Хаврын ногооны тулд намрын навч гандана” гэж шүлэглэсэн юм. Манай үеийн Ш.Дулмаа, Р.Чойном, П.Пүрэвсүрэн бидний өмнөх үе Д.Намдаг, С.Эрдэнэ, Б.Явуухулан нараас л суралцаж байлаа. Энэ цагийн өндөрлөгөөс харахад бидний амьдарч байсан цаг үеэс өөр болсон ч Монгол уран бүтээлчдийн сэтгэхүй асар их өөрчлөгдсөнгүй.Өөрчлөгдөх ч үгүй. Миний хувьд тэр изм мизмыг нэг их ойшоодоггүй. Үүнийг чинь авьяасгүй хүн түүнийгээ далдлах гэсэн нэгэн арга гэсэн шүү дээ. Хойч үед маань олон сайхан хүүхдүүд бичиж туурвиж байна. Үүнийг үгүйсгэж байгаа юм биш, ирээдүй гэрэлтэй байна гэх үү дээ.

-Өнөөдрийн уран зохиол наадхи “изм”-ээс чинь болж хоёр хуваагдаад байна л даа?

-Миний болон бидний үеийнхэнээр зогсохгүй ихэнх хүмүүсийн айж байгаа зүйл нь даяаршлын эринд Монгол ахуйгаа үгүй хийчих вий гэсэн айдас тээдэг. Үүнд толгойгоо залгиулж магадгүй цаг үед бид амьдарч байна. Хамгийн гол асуудал үүндээ л байгаа юм. Түүнээс бус манай уран зохиол дэлхийд гологдоно гэж түүхэнд байхгүй. Бид гагцхүү уран зохиолоо дэлхийн хэмжээнд гаргаж тавьж чадахгүй байгаа юм.

-Та ид залуудаа Монголын радиогийн томилолт аваад онгоцноос хоцорсон гэдэг. Гэтэл тэр онгоц нь Отгонтэнгэрийг мөргөж сүйрсэн тухай яриа бий. Энэ талаараа ярихгүй юу?

-Тэр чинь 1963 он. Миний анхны томилолт юм. Онгоцны билет авчихсан, анх удаа онгоцонд суух гэж байгааг хэлэх үү, тэр шувуу нисдэг тэнгэрт шувуудтай цуг нисвэл мөн ч сайхан онгод орно доо гэж залуугийн дэврүүн хүслээр дэвэлзэхгүй юу. Тэгээд 100 татах санаатай, Нисэхийн хавиар архины эрэлд мордсон юм. Тэр үед одоог бодоход дэлгүүр ховор архийг тэр болгон газарт зарахгүй. Тэгээд эрсний эцэст МОНЦАМЭ-гийн үнэмлэх үзүүлээд сүржигнэж байж 100 татаад иртэл миний суух ёстой онгоц нисчихсэн байсан. Тэр онгоц маань харин Отгонтэнгэрийг мөргөж олон хүн сүйдсэн дээ хөөрхий. Тэр үеэр намайг мэдэх бүх л хүмүүс гашуудаад, манай хөгшин уйлж унжаад сүйд болж байлаа.

-Таныг тэнгэр харав уу. Зөн совин чинь тэр онгоцонд суулгасангүй юу. Эсвэл архинд хөтлөгдөөд аз болов уу?

-Залуу бага байсан даа, юуны архинд хөтлөгдөх байхав дээ. Төв аймаг хот хоёрын хооронд л машин тэрэг хөлөглөхөөс биш онгоц гэдгийн бараа хараагүй залуу хүүхэд 100 татаад тэнгэрээр дүүлэхэд их сайхан гэсэн л зүйл бодогдохгүй юу. Тэгээд тэр өдөр ахин нэг нислэг таараад Завхан ниссэн дээ. Үүнийг би яруу найрагчийн зөн совин гэж боддог. Тэр л зөн намайг тэр онгоцонд суулгаагүй. Зөн совин, тэнгэр хийгээд яруу найрагч ямагт холбоотой юм шүү дээ. Хүн ерөөсөө зөн билгийн амьтан. Нэгэн суутны үг бий дээ. “Хүн гэдэг бол эргэлдсэн улаан хуй дундах ганц зул юм” гэсэн нь бий. Эргэлдсэн улаан хуй гэдэг нь дэлхийн соронзон орон юм. Зул нь хүн юм. Харин яруу найрагч үүнийг зөн билгийн гэрлээр илүү нэвтэлж байдгаараа онцлог юм даа. Оросын их яруу найрагч Пастернак “Яруу найрагчдаа та нар үхлийн тухай бүү дуулаач ээ, яагаад гэвэл та нар чинь дэндүү зөнч хүмүүс шүү” гэж хэлсэн нь бий. Дээрх явдлаас үүдээд би “Тэнгэрийн хүү” найраглалаа Москвад бичсэн юм. Бид ийм л нарийн зүйлээ яримаар байна. Сонин хэвлэлийнхээ хов живээс ангид байж ийм гэгээрэл рүү хөтөлбөл ирээдүй гэрэлтэй л байна.

-Та Монгол телевизийн анхдагчдын нэг. Нэг удаа нэвтрүүлэг хийх гэж яваад цагдаа тонгорсон гэдэг. Чухам яагаад цагдаа тонгорох болов оо?

-Тэр үед чинь одоогийнх шиг нэвтрүүлгээ бэлдээд цацна гэсэн ойлголт байхгүй байлаа. Тийм техник хэрэгсэл хөгжөөгүй байсан. Бүх зүйл шууд учраас би л байхгүй бол болохгүй байсан. Тэгээд л яарч яваад цагдаа тонгороод нэвтрүүлгээ явуулж байлаа.

-Зүгээр байхад чинь цагдаа хоргоохгүй дээ?

-Тэр үед миний нэг тууж “Цог” сэтгүүлд хэвлэгдээд 400 төгрөг авахгүй юу. Тэгээд л бөөн баяр харайж явтал “Монтекристо гүн”-г орчуулдаг Даш гэж шартсан амьтан таарлаа даа. Түүний шарыг тайлах санаатай “Туул” ресторанд ганц юм уугаад гарах гэтэл цагдаа хоргоодог байна шүү. Нэвтрүүлгийн цаг болох гээд цагдаа явуулдаггүй барьчихаад, тэгэхээр нь гараа суга татаж аваад лавхан шиг тонгорчихсон юм. Цагдаа ч ширээний цаана ойчлоо. Тэгээд л ажил руугаа харайж очоод нэвтрүүлгээ хөтөлсөн дөө. Их том биетэй цагдаа байсан юм. Залуу ч байж, яарсан, омголон гээд юм юм л давхцахгүй юу. Үнэндээ нэвтрүүлгээ тасдахгүйн тулд л цагдаа тонгорсон хэрэг.