн хөгжил. Америкийн эрдэмтэн Л.О.Уайт /1900-1975/ “Соёлын тухай шинжлэх ухаан” /1949/, “Соёлын эволюци” /1959/, “Соёлын тухай ойлголт” /1973/ бүтээлүүддээ соёл судлалыг бие даасан шинжлэх ухаан болохынх нь хувьд тууштай үндэслэж, улмаар үе үеийн эрдэмтэд судлаачид соёл судлалын судлах зүйл, бүтэу онцлог, судалгааны арга зүйг нарийвчлан тодотгосоор байна. Соёл судлалын ухааны үндсэн объект болох “соёл” схэмээх үзэгдлийн талаар өнөөдөр асар их мэдээлэл материал хуримтлагдсан бөгөөд түүний тухай тодорхойлолтын тоо хагас мянгад хүрч, судалгааны олон тооны хандлага чиглэл, соёлын загварыг нэгэнт буй болгоод байна. Эдгээр н ь соёлын үзэгдлийг шинжлэх ухааны янз бүрийн салбар өөр өөрийн судлах зүйлийн хүрээнд, өөр өөрийн өвөрмөц аргаар авч үзсэнтэй, тэрчлэн стүүнд хандах эрдэмтэн, судлаачдын субъектив сонирхол нөлөөлсөнтэй холбоотой зэрэгцээ, уг үзэгдэл өөрөө нарийн түвэгтэй олон тал онцлогтой, хамрах цар хүрээ өргөнтэйн улмаас голчлонэ шалтгаалсан гэж үзэх үндэстэй юм.Соёлын үзэгдлийг мөн түүх, археологи/хуучны судлал/, хүн судлал, угсаатны зүй, этнологи, шашин судлал, ёс зүй, сэтгэл сүдлал, хэл шинжлэл, урлаг судлал, социологи, улс төр судлал г.м. ш/у-ны олон салбар судалдаг ч тэдгээр нь соёлыг зөвхөн өөрийн цонхоор харж, өөрсдийнхөө үзэл баримтлал, онол дүгнэлтийг олонхидоо тус тусдаа боловсруулж иржээ. Энэ нь түүнийг өөр өөрсдийн судлах зүйлийн хүрээнд авч үзэж, өөрсдийн арга зүйгээр л судлана гэсэн хэрэг юм. Тухайлбал сэтгэл судлал сэтгэцийн үзэгдлийг соёлын судлагааны объект болгодог бол археологи нь нэгэн тодорхой цаг үед амьдарч байсан хүмүүсийн эдлэж хэрэглэж байсан зэр зэвсэг, сав суулга, гоёл чимэглэлийн зүйлс, байр сууц, хот суурингийн балгас, үлдэгдэл яс сэлтийг судалгааны баримт болгон ашигладаг байх жишээтэй. Иймэрхүү жишээг аль ч шинжлэх ухааны хүрээнд олж үзэж болно. Тусгаар ш/у-нуудын эдгээр салангид байдал, тэдгээрийн судалгааны эрэл хайгуулын эзгүйдэл, давхацал, онол баримтлалын ялгаа зөрчил зэрэг нь зарим тохиолдолд тэдгээрийг бүр эсрэг тэсрэг байр сууринд аваачих нь ч бий. Чухам ийм учраас эдгээр ш/у-ны тодорхой салбаруудын ололт амжилтыг “дунд шатанд” нэгтгэн дүгнэх, “соёл” хэмээх феномены мөн чанар, онцлог, түүний хөгжлийн зүй тогтлыг нээн илрүүлэх, интегратив чанартай, биеэ даасан тусгай ш/у-ны салбарыг буй болгох хэрэгцээ шаардлага “нийгмийн захиалгаар” зүй ёсоор урган гарсан юм. ХХ зууны сүүлээр ардчилал, зах зээлийн харилцаа өргөжин тэлж, улс орон, ард түмнүүд, тэдгээрийн соёл хоорондын холбоо харилцаа эрс өслөө. Даяарчлалын үйл явц эрчимтэй өргөжиж нийгмийн амьдралын бүхий л хүрээг хамран бүчиж авлаа. Угсаатны мөргөлдөөнүүд. Соёлын зөрчлүүд хүн төрөлхөтний нэгдлийн тухай хуурамч гуманизмыг таягдан хаяв. Соёл судлалаас арай эртхэн соёлын хүн судлал /этнологи/ үүссэн бөгөөд баруунд ш/у-ны тэдгээр салбарууд харилцан бие биеэ нөхөн гүйцээж, нягт холбойтойгоор эрчимтэй хөгжиж, соёл нийгэмд асар их үүрэгтэйг, тэрчлэн нийгмийн амьдралын бүхий л талд үйлчилж байдгийг тодорхой илтгэн харуулсаар байна. Соёлын нийгмийн үүргийг ухамсарлан ойлгосноор э/з, у/т-ийн хүчин зүйлийн гүйцэтгэх үүргийг туйлчилдаг үзэлд цохилт өгсөн байна. Э/з, у/т ч соёлын онцлогоор ихээхэн тодорхойлогддог болох нь тайлбарлагджээ. Нэг л хэлбэрийн э/з, эсвэл у/т нь өөр өөр хэв маягийн соёлтой нийгэмд янз бүрээр илэрдэг байна. Түүгээр ч барахгүй соёлын онцлог л чухамхүү тухайн э/з, у/т-ийг төрүүлдэг байна. Энэ бүгд нь соёл судлалын ш/у-ны нийгмийн болоод мэдлэгийн тогтолцоон дахь үүрэг, ач холбогдлыг тодорхой илтгэж байна. Өнөөдөр соёл судлал өөрийн судлах зүйл, судалгааны аргаа улам бүр тодотгож яваа хэдий ч өөрийн салаа мөчрүүдийг аль хэдийнээ бүрдүүлсэн юм. Соёл судлалын ш/у-ны салбарт соёл судлал, соёлын түүх, соёлын философи, соёлын э/з, соёлын газар зүй, культурометр, соёлын социологи, соёл судлалын сургаалийн түүх, соёлын сэтгэл зүй, соёлын экологи тэрчлэн музей судлал, номын сан судлал, хавсрага соёл судлал г.м.-ийн олон салбарыг нэрлэж болно. Соёл хоорондын ялгааг соёл судлалын “когнитив” болон “”сенсотип” ойлголтуудаар тайлбарлах тухай. Олон янз соёлыг танин мэдэх, сэтгээлгээгээр ойлгох, хүлээн зөвшөөрөх талаар түлхүү судалсан эрдэмтэд бол М.Г.Сегалл, Д.Т.Кемпбелл, М.Херсковиц, соёл сэтгэлгээний талаар М.Коулу, С.Скрибнер, соёлыг таниулах болон соёлын сэтгэлгээг хөгжүүлэх талаар М.Коулу, Ж.Глику, В.Д.Шарпу нар ихийг судлаж онолын дорвитой бүтээлүүдийг гаргасан билээ. Эдгээр эрдэмтдүүдийн үзэж байгаагаар уламжлалт сэтгэлгээн төвшиндөө байгаа нийгмийнхэн соёлыг ойлгох сэтгэлгээ нь логикийн өмнөх хэв маягтай бөгөөд энгийн соёлын хийсвэрлэлийг логикт ач холбогдлоор шийдвэрлэдэггүй. М.Коул, С.Скрибнер нар “хүй нэгдлийн логик”-кийг баталсан тухай олон янз сэтгэлгээ өнөөдрийг хүртэл алга байна гэжээ. М.Коул:”өрнө болон дорнынхон хүрээлэн буй орчин, ертөнцийн талаар объектив мэдлэг авахын тулд аль алин нь мэдээлэллийг цэгцлэх, ангилах, ойлголтын тогтолцоог үүсгэдэг байна. Сэтгэлгээний олон янзыг “сэтгэлгээний техник” гэж томъёлон олон янзаар тайлбарласан билээ.1-рт Экологи, ландшафтын өөр өөр нөхцөл байдал, 2-рт тухайн үндэстэн ястны соёлын тогтолцооны хүнд хөнгөн төвшин, 3-рт үнэт зүйлсийн тогтолцоо, баримжаалал, уламжлалт шүтлэгийн онцлогоос шалтгаалсан. Онцгой ач холбогдолыг хэл соёлд болон ертөнцийг танин мэдэхэд ихээр нөлөөлдөг гэсэн үзэл эзэлдэг. Энэ үзэл баримтлалыг уг үзлийг дэлгэрүүлэгч америкийн эрдэмтэн, хэл шинжээч Сэпир Уорфын нэрээр нэрлэсэн. Сепирын үзлээр хэл нь зөвхөн утгыг илэрхийлээд зогсохгүй бидний сэтгэлгээ утга санаагаа илэрхийлэх хэлбэр шалтгаалдаг гэсэн. Мөн Сепир нь бид хэлээр дамжуулан ертөнцөө бүтцэлдэг. Мөн соёлын олон янз ойлголт сэтгэлгээ нь тухайн ард түмнүүдийн хэл зүй дүрмээс шалтгаалан орчин тойрно ертөнцөө хүлээж авах, таних аргууд нь өөр өөр байдаг гэсэн. Энэ үзэл нь соёл судлалд “социолингвистик” чиглэл болон хөгжсөн. Эрдэмтэн Х.А.Виткин, Ж.Берри, Р.Болтон, М.Коул болон бусад соёлын антропологуд нь соёл доторх танин мэдэх, сэтгэхийн олон янзыг тайлбарласан байдаг. Энэ тал дээр эрдэмтэн Виткины боловсруулсан “когнитив” онол онцгой ач холбогдолтой юм. Когнитив загвар нь хүний оюун ухаан-аналитик үйл ажиллагааг тодорхойлох, хүлээн авах г.м. тодорхойлдог. Эрдэмтэн нь үндсэн 2 төрлийн когнитив загварыг цохон тэмдэглэсэн байдаг: артикуляр болон глобал.

Соёлын универсализм


Соёлын түгээмэл шинж.

Бүхий л соёлд нэгэн адил хамаарагддаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг соёлын түгээмэл шинж буюу соёлын универсаль гэж нэрлэдэг.

Соёл нь оюун санааны туршлагыг бүтээх, хуримтлуулах чанараар тодорхойлогддог. Ингэх явцдаа нэг нэгэндээ харш олон янзын соёлын уламжлалууд зэрэгцэн оршино. Жишээ нь: домог зүй ба шинжлэх ухаан, шашны ба иргэний үзэл, энгийн (утилитар) болон романтизм, хувиа хичээх болон бусдад өгөөмөр хандах рационал болон иррационал, амар амгалант болон лүндэнт г.м.

Соёлын хөгжлийн түүхийн бүхий л явцад хүн танин мэдэх, эрэгцүүлэн бодох, мөн хүн мэдлэг, итгэл үнэмшил, оюун санаа, сэтгэл хөөрөл, аскетизм, догматизм, романтизм, интуици мэдлэг мэдэрхүйнүүдийг ялган салгаж хөгжүүлсээр ирсэн. Соёлын универсализм чадварын нэг нь нийгэм соёлд үүрд мартагдсан гэх феноменуудыг ахин сэргээдэгт оршино.

Жишээ нь: бид музей, уран зургийн галларей, антикварын худалдаа гэх мэт газарт түүхийн хугацаанд хүний оюун ухаан ур чадвараар бүтсэн эрхэм дээд бүтээлүүдийг хардаг. Хүнийг голчилж үзвэл хүний орон зай, цаг хугацаа, ахуй амьдрал бүгд хүний амьдрал дуусмагц ул мөргүй алга болдоггүй байна.

Түүх хүнийг төрүүлдөг, харин хүн тухайн цаг хугацааны дүр төрх, орон зайн дутууг нөхөж дүүргэдэг байна. Хүнийг судална гэдэг нь тухайн түүхийн ертөнцийг судална гэсэнтэй адил. Хүний бүтээсэн бүтээл тухайн цаг хугацаа нь дахь хүний оюун ухаан, сэтгэлгээг буулгадаг. Энэ нь хүн төрлөхтний архетип туршлагыг нөхөн үйлдвэрлэдэг ба хүн соёлоос илүү баялаг, өгөөмөр хязгааргүй буюу төгсгөлгүй чанартай гэж хэлж болно.

Хүний тачъядал хосгүй, нандин, мөнх, шинж чанартай. Эдгээр шинж чанарууд түүхийн аль ч үед өөрийн бүхэллэг байдлаа алдахгүй дараа үедээ очдог. Түүхийн урт хугацаанд хүний социологи абстракцаар буюу нийгмийн олон талт үүргийг гүйцэлдүүлэгчээр үздэг байв. Нийгэмшүүлэх явцыг нэгд тавьж, хүн нийгэмшсэнээр соёлждог гэж үзвэл яагаад хүн бүр өөрийн гэсэн онцлогтой, зохирол, тэмүүлэлтэй байдаг юм, тэмүүлэл зорилгодоо зориулж чаддаг юм бэ? гэсэн асуултууд гарна. Тэгвэл эдгээр нь тухайн түүх соёл дахь хүний универсализм юм.

Хадны сүг зураг, анхны бичиг гэх мэт мэдээлэл, мэдлэг бүхэн түүхийн явцад хүмүүсийн хүсэл зорилго, мөс чанар, хайр дурлал, сэтгэлгээ ухааныг нэгдүүлж байв. Хүн төрлөхтний хайр дурлалыг үзвэл, үүнд универсализм харагддаг. Өөрөө хэлбэл, хүний хайр дурлалд хүний мөн чанар, оюун сэтгэлийн олон янз тэмүүлэл, дотоод субъективизмээр илэрч тодорхойлогддог байна.

Хүн төрлөхтний эрос чанар хувь хүн бүрийн амьдралын туршид хамт байж, хувь хүн бүрт үлэмж өөрийн гэсэн онцлогтой ховор мэдэрхүй болж хүмүүсийн ахуйн амьдарлын суурь болж, амьдарлыг үзэх үндэс нь болдог байна. Эрос нь хүн төрлөхтний тачъядлын нэг хэсэг болохынхоо хувьд хүнийг философийн үүднээс танин мэдэхэд тусгадаг. Хайр дурлалын нууцыг танина гэдэг бол хүний феноменийг танин мэдэхтэй адил. Аливаа хүн аль соёл хамаарч байгаагаасаа үл хамааран ганцаардлыг гэтлэх, өөрийн дотоод ертөнцийн цар хүрээг тэлэхийг эрмэлздэг. Хүний хайр дурлал утга зохиолоор дүүрэн,эсвэл утга зохиол болдог учраас домог туульс бий болно гэж үзэж болно.

Оросын философич Н.А.Бердяевын үзлээр: “Платон нь утга зохиолдын хүчиг эзэмшсэнээр “тэнгэрлэг“ Афродита болон “энгийн” Афродита хоёрын хоорондох ондоошилтыг ойлгосон гэдэг.

Тэнгэрлэг Афродитад дурласан хүн ер бусын хайр дурлалтай учирч энэ нь тухайн хүнд мөнх оршихуйн замыг нээдэг. Энгийн Афродитад дурлах нь биологи, хариу шаардсан нэхсэн байх бөгөөд уламжлалт чанартай. Иймээс Эрос нэн эртний бурхадын нэг, харин хайр дурлал гэдэг нь универсаль мэдэрхүй юм” гэжээ. Эрос нь хүний мөн чанар дахь шинж бөгөөд хувь хүн бүрт хосгүй гайхамшигтай шинжээр илэрдэгээрээ универсализм гэлтэй.

Хайр дурлалын мэдэрхүй архетип талтай, соёл эротизмд нөлөөллийг үзүүлдэг учраас тухайн нийгэмд ноёрхож буй дэг журмын хэм хэмжээг тогтоож, нийтийн сэтгэл хөдлөлийг хэлбэржүүлдэг. Хүн төрлөхтний түүхэнд дурлалын тачъялд автсан, ариун ёсыг дагасан гэх мэт бүхэнд аль ч түүхэнд үе дэх хүн өөрийн сэтгэлгээ, мэдэрхүйг тэдгээрт таньж, олж хардаг гэж хэлж болно.

Түүхийн хөгжил эрчимжихийн хэрээр соёлын бүтцэд өөрчлөлт ордог. Өөрөөр хэлбэл, соёлыг дотоод зохион байгуулалтын зохирлын байдалд өөрчлөлт өртдөг. Энэ нь соёлын зарим элементүүд өөрийн үнэлэмжийг тодорхойлж чадахгүйд хүрсэнээр нийгмийн ухамсрын хүрээ рүү шахагддаг байна. Түүхэн нэг үе оюун санааны хэсэг үнэт зүйлсийг идэвхижүүлдэг. Ингэх явцдаа эдгээр үнэт зүйлсүүд өөрт нь садаа учруулж байгаа хөгжлийг сааруулж, саармагжуулж буй үнэлэмжүүдийг шахан холдуулдаг байна.

Хувь хүн бүр өөрийн гэсэн онцлогтой уникал мэдэрхүйтэй. Иймээс түүхийн тодохой үе бүхэн өөрийн гэсэн оюун санааны үнэлэмжүүдийг бүрдүүлж, хөгжүүлж, үүсгэдэг байна. Жишээ нь түүхийн хөгжлийн явцад хүн төрлөхтөн домог зүйгээс мөргөл рүү, мөргөлөөс шүтлэг рүү, шүтлэгээс иргэний сэтгэхүй рүү улмаар оюун санаа ухаан руу орсон.

Түүхийн нэг үе шат дахь оюун санааны үнэт зүйлс, баримжаалал нь дараа үеийн оюун санаа үнэт зүйлсээр шахагддаг, гэхдээ өнгөрч буй үнэт зүйлс баримжааалал дээр суурилж өөрчлөгддөг ажээ. Шахагдсан хүрээ рүү түлхэгдсэн соёлын үнэт зүйлс баримжааллууд өөрсдийгөө хадгалах, ахин сэргээх гэх мэт соёлын функциудыг хэрэглэдэг ба соёлын хөгжлийн бүтцэд өөрчлөлт орохыг хүлээдэг байна.

Жишээ нь өрнийн соёлын гэгээрлийн соёл дахь шид тарни нь ноёрхогч соёлын нөлөөгөөр тухайн үед үгүй болсон ч дараагийн зуунд романтизмын төлөөлөгчдөөр ахин сэргээгдэж, анх байснаасаа дээгүүр төвшнөөр солигдон хөгжсөн.

Хүн төрлөхтний соёлын өв сангийн оюун санааг нэг талаас мэдлэг, нөгөө талаас шид танийн мэдээллүүд бүрдүүлдэг. Соёлын энэ универсаль нь зарим тохиолдолд нурдаг, зарим уламжлалуудын бие даасан байдлыг арилгадаг бөгөөд энэ нь соёлын ижилсэлтийг үүсгэдэг.

Карл Маркс зарим түүхийн формацад ухамcрын хоёрдмол процессыг ажигласан байдаг. Энэ нь нийгмийн үйлдвэрлэл, нийгмийн хөгжил эрчимжихийн хэрээр нийгэмд ядуурал үүсэж, ихсэж, зарим тохиолдолд нийгмийн хөгжлийн доройтолд орж байхад нийгмийн гишүүдийн ухамсар сэтгэлгээний соёл ахидагийг олж харсан.

Соёлын өөр нэг универсаль чанар нь соёл байнга өөрийн бүхэллэг байдлыг дүүрэн байлгахыг шаарддаг. Өөрөө хэлбэл өөрийн универсализмыг сэргээхийг оролддог. Соёлд бүрдвэрүүд нь мөхөж үгүй болдоггүй, замхран үгүй болдоггүй, гагцхүү эдгээр нь хумигддаг, хаадаг. Тийм учраас эдгээр бүрдвэрүүдийг нээх идэвхижүүлэх, бүрдвэрүүдийг соёл нь бүхэллэг дотроо тодорхойлон хэрэглэхийг оролддог байна. Ийм учраас соёл мөхдөггүй, гагцхүү нэг хэсэг хугацаанд хумигдмал буюу тогтонги байдалд ордог.

Одоогоор хүн төрлөхтөн домог, шашин, философи гэгч гурван үе шатыг туулжээ. Германы соён гэгээрүүлэгч философич Г.Лиссенг өөрийн зохиол болох “Хүн төрлөхтнийг хүмүүжүүлэхүй“ (1780) зохиолдоо “Аливаа ухамсрын хэв маяг нь тухайн цаг үедээ үйлчилж дуусаад тухайн түүхэн дэх оюун санааг бүр мөсөн орхидог, гагцхүү түүх соёлыг хэзээ ч орхидоггүй“ гэсэн ба “органик хөгжил, шинэ шинэ нээлтүүд нь хүн төрлөхтнийг төгс байдал руу нь оруулж байна“ гэжээ. Энэ процессоо зохиолч “нийгмийн динамикийн хууль” гэж нэрлэсэн.

Цаашлаад Г.Лессинг “хүнд гурван төрлийн нас байдаг” гэж үзсэн. Энэ нь чулуун зэвсэг буюу паллеолитийн үеийн хүний нас, бурхныг шүтэж ирсэн нас, шинжлэх ухааныг ойлгож, дээдэлсэн нас. Өөрөө хэлбэл, ёс суртахууны гурван нас. Хүн төрлөхтний ёс суртахуун нь нийгмийн хөгжлөө дагадаг, цөөн тохиолдолд дагуулдаг. Г.Лессинг хүмүүжил ба өөрийгөө нээх гэдэг ойлголтыг дэлгэрүүлсэн. Хүмүүжүүлэх гэдэг нь хувь хүн бүхэнд байдаг, өөрийгөө нээх гэдэг нь хүмүүсийн уламжлалтай холбоотой. Үүнд соёлын универсализм харагдаж байна.

Г.Лессинг мөн хүн төрлөхтний оюун санааг тунгалаг, ариун болгож байсан явдал бол хүмүүсийн оюун санааныхаа мөн чанарт хүрэхийн тулд хийх, бүтээх гэсэн оролдлогуудын чадвар эрмэлзэлд оршино. Энэ нь хүн оюун санааны өндөрлөг рүү явж буй мэт. Харамсалтай нь Г.Лессинг архаикийн үед хаанаасаа, яаж ухамсрын олон янз хэлбэр соёлд ахин сэргээснийг тайлбарлаагүй юм.

Соёлын универсализм нь өнгөрсөн соёлын бүхий л туршлагыг дараагийн үед сэргээдэг байна. Иймээс өнөөдрийн бидний нээгээд байгаа бүхэн нь өнгөрсөнд байсныг сэргээж байна гэж хэлж болох талтай.

Ямартай ч соёлд гарч буй хөгжил, өөрчлөлт, шинэчлэл, аливаа бүхэн нь хүнтэй холбогдолтой ирсэн. Эрдэмтэн Б.Л.Губманы хэлснээр эдүгээ соёл болон нийгмийн амьдралын аливаа сайн руу тэмүүлсэн өөрчлөлт, хөгжлийн шалтгаан нь хүнийг үнэн бодитоор үнэлэх хийгээд хүний универсализмыг ойлгох, дүгнэх явдалд оршино гэдгийг цохон тэмдэглэж байна.

Эртний Египт, Месопотамийн соёл. Хүн төрөлхтний эртний үеийн соёлын нэг томоохон төв нь Египтийн соёл байлаа. Эртний Египтийн соёлыг МТӨ 4 мянган жилийн сүүлчээс МТ 332 он хүртэл үргэлжилсэн гэж үздэг. МТӨ 4 мянган жилийн сүүлчээр Египт улс бий болсон бөгөөд Нил мөрний хойд, өмнө хэсэгт олон мужуудад хуваагдсан 40 шахам хот бий болж хөгжжээ. МТӨ 4 дэх мянган жилийн хоёр дахь хагаст улс төрийн хоёр томоохон нэгдэл гарч ирсэн бөгөөд нэг дэхь нь Буто төвтэй хойд ханлиг, нөгөө нь Нехен нийслэлтэй өмнөд ханлиг хоёр бүрэлдэн тогтсон байв. МТӨ 3 мянган жилийн эхээр өмнөд Египтийн Мина хааны ялалтаар нэгдсэн Египт улс бүрэлдэн тогтсон юм. Тэрээр шинэ улсынхаа анхны нийслэл болох Мемфес хотын анхны хамгаалалтын хэрэм ханыг босгосон нь тэр үеийнхээ том ололт байв. Эртний Египтийн соёлын түүхийг: - Династийн өмнөх үе /МТӨ 4000 жилээс/ - Эртний үе /МТӨ 3000 жилээс/ - Дунд үе /МТӨ 3000 жилийн сүүлээс 2000 жил/ - Шинэ үе /МТӨ 2000 жилээс МТӨ 1000 жил/ гэж хуваан үздэг. Эртний Египт улсыг “гол мөрнийг дагасан иргэншил”-ийн сонгодог жишээ гэж үздэг бөгөөд энэ нь Египт улсын оршин тогтноход Нил мөрөн шийдвэрлэх үүрэгтэй байсан явдалтай холбоотой. Үржил шимтэй хөрстэй Нил мөрний хөндийд хөгжиж байсан газар тариалангийн аж ахуй нь нэгдмэл шинж чанартай явагддаг байсан учраас нэгдмэл төвлөрсөн улс бий болоход чухал түлхэц болсон аж. Нил мөрний гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг үнэлэн эртний Грекийн түүхч Тородод Египт орныг Нил мөрний билэгдэл гэж нэрлэх бүрэн үндэстэй гэж бичсэн байна. Египтийн соёл нь бүхэлдээ далд шүтээний /сакраль/ шинжтэй соёл байлаа. Египтчүүд өөрийн эх орноо дээд тэнгэрүүд бүтээсэн гэж үздэг. Тэд шүтдэг бүх бурхадаа ертөнцийн зүй зохицол, хэв журам, хууль ёс, хот суурин, хаад ноёдыг бүтээсэн төдийгүй гар урлал, бичиг үсэг, мэдлэг ухааныг бүтээдэг гэж үздэг. Бурхадыг шүтэн бишрэхийн хамтаар Египтчүүдийн амьдралд бурханчлагдсан хаан Фараон чухал үүрэг гүйцэтгэж байв. Египтчүүд хааныгаа зөвхөн газар дэлхийн эцэг төдийгүй дээд тэнгэр нарны бурхан Ра-гийн элч хэмээн үздэг байсан. Фараон хаан Египтийн шашны бүх үйл ажиллагааны төв болж байв. Иймээс Фараон нь улс орныхоо хөгжил цэцэглэлтийг хангах, элдэв ёслол, зан үйлийг гүйцэтгэгч дээд төлөөлөгч, хүмүүсийн дунд амьдрагч газрын бурхан хэмээн үнэлэгддэг байжээ. Дээд тэнгэрээс бурханчлагдсан хаан нас барсны дараа түүнийг Осирис бурхантай адилтган үзэж Фараоны хэмжээгүй эрхт засаг, үхэшгүй мөнхийн үзэл санааны илрэл болгон Египтийн олон гайхамшигт пирамидуудыг босгосон юм. Египтчүүд зэрлэг амьтад болон гэрийн тэжээмэл амьтад, түүгээр барахгүй засаг шувуу зэрэг амьтдыг шүтэж байсан нь тэдний шашны төсөөлөлд онгонд шүтэх үзэл гүнзгий шингээстэй байсныг харуулж буй хэрэг мөн. Египтийн хөгжлийн түүхэн хувьслыг ажихад Фараоны хаанчлалаас өмнө хөгжингүй газар тариалантай, МАА-тай мөн нэхмэлийн гар урлалтай, дарс үйлдвэрлэдэг орон байсан нь түүхийн баримтаас тодорхой харагддаг. Энэ үед мөн үйсэн дээрхи бичиг үйлдэж байсан нь бичгийн соёл өргөн тархах бололцоог бий болгосон байна. Энэ нь хүн төрөлхтний соёлын хөгжилтөнд гарсан том ололт байлаа. Иймээс ч Египтчүүд эртний хаадын үеэ өөрсдийн соёлын түүхийн алтан үе гэж нэрлэдэг. Дунд хаанчлалын үед өмнөх үеийн соёлоо уламжлан авч явжээ. Тухайн үед Египтчүүд металл хайлуулах арга ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хүрэл зэвсгийг өргөн ашиглаж эхэлсэн. Мөн шил боловсруулах урлал ч бий болжээ. Анагаах ухааны хөгжилд занданшуулах болон муми үйлдэн хийх ажиллагаа тодорхой амжилтанд хүрч улмаар хүний биеийн анатомын болон физиологийн талын мэдлэгийн хүрээнд ч багагүй амжилт олсон. Дунд хаанчлалын уран сайхны соёлд урлагийн төрөл дотроос уран барилга, уран барималын урлаг хөгжиж байв. Пирамидыг чулуугаар бус тоосгоор барих болсон. Энэ үед пирамидаас гадна сүм хийдийн барилга хүчтэй хөгжсөн. Бунхан хийгээд сүмүүдийг олон тооны багануудаар болон маш их гоёмсог чимэглэлтэйгээр нүүрэн талыг үйлддэг болсон байна. Дунд хаанчлалын үеийн соёлын бас нэг томоохон ололт нь утга зохиол юм. Гол бүтээлийн нэгд Синухетийн түүхийг нэрлэж болно. Уг бүтээлд хүн сүнстэйгээ харилцаж түүнийг шүтсэн тухай, хүний амьдралд тохиох сайн муу зүйлийн тухай, уй гашууд автсан хүний гутранги үзлийн тухай зэрэг амьдралын эрээн барааныг өгүүлсэн байдаг. Жинхэнэ роман юм. Шинэ хаанчлалын үед төмрийг хатаах шинэ технологи гарч ирснээр барахгүй арьс ширийг боловсруулах, суурь машиныг ч бүтээсэн нь том амжилт байсан. Усан төхөөрөмжийн системийг бий болгосноор газар тариалан болон цэцэрлэгжүүлэлт эрчимтэй хөгжсөн. Энэ үеийн хамгийн алдартай дурсгал нь Фивах дахь Карнакын болон Луксорын сүмийн барилга юм. Дээрхи сүмийн барилгууд нь олон баганат уран барилгын гайхамшигт цогцолбор байсан. Утга зохиол, тэр дундаа үргэлжилсэн үгийн олон төрөл зүйлийн утга зохиолд амжилт гарчээ. Хамгийн гайхамшигтай бүтээл нь шашин шүтлэгийн утга зохиолын дурсгал болох “Мөнхрөгсдийн ном” /Книга мертвых/ юм. Энэ номыг үндсэндээ шашны амьдрал зан үйлийн нэвтэрхий толь гэж хэлж болно. Эртний Египтийн соёл өнөө хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа билээ. Грекийн аугаа их сэтгэгч Платон Египтийн соёлыг “Хүн төрөлхтний бүх соёл ба иргэншлийн эх нь юм” гэж хэлжээ. Месопотамийн соёл. Месопотамийн /хоёр мөрний ч гэж нэрлэдэг/ соёл нь үүссэн цаг хугацаагаараа Египтийн соёлтой үндсэндээ давхцдаг. Месопотамийн соёл нь Тигр, Евфрат хоёр мөрний хөндийд МТӨ 4000 жилийн тэртээгээс МТӨ VI зууны дунд үеийг хүртэл оршиж байсан соёл юм. Египтийн соёлтой харьцуулж үзвэл Месопотамийн соёл нэгэн төрлийн бус олон төрлийн соёлыг нэгтгэж байдгаараа онцлог ялгаатай. Өөрөөр хэлбэл олон угсаатан, ястнуудын харилцан бие биедээ уусан шингэсэн үйл явцын дунд бүрэлдэж тогтсон олон талтай соёл болно. Хоёр мөрний хөндийн өмнө хэсэгт нь: шумерчууд, аккадчууд, вавилончууд, халдейчууд оршин нутаглаж байсан бол хойд хэсэгт нь ассирчууд, хурритчууд, арамейчууд нутаглаж байжээ. Энэхүү олон угсаатан, ястанууд дотроос Шумерчууд, Вавилончууд, Ассирчуудын соёл нь бусдаасаа илүү өндөр хөгжлийг олж чадсан. Шумерийн соёл. Шумерчуудын үүсэл гарлын тухай асууда одоо хүртэл тодорхойгүй байгаа юм. Шумерчууд МТӨ 4000 жилийн үеээс хоёр мөрний өмнөд хэсэгт суурьшиж, энэ сав нутгийн дараах үеийн соёл ба иргэншлийн эх үндсийг тавьж өгчээ. Энэ нь гол мөрнөөс хамааралтай соёл байснаараа Египтийн соёлтой адил юм. Шумерийн хойд хэсэгт орших семитчүүдийн хот Аккад МТӨ 14-13 зууны үед хөгжлөөрөө тэргүүлэх байр сууринд гарч ирсэн ба улмаар шумерийн газар нутгийг өөрийн засаг захиргаанд оруулж чадсан. Улмаар Аккад хэл нь шумер хэлийг шахан гаргаж, нийт Месопотамийн газар нутаг дээрх гол хэл болжээ. Тиймээс ч Аккадын үеийг зарим судлаачид шумер-аккадыг соёл гэж нэрлэх тал бий. Шумерчуудын соёлын асуудалд тэдний бичиг үсгийн соёлын ач холбогдлыг онцгойлон анхаарч үзэх ёстой. Шумерчуудийн боловсруулсан “шаантаг бичиг” /дүрс үсэг/ нь тухайн үедээ хамгийн боломжтой, хамгийн үр дүнтэй бичиг болж байсныг өнөөгийн судлаачид өндөр үнэлдэг. Шумерчуудийн уран сайхны соёлд уран барилгын урлаг чухал байр суурийг эзэлдэг. Шумерийн уран барилга, Египтийн уран барилгаас ялгагдах гол ялгаа нь түүнийг чулуугаар биш тоосгоор барьж байсанд оршино. Энэ үеийн уран баримал нь уран барилгынхаа хөгжилд хараахан хүрч чадаагүй байсан гэж судлаачид үздэг ба гол төлөв шүтлэг бишрэлийн зориулалтын шинжтэй байжээ. Вавилоны соёл. Хоёр үндсэн хэсэгт хуваан үздэг. 1-р үе. МТӨ 2000 жилийн эхний хагасыг хамаардаг 2-р үе. МТӨ 1000 жилийн дунд хүртлэх үеийг хамаардаг. Хаммурап /МТӨ 1792-1750/ хааны үед Вавилон улс өөрийн хөгжлийн дээд шатандаа хүрсэн гэж хэлж болно. Тухайн үеийн соёлын үнэт зүйлсээс хоёр чухал дурсгал одоо ч үнэ цэнэтэй хэвээр үлджээ. Нэг дэхь нь эртний дорно дахины хууль эрх зүйн сэтгэлгээний гайхамшигт дурсгалт зүйл болох “Хаммурапийн хууль” бөгөөд 282 зүйлээс бүрдэх уг хууль нь Вавилоны нийгмийн амьдралын бүхий л талыг хамарч чадсанаараа гайхамшигтай юм. Хоёр дахь дурсгалт зүйл нь Хаммурап хааны өөрийн дүрийг бүтээсэн хоёр метр гаруй өндөр баримал. Энэхүү баримал нь дээд тэнгэрийн билэгдлийг илэрхийлж, чулуун баганан дээр бүтээсэн бөгөөд түүний хажууд Хаммурапийн хуулийн гол зарчмуудыг бичсэн байдгаараа онцлогтой. Шинэ Вавилон Навуходепосоре /МТӨ 605-562/ хааны үед Вавилоны соёл хөгжлийнхөө өндөр шатанд хүрсэн гэж үздэг. Учир нь түүний хаанчлалын үед дэлхийн долоон гайхамшгийн нэг Семирамидын “дүүжин цэцэрлэг” байгуулагдсан юм. Энэхүү гайхамшгийг хайр дурлалын билэгдэл гэж үздэг. Дээрх гайхамшигтай энэ зэрэгцэхүйц бас нэг дурсгалт зүйл бол Вавилоны цамхаг болно. Эл цамхаг нь Вавилончуудын шүтлэгийн гол тэнгэр болох Мардука бурханы сүм байрлаж байгаа тэр орчинд босгогдсон бөгөөд Месопотамийн хамгийн өндөр /90 метр/ цамхаг юм. Шинжлэх ухааны салбарт Вавилончууд багагүй зүйлийг хийж бүтээсэн. Ялангуяа одон орон судлал ба математикийн салбарт тэдний бүтээсэн ололтуудыг онцлох хэрэгтэй. Тэд дэлхийг тойрон эргэх сарны хугацааг магадлалтай үнэнээр тооцон гаргаж ирсэн бөгөөд нарны хуанли, од, тэнгэр, газрын зургийг зохиосон нь тухайн үеийнхээ шинжлэх ухааны том ололт байлаа. Вавилоны одон орон судлаачид зурхайн ухааны мэдлэгийг үүсгэж, математикчид нь арифметик ба геометрийн үндсийг тавьж, түүгээр ч үл барам зэрэг дэвшүүлэх, язгуур гаргах болон газар хэмжих геометрийн хэмжигдэхүүнийг тэд бүтээсэн. Ассирийн соёл. Месопотамийн үеийн гурав дахь хүчирхэг хот улс нь Ассир юм. Ассир нь МТӨ 3000 жилийн тэртээгээс үүсч, МТӨ 2000 жилийн 2-р хагаст хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн. Ассирчуудын уран барилга уран сайхны соёлын томоохон ололт нь байв. Ассирчуудын уран барилгын дурсгалд II Саргона хааны ордны цогцолбор болон Ашшурбанапалын ордны барилгыг нэрлэж болно. Дээрхи ордны барилгын гадны талын ханан дээрх чимэглэлүүд нь дайн тулааны үйл явдал, ан гөрөө, шүтлэг бишрэлийн зүйл, хаадын амьдрал зэрэг олон зүйлсийг товойлгон дүрслэх аргаар үзүүлснээрээ онцлогтой. Ассирчуудын товойлгон дүрслэх урлаг дэлхий дахины хэмжээнд одоо ч өндөр үнэлэгддэг юм. МТӨ VII зуунд Ассирын сүүлчийн хаан Ашшурбанапал 2500 үг бүхий шаантиг бичгээр бүтээсэн бүхэл бүтэн хүснэгт бүхий номын санг байгуулжээ. Энэ номын сан тухайн үедээ Ойрхи Дорнодын хамгийн том номын сан байлаа. Уг номын санд хоёр мөрний сав нутагт хамаарагдах түүх соёлын дурсгалын бараг бүх материал тэмдэглэгдсэн гэж хэлж болно. Тиймээс ч энэхүү номын санг Месопотамийн соёлын агуу их ололт гэж зүй ёсоор үнэлж үздэг.


Эртний Грек, Рим, Славуудын соёл.

МТӨ III мянганы тэргүүн хагас хүртэлх үеийн Грекийн соёлын хөгжилд - Нэн эртний соёл иргэншил /МТӨ III-II мянган/ - Гомерийн үе /МТӨ XI-IX зуун/ - Хуучны үе /МТӨ VIII-VI зуун/ гэсэн 3 том үеийг оруулж хэлэлцдэг билээ. Грекийн нутаг дэвсгэр дээрхи нэн эртний соёл иргэншилд Минойн ба Микений /Ахейн/ соёлууд хамаарагдана. Минойн соёл. Ойролцоогоор МТӨ III мянганы зааг дээр Грекийн газар нутагт хүрэл зэвсэг тархан дэлгэрсэн тэр цагаас эртний Грекийн түүх эхэлсэн гэж өдгөө үед үздэг юм. МТӨ III мянганы туршид Эгийн тэнгист орших Кикладын арлуудын хүн ам бусдаасаа илүү хөгжингүй байжээ. Тэдний цайз бэхлэлтийн ханын нуранги, гантиг учлуун баримал, хээлж чимсэн сав суулганууд нь манай үед уламжлагджээ. МТӨ III-II мянганы зааг дээр тэдгээр арал дээр жинхэнэ хотууд буй болж, тэр цагаас соёл иргэншлийн төв нь Крит арал болсон байна. Критийн соёлыг заримдаа тус арлын домогт хаан агсан Миносын нэрээр Минойн соёл гэж нэрлэдэг. Крит арал дээрхи бүхий л амьдрал нь гадаад засал чимэглэл ба зориулалтаараа олон янзын боловч уран барилгын нэгдмэл цогцолбор болсон ордон гэгчийг тойрон төвлөрч байжээ. Орд харшуудыг байнга засаж, өргөтгөн улам сүр жавхлантай болгодог байв. Ордны дотоод өрөө тасалгаа, гудам хонгилыг чимэглэсэн гайхамшигтай сайхан зураг чимэглэл нь онцгой анхаарал татна. Ханын зурагнуудад адгуус амьтан, цэцэг, ордонд оршин суугчдын амьдралын байдал, тэрчлэн бухтай тулалдаж буйг дүрсэлсэн байдаг. Критийн амьдралд шашин асар их үүрэг гүйцэтгэж байжээ. Хааны засаглалын онцгой хэлбэр болсон теократ, өөрөөр хэлбэл нэг хүн шашин төрийг хослон барих ёс тэнд анх үүссэн ажээ. Хааны ордоны шашны, засаг захиргааны болон аж ахуйн төв байх олон талт үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг байв. Бидний үед уламжлагдсан критийн соёл иргэншлийн урлаг, үйлдвэрлэлийн дурсгалуудын дотроос гоё сайхан ханын зургуудаас гадны гайхамшигтай уран гоё хүрэл баримал, зэр зэвсэг, үлэмж сайхан вааран эдлэлийг онцлон тэмдэглэвэл зохино. Минойн соёл МТӨ XVI-XV зууны тэргүүн хагас хүртэлх үед ид цэцэглэн хөгжиж байв. Гэвч МТӨ XV зууны дундуур Критээс холгүй орших Фера хэмээх арал дээр гал уул дэлбэрсэн болон Грекийн эх газрын хэсгээс грек-ахейчүүдийн цэрэг дайчид халдан довтолсны улмаас Крит арлын бараг бүх суурин, орд харш эвдэрч сүйрсэн байна. Тийнхүү соёл иргэншлийн төв тэр үед МТӨ XVIII-XVII зууны зааг дээр төлөвшин бүрэлдсэн микений буюу Ахейны соёл ид цэцэглэн хөгжиж байсан эх газрын Грекд шилжжээ. Микений /Ахейн/ соёл. Энэ соёл эхэн үедээ минойн соёл иргэншлийн хүчтэй нөлөөнд байжээ. Критээс зарим бурхад, туурган зураг, хувцасны хэв маяг, ус дамжуулах суваг, ариутгах татуурга зэргийг дууриан авч хэрэглэсэн байна. Хэдий тийм боловч эх газрын Грекийн нэн эртний соёлтой нягт холбоотой байжээ. Микейн соёл иргэншил нэлээд өвөрмөц онцлогтой байжээ. Ахейн соёлын эртний дурсгалуудын нэг нь Микен дэх уурхайн бунхан гэгч юм. Түүнийг 1876 онд германы нэрт археологич Хенрих Шлиман /1822-1900/ анх нээсэн билээ. Уг бунханаас талийгаачдын ясны хамт гоёл чимэглэл, сав суулга, зэр зэвсэг, алтан маск олдсон байна. Микейн соёл иргэншлийн цэцэглэлт МТӨ XV-XIII зуунд хамаарагдана. Соёлын гол төв нь Критийн нэгэн адил орд харшууд байжээ. Тэдгээрийн дотроос хамгийн алдартай нь Микен, Тиринф, Пилос, Афин, Иолка дахь орд харшууд юм. Ахейн бараг бүх орд бэхлэлтийн ханатай, тэр хана нь ямар нэгэн холбогч материалгүй, асар том чулуунуудыг өрж босгосон байдгаараа Критийнхээс ялгаатай. Орднууд нь Критийн нэгэн адил туурган зургаар чимэглэгдсэн, гэхдээ дайн байлдаан, ан гөрөөний байдлыг илүүтэй дүрсэлсэн байдаг ажээ. Ахейн соёл иргэншлийн ид цэцэглэлтийн үед уурхайн оршуулгын оронд хааны бунханы шинэ төрөл Толос /бөмбөгөр оройт бунхан/ гарч ирсэн бөгөөд тэдгээрээс хамгийн том нь Микен дэх Атрей хааны бунхан юм. Ахейчүүд МТӨ XV зуунд Критийг эзэлж аваад минойн бичиг үсгийг /үет шугаман бичиг А/ өөрийхөө хэлэнд тохируулан хэрэглэсэн /үет шугаман бичиг Б/ байна. МТӨ XIII зууны эцсээр Умард Балканы бүдүүлэгүүд, өмнө зүгт нүүдэлсэн ба тэднийг тэргүүлэгч грек угсаатны дорийчууд хүрлээс илүү чанартай зэвсэг хэрэглэж байсан ба ахейчуудыг эрхшээлдээ оруулсан байна. Ингэснээр Крит-минений соёл иргэншил оршин тогтнохоо больсон билээ. Гомерийн үеийн соёл. Грекийн түүхийн энэ үе/ МТӨ XI-IX зуун/ аугаа их Гомерийн нэрээр нэрлэгдэх болжээ. МТӨ VIII зуунд Гомерийн бүтээсэн “Илиада”, “Одисей” хэмээх гайхам сайхан хоёр найраглал нь хэдийгээр МЭӨ XIII зуунд болсон үйл явдлын тухай, тухайлбал, Троягийн дайны тухай, зохиолын баатруудын нэг болсон Одисей дайны дараа эргэж ирж байгаа тухай өгүүлдэг боловч уг зохиол бичигдсэн үеийн тухай мэдээллийн чухал эх сурвалж байдаг юм. Гомерийн үеийн дурсгалуудаас бидэнд хүрч ирсэн нь бага юм. Барилгын үндсэн материал нь мод болон түүхий тоосго байжээ. Монументаль уран барималыг ч модоор хийдэг байв. Энэ үеийн урлаг нь геометрийн хээ угалзаар чимэглэсэн шавар ваар, тусгай шавар болон хүрлээр үйлдсэн уран барималд тод харагддаг. Энэ үед бичиг үсэг байсангүй. Урт хугацаа өнгөрсний дараа мэдэгдэх болсон грекийн бичвэрүүд нь түүхийн өөр үе-хуучны үед /МТӨ VIII зууны хоёрдугаар хагас/ хамаарагддаг. Бүхэлдээ Гомерийн үе бол соёлын уналт, зогсонги байдлын үе мөн боловч грекийн нийгэм хуучны болон сонгодог үед эрчимтэй дэвшиж орох нөхцлийг бүрдүүлсэн үе юм. Хуучны үеийн соёл. Энэ үед /МТӨ VIII зуунаас 480 он/ грекүүд Газар дундын тэнгис, Хар далай, Мраморын тэнгисийн эрэг орчмын нутгийг эзэлж Их колончлол явагдсан юм. Түүний үр дүнд Грек ертөнц Крит-Микений соёлын уналтын дараа буй болсон түгжигдмэл байдлаасаа гарсан билээ. Грекийн шинжлэх ухаан, түүний дотор одон орны судлал, геометрийн ухаан егитпчүүд, вавилончуудын нөлөөн дор үүсэж хөгжсөн юм. Грекийн урлагт египтийн болон ойрхи дорнодын уран барилга, уран баримал хүчтэй нөлөөлсөн. Харийн соёлын эдгээр болон бусад элементүүдийг бүтээлчээр хөгжүүлж боловсруулсаны дүнд тэдгээр нь грекийн соёлын салшгүй хэсэг болж орсон ажээ. Хуучны үед овгийн нэгдэл бүрмөсөн задарсантай холбоотойгоор эртний полис /грекээр polis, латинаар civitas/ буюу хот-улс бүрэлдэн төлөвшсөн. Хот-улсын иргэний хүй нэгдэлд хотын эргэн тойрны хөдөө аж ахуйн газар дэвсгэр хамаарагддаг байв. Хамгийн том хот-улсууд нь Афин, Спарта, Коринф, Аргос, Фивы байсан ажээ. Грек орон улс төрийн хувьд олон бие даасан хот-улсуудад хуваагдаж байсан бөгөөд хуучны үед грекүүд бусад ард түмэнтэй идэвхтэй харилцаж байсан явдал тэдэнд нэгдлийн ухамсрыг сэргээж, грек ертөнцийг бүхэлд нь багтаасан “Эллинүүд”, “Эллада” гэдэг ойлголт гарч ирсэн байна. Хот-улсуудын хоорондох эдийн засаг, улс төр, соёлын харилцааны чухал төвүүд нь нийт грекийн ариун сүмүүд байсан. Тэдгээрийн үүсэж буй болоход эртний орон нутгийн шүтээнүүд нэгдэн нийлсний үр дүнд шүтээний нэгдсэн чуулган бүрмөсөн буй болсон явдал түлхэц болжээ. Орон нутгийн шүтээнүүдийн дотор олимпийн бурхадын шүтлэг гол нь болж байсан юм. Грекийн соёлын хөгжлийн чухал хүчин зүйл нь бурхадад зориулан зохиодог тоглолт наадам байсан ажээ. Тэдгээрийн дотроос хамгийн дуулиантай том нь МТӨ 776 оноос эхлэн Зевс бурханд зориулан дөрвөн жил тутам нэг удаа зохиодог болсон спортын наадам – Олимпын тоглолт байлаа. Бурхдад зориулсан тоглолт наадамд эртний грекийн соёлын нэг чухал элемент- агонистика буй болжээ. /грекээр тэмцээн гэсэн үг бөгөөд спорт, дуу хөгжим, яруу найраг зэрэгт амжилт олох эрмэлзлийг тийнхүү нэрлэж байжээ/. Хуучны үеийн хүмүүжлийн бүхий л системд гол зүйл нь бусдыгаа давж гарах, хамгийн шилдэг нь болох хүслэн байсан ажээ. Боловсролтой хүн бол бүх төрлийн зэр зэвсэг хэрэглэж, лир хөгжмөөр тоглож, бүжиглэж, спорт тоглоом, уралдаан тэмцээнд оролцож чаддаг байх ёстой байв. Хуучны үеийн утга зохиолд туульсын зохиол зонхилох үүрэгтэй байснаа аажмаар уянгын яруу найрагт шилжсэн. Хүн, түүний дотоод ертөнц, орчин цагийн амьдралын үйл явдалд илүүтэй анхаарах болсон нь Архилох /МТӨ VII зууны хоёрдугаар хагас/, Сафо /Сапфо/ (МТӨ 610-580), Алкей (МТӨ VII-VI зуун), Мегарын Феогнид (МТӨ YI зууны хоёрдугаар хагас), Анакреонт (МТӨ YI зууны хоёрдугаар хагас) нарын уран бүтээлд нийтлэг байдаг. Уянгын яруу найргийн зохиолыг гол төлөв аялгуулан өгүүлж, лир хөгжмөөр хавсран хөгжимддөг байжээ. Хуучны үеийн урлагт нийтлэг байдаг зүйл нь хот-улсын иргэний гоё сайхан бие ба сэтгэлийн гоо сайхны эрхэмлэлийг илэрхийлэх хэлбэрийг эрж хайсанд оршино. Тэр үед ганцаарчилсан уран барималын үндсэн хоёр хэв маяг –нүцгэн залуу /курос/, нөмрөг нөмөрч, инээмсэглэсэн бүсгүй хүний дүр /кора/ болжээ. Түүнээс гадна олон дүр бүхий уран баримлын зохиомж, ингэмэл дүрүүд буй болсон байна. Эртний Ромын /Рим/ соёл Энэхүү соёл нь олон талаараа грекийн соёлд тулгуурлан байж түүний зарим ололт амжилтыг цааш хөгжүүлж, зөвхөн Ромын улсад хамааралтай ямар нэгэн шинэ зүйлийг түүнд нэмэрлэн оруулж чадсан юм. Ромын нөлөө, түүний соёл Европын ихээхэн хэсэг, Хойд Африк, ойрхи Дорно дахин зэрэгт түгэн дэлгэрсэн. Тэр асар том улсын голт зүрх нь Газар дундын тэнгис орчим нутгийн төв дунд нь оршдог Итали орон байсан билээ. Апенины хагас арал дээр нэн эртний Этрускийн соёл иргэншил оршин байжээ. МТӨ I мянганд Ромчуудаас өмнө этруск угсаатнууд Төв ба Умард Италид хот-улсуудын холбоо байгуулж байсан юм. Тэд анх удаа шаантаг хэлбэртэй гулдмайнуудаар бөмбөгөр оройтой байшин барилга барьж эхэлснээрээ уран барилгын хөгжилд том хувь нэмэр оруулсан билээ. Ром тоо зохиосон нь этрускүүдэд хамаатай гэж үздэг. Европ тив болон дэлхийн ихээхэн хэсэгт дэлгэрсэн латин үсэг ч бас л этрускээс гаралтай. Ром хотын үндсийг МТӨ 753 онд тавигдсан гэж үзэж ирсэн уламжлалтай юм. Энэ цагаас Ромын түүхийн “хаант үе” гэж нэрлэгдсэн анхны үе эхэлсэн бөгөөд түүний эцсээр Ром хот Грек маягийн хот-улс болж тогтсон ажээ. Хууч ярианаас үзвэл Ром хотыг долоон хаан захирч байснаас сүүлчийн гурав нь этруск гаралтай хүмүүс байжээ. Тэдний үед хотыг чулуун хэрмээр бэхэлж, усан суваг татаж, гладиаторуудыг тоглуулдаг анхны цирк байгуулжээ. Эртний Ромын шашин нь анимизм, өөрөөр хэлбэл бүх юмыг амьтай гэж үздэг байсан бөгөөд сүлд шүтлэг ч бас нийтлэг байжээ. Үүний тод жишээ нь Ромул, Рем хоёрыг тэжээсэн Капитолийн өлөгчин чоныг /Ром хотыг анх үүсгэн байгуулсан газар долоон толгодын нэгийг нь Капитолий гэж нэрлэдэг байсан аж./ шүтэж байсан явдал юм. Ромчууд яваандаа грекүүдийн нэгэн адаил бурхныг хүний дүрээр төсөөлдөг байсан этрускүүдийн нөлөөгөөр хүн дүрт бурхдыг шүтэх болсон байна. Ром хотын анхны сүм нь Капитолийн толгод дээр баригдсан Юлитрийн сүм юм. Түрүү үеийн Бүгд найрамдах улсын үе нь МТӨ VI зууны сүүлчээс III зууны эх хүртэл үргэлжилсэн. Энэ үед Ром улс Апениний хагас арлыг захиргаандаа оруулж чадсан ба мөн Өмнөд Итали дахь грекийн хотуудыг байлдан дагуулсан нь грекийн өндөр соёлтой ойртох үйл явцыг түргэтгэж, Ромын соёлын хөгжилд том үүрэг гүйцэтгэсэн байна. МТӨ V зууны дундуур “12 хүснэгтийн хууль” гэгчийг зохиож тэр нь цаашдаа ромын хууль цааз хөгжих үндэс болсон билээ. Түүнд Ромын гэр бүлийн онцгой байгууламж, иргэн ба газар өмчлөлийн харилцаа тусгалаа олж, хуулийн өмнө бүх иргэд адил тэгш байх ёсыг бататган тогтоосон байна. МТӨ IV зуунд этрускүүдийн жишээгээр мэргэжлийн жүжигчин оролцсон тайзны тоглолтыг буй болгосноор Ромын театрын үндэс тавигдсан гэж үздэг. Ромын уран илтгэх урлаг нь иргэний хүй нэгдэл, БНУ буй болсонтой холбоотой юм. Сенатын гишүүд сенатдаа, албан тушаалтнууд ардын хурал дээр үг хэлэхийн тулд сонсогчдыг итгүүлэх урлагийг эзэмшсэн байх шаардлагатай болжээ. Хожуу үеийн Бүгд найрамдах улс МТӨ III зууны 60-аад оноос эхлэн Газар дундын тэнгисийг бүхэлд ноёрхохын тулд үргэлжийн дайн дажин хийж байлаа. Тэр үеийн Ромын соёл нь этруск, ромын унаган соёл, итали, грекийн соёл зэрэг олон эхлэлт соёл байв. Ромчуудын практик сэтгэлгээний нэг нийтлэг илрэл нь хууль цаазны шинжлэх ухааныг их хүндэтгэдэг байсан явдал юм. МТӨ III зуунаас хүмүүс мэргэжлийн хуулчаас зөвлөгөө авч болдог байсан ба МТӨ II зуунд анхны хууль зүйн судалгаа буй болж, МТӨ I зуунд хууль эрхийн утга зохиол өргөн дэлгэрч байлаа. Хожуу үеийн БНУ-д уран өгүүлэх урлаг ихэд хөгжсөн ба түүний гарамгай төлөөлөгч нь Цицерон /МТӨ 106-43/ байлаа. Түүний 50 гаруй илтгэл үгээр зогсохгүй уран өгүүлэх онолын зохиолууд нь өдгөө бүрэн хадгалагдаж үлдсэн. Славуудын соёл.

	Эртний славууд бол ведийн соёлт хүмүүс байсан билээ. Эртний славуудын шашныг цалиг шүтээн гэхгүй, ведизм гэж нэрлэх нь илүү зөв юм. “Вед” гэдэг үг Оросын “ведать”, “знать” буюу мэдэх гэдэг үгтэй нэг язгууртай. Вед бол Эртний Энэтхэг, Иран, Грекийн зэрэг үндэс нэгт бусад шашинтай нэг төрлийн бөгөөд газар тариалан эрхлэгч өндөр соёлтой энх тайванч шашин юм. Орос орон христийн шашинд орсноос хойш эртний славуудын эрхэм чухаг домог, ариун нандин дууллын үг, бичвэрүүд үрэгдэж үгүй болсон гэдэг үзэл байдаг. Орос шинжлэх ухаанд мэдэгдэж үлдсэн өчүүхэн бага зүйл болох IX зуунаас өмнө Новогородын тайлгачдын бичсэн гэх Велесийн номыг ч жинхэнэ эх биш гэж үзэх нь бий.

Велесийн ном бол том хэмжээний бөгөөд ухаж ойлгоход төвөгтэй дурсгал юм. Гэвч энэ ном славуудын гарал үүслийн талаархи эртний маргаанд хариу өгсөн байдаг. Слав угсаатан бүрэлдэн тогтоход оролцож байсан янз бүрийн овог аймгийн цаашдын хувь заяаг уг номонд дүрслэн харуулсан ажээ. Түүнд гардаг нэн эртний үйл явдал бол Балхаш нуурын ойролцоо, түүнд цутгадаг Долоон голын хавиар /Одоо ч “Семиречье” гэдэг тэр нэр хэвээрээ байгаа/ нутаглаж байсан энэтхэг-европын овог аймгууд үүсэж буй болсон явдал мөн.

Археологийн мэдээгээр Дундад Азийн энэтхэг-европын гаралтай аймгууд нүүж одсон нь МТӨ II мянганы сүүлийн хагасад хамаарах бөгөөд тэдгээр нь Балканы хойгоос /Эллинчүүд, дорийчууд/ Енисей мөрөн бай хятадын умард зах хүртэлх асар уудам нутагт тархан суужээ. Велесийн номондоо МТӨ II мянганы сүүлчээс МТ I мянганы сүүлч хүртэлх үеийн славуудын нэн эртний түүхийг дүрслэн өгүүлсэн байдаг юм. Славуудын эртнээс шүтэж ирсэн эрэгтэй бурхан нь тэнгэр, аянга, цахилгаан, үржил шимийн бурхан Род юм. Түүнийг амьд бүхнийг удирдан захирагч гэж үзнэ. Эртний Славууд бүхий л орчлон ертөнцийг Род гэж нэрлэдэг байсан ба түүнийг гал голомтынхоо эзэн, эрт дивангарын өвөг дээдсээ гэж ойлгодог байжээ.


Дундад зууны үеийн Дорно дахины соёл: Энэтхэгийн соёл. Энэтхэгийн соёл. Дундад зууны Энэтхэг бол нэн эрт цагаас үндэс суурь нь тавигдсан хөгжингүй соёлтой орон байлаа. Тус орны дундад зууны соёл маш олон хүчин зүйлийн нөлөөн дор бүрэлдэн тогтсон юм. Тэдгээр хүчин зүйлийн дотроос гол зүйл нь гаднын буюу мусульманы нөлөө байсан билээ. Мусульманчуудын ноёрхлын энэтхэгийн ард түмний ухамсар төрж, энэтхэгийн шашин, соёлын нийтлэг төлөвшиж тогтсон юм. Ражпутийн үе. Дундад зууны Энэтхэг орон VII зууны босгыг алхахдаа гуптуудийн эзэнт улсыг устгасан нүүдэлчин-эфталитүүдын цөөн жилийн ноёрхлын дараа буй болсон олон жижиг тархай бутархай улсуудад хуваагдсан байлаа. Гуптүүдийн үеийг Энэтхэгийн соёлын алтан үе гэж үздэг байсан. Гэвч муж районууд тусгаарлан салж, феодалын төвүүдийн соёл уналтад орсон нь далайн боомтын худалдаа хөгжсөнөөс болоогүй юм. Гаднаас орж ирсэн ард түмэн нутгийн хүн амтай нийлсний үр дүнд ражпутүүдийн хэмээх угсаатны нэгдэл буй болсон. /Рапужтүүд гэдэг бол дундад зууны энэтхэгийн цэрэг-феодалын каст юм. Орч/. Улс орны тархай бутархай байдал, түүний оршин суугчдын кастын тэгш бус байдлыг эртний энэтхэгийн олон төрлийн шүтлэгийг өөртөө нэгтгэсэн индуизмын шашин хөхиүлэн дэмждэг байсан юм. Индуизм нь Энэтхэг орны бутралын үед буддизмыг бүрэн давж гарсан билээ. Зүүн өмнөд Азийн орнууд руу шахагдсан буддизмын сүүлчийн голомтууд X-XII зуунд Кашмир, Бихар, Бенгалид бүрмөсөн унтарч, XII зуунд Энэтхэгт буддизм бүр алга болсон билээ. XIII зуунд хүрч иртэл энэтхэгийн соёлд асар том нөлөө үзүүлсэн үзэл суртлын төв нь Мадураи хот байлаа. VIII зуунд мусульманы байлдан дагуулагчдын мөрдлөгөөс зугадаж орогнол эрсэн парсууд /персүүд/ Энэтхэгт ирж суурьшсан. Тэднийг Дундад зууны Ираны мусульман шүтлэгт эзэн хаад буруу номтон гэж зарласан байна. Энэтхэгт индуизм батжин тогтоход индуист шүтлэгийн гурван гол бурханы нэг болсон Шиваг шүтдэг шиваизм, мөн бүх Энэтхэг даяар шиваизмын сүм байгуулахыг хөиүлэн дэмжиж байсан философич Шанкарачарын /788-820/ үйл ажиллагаа тодорхойлогч үүрэг гүйцэтгэжээ. ХI зуунд философич Раманужа /?-1137/ бурханыг хайрлах үзэл санааг гол болгож, аливаа ёслол, мөргөл, тайлагчгүйгээр бурхантай шууд харьцаж болно гэж нотлон бхакти хэмээх шашны урсгалыг онолын талаар үндэслэсэн байна. Энэ нь вишнуизмын шүтлэг Вишну бурхан, /түүний хамгийн өргөн дэлгэрсэн дүр болох Кришнаг шүтдэг/ хөгжихөд түлхэц болсон. Дундад зууны эхэн үеийн Энэтхэг орны шашны амьдралын онцлог нь Их эх дагиныг /Дэви/ шүтдэг нэн эртний шүтлэгээс эхтэй тантризм /”тантра”-систем, уламжлал, текст/ өргөн дэлгэрч байсанд оршино. Шива бурханы гэргийн дүрээр индуист шашны албан ёсны бурхдын чуулбарт орсон энэхүү домог зүйн дүр Энэтхэгт өргөн дэлгэрсэн бөгөөд ялангуяа Бенгали, өмнөд хэсэгт онцгой шүтэгдэж байлаа. Тантризм нь орчлон ертөнцийг хүний биетэй адилтган, эмэгтэй хүнийг бурханчилж, онцгой хүндэтгэлт эмэгтэйчүүдийн хувьд эрхэм дээд зорилгын үүднээс нийгмийн болон шашны ердийн хориг цээрийг хамааруулдаггүй байв. Гол төлөв шашны үндэс бүхий баяр ёслолоос Энэтхэгийн соёлын яруу сайхан олон өнгө аясыг олж харж болно. Тус оронд эрт цагаас өнөө хүртэл сарны хуанлийг хэрэглэж ирсэн бөгөөд энэ учраас шинэ саран, тэргэл саранг ариун нандин утга учиртай гэж үзнэ. Намар, 11-р сарын эцсээр тэргэл сартай шөнө энэтхэгчүүд шинэ сарны баярыг тэмдэглэдэг. Тэрчлэн ариун модны баяр, могойн баярыг тэмдэглэнэ. Бас Ганга, Ямуна хоёр мөрний уулзварт ирж, 1-р сараас эхлэн бүтэн сарын турш тэмдэглэдэг онцгой баяр бий. Олон баяр нь ямар нэгэн бурханд зориулагдах ба уг баярын үеэр баяр бишрэлийн үг хэлж, өргөлийн дуулал өргөж, ариун судраас уншиж сонсгодог байжээ. Индуист шүтлэгтний гурван том баярын нэг нь Холи хэмээх хамгийн өнгөлөг сайхан баяр юм. Тэр нь хаврын /3, 4-р сар/ тэргэл сартай өдөр тохионо. Тэр бол Кришна бурханд зориулсан хавар цаг, цэцэглэн дэлгэрч буй байгаль дэлхийн баяр юм. Ражпутийн үед Энэтхэгийн олонхи районд утга зохиол орон нутгийн хэлээр хөгжиж байсан. “Махабхарата”, “Рамаяна” туульсыг санскрит хэлнээс тэдгээр хэлнээ орчуулсан нь орон нутгийн хэлний хөгжил, илэрхийлэх чадварын өсөлтөд чухал үе шат болсон ажээ. Санскрит хэл дээр Дундад зуунд үндсэндээ яруу найраг амжилттай хөгжиж байв. Энэ чиглэлийн хурц тод дээж нь Бенгалийн Рампала хааны ордонд шадарлан сууж байсан Сандхьякар Нандины /1077-1119/ бичсэн “Рамачарита” хэмээх найраглал юм. /даалгаварт өгөх/ Мөн энэ үеийн утга зохиолд хүрээлсэн тууж хэмээх хэлбэр томоохон байр суурь эзэлж байв. Энэ төрлийн тууж нь баатрууд болон нэг сэдвээр холбогдсон олон жижиг өгүүллэгээс бүрддэгээрээ онцлог билээ. Тэр нь хэрэг дээрээ нэг нэрийн дор янз бүрийн сонин хачин үйл явдал, түүх, ёгт үлгэр, оньсого тааврыг нэгтгэсэн эмхэтгэлийн шинжтэй байдаг. Тэдгээрийн дотроос 1063-1081 оны хооронд яруу найрагч Самадевагийн зохиосон “Сайн санааны сургаал”, “Үлгэрийн далай”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэргийг онцлон дурдах хэрэгтэй. Бурхдыг алдаршуулах индуизмын хэрэгцээг үндэс болгон сүм дуганы аврага том цогцолборуудыг барьж байгуулах болжээ. IX зууныг хүртэл үндсэндээ нэг бол агуй хонгилын сүм, эсвэл цул хаданд ухаж сийлсэн сүмийг байгуулж байсан. Түүнээс хойш сүм дуганы цогцолборыг зассан чулуу өрж, хамгийн олон янз хэлбэрээр барих болжээ. Тус орны хойд хэсэгт сүм дуганыг гонзгой дугараг хэлбэртэй байгуулж, орой дээр нь лянхуа цэцгийн хэлбэртэй шүхрэн хийцийг байрлуулдаг байв. Харин өмнөд хэсэгт сүм дуганыг тэгш дөрвөн талт пирамид хэлбэртэй барьдаг байв. Хойд ба өмнөд нутгийн барилга байгууламжууд нь хэрэглэж буй материалаараа бас ялгаатай байлаа. Хойд нутагт шохой чулуу, өмнөд хэсэгт элсэн чулуу, боржин, гантиг чулуу хэрэглэнэ. IX-XII зууны уран барилга уран барималаар өвч чимэглэгдсэн байдаг учраас сүм дуган нь өөрөө уран барималуудын суурь мэт харагддаг нь түүний онцлог байлаа. Делийн султант улсын үе. XII зуунд Энэтхэгийн хойд хэсэгт мусульман шашинтны томоохон улс-Делийн султант улс бүрэлдэн тогтжээ. Тэнд дундад азийн түрэг угсааны мусульман шашинт цэргийн эрхтнүүд зонхилох байр эзэлж байв. Төрийн шашин нь суннит чиглэлийн ислам, албан ёсны хэл нь перс хэл байлаа. Энэ улс бараг 300 жил оршин тогтнож байгаад 1526 онд Кабулын эзэн захирагч Төмөрийн угсааны Бабурын цэргийн шахалтад автагдан нурж унасан билээ. Энэ үед Энэтхэг орон исламын ертөнцийн тойрогт татагдан орсон. Гэхдээ индуист ба мусульман шүтлэгтнүүдийн хооронд ширүүн тэмцэл явагдсаар байсан ч урт хугацаанд хамт амьдарч байсны улмаас тэдгээрийн үзэл санаа, ёс заншил, аж төрөх ёс харилцан бие биедээ нэвтэрсээр байсан ажээ. Чухамхүү мусульманы төр улсын үед тус оронд энэтхэгийн бүх шашны нийтлэг ухамсар бүрэлдэн тогтож, түүний тусгал болсон хинду хэмээх нэр томъёо буй болжээ. XIII-XVI зууны Энэтхэгийн утга зохиолд томоохон ахиц гарсан нь Делийн султант улсын дотор фарси /перс/ хэмээх төрийн шинэ хэл мөрдөгдсөнтэй холбоотой юм. Энэ хэлээр албан хэрэг хөтөлж, яруу найргийн зохиол бичигдэж байв. Тухайн үеийн нэртэй яруу найрагч нь перс, урду хэлээр зохиол бүтээлээ бичдэг, “Хамсе” болон бусад олон зохиол бүтээсэн Амир Хосров Дехлеви /1253-1325/ билээ. Фарси хэлээр бичигдсэн үргэлжилсэн үгийн зохиол үндсэндээ он дарааллын бичгүүд байдаг. Улс орны түүхийн мэдээнүүдийг агуулсан “Энэтхэг” хэмээх анхны нэвтэрхий толийг хорезм гаралтай Рейхан Бируни /973-1048/ бичжээ. Харин анхны жинхэнэ он дарааллын бичгийг монголчуудын байлдан дагууллаас зугадаж энэтхэгт ирсэн иран хүн Минхаж уд-дин Дзудани зохиож, түүнийгээ Делийн султанд зориулан “Табакат-и-Насири” гэж нэрлэжээ. XIV зуунд султан Фируз Туглакад зориулан “Тарих-и-Фируз-шахи” гэдэг он дарааллын нэг нэртэй хоёр бичиг зохиогдсон. /Моголын Эзэнт Улсын соёлыг мэдэж ир/ Дундад зууны Энэтхэгийн соёл нь шашин, аж байдал, угсаатны зүйн хамгийн олон янзын уламжлалын уулзвар дээр, энэтхэгийн үндэстэн хоорондын нийлмэл чанар бүхий дахин давтагдашгүй олон талтай үзэгдлийн эхлэлийг тавьж өгсөн билээ. Тэгэхдээ соёлыг өөрийнхөө охь шимээр тэжээгч эртний баялаг уламжлалд тулгуурласан хэвээр байсан юм. XV зуунд анх Энэтхэг оронтой танилцсан европынхон түүнийг “Гайхамшигуудын орон” гэж нэрлэдэг байлаа. Гэвч индуист болон мусульман соёлын харилцан үйлдлийн үйл явц ямагт шулуун сайхан байсангүй, эзэн захирагчдын хувийн үзэмжээр тодорхойлогдсоор байжээ. Түүнээс гадна энэтхэгчүүдийн нэг чанар болсон өөр шашинд тэвчээртэй хандах хандлага нь мусульман байлдан дагуулагчдад таатай нөлөө үзүүлсэн билээ. Зөвхөн дунда зууны хожуу үед, тус оронд англичууд эрчимтэй нэвтэрч эхэлсэнтэй холбоотойгоор улс төрийн ерөнхий байдал тогтворгүй болохын хамт шашин, угсаатны зөрчлийн хөрсөн дээр мөргөлдөөн тэмцэл байнга үүсч, Акбарын үеэс үлдэж хоцорсо соёлын нэгдэл нягтралын шилдэг уламжлал мартагдахад хүрсэн байна.