Рагчаагийн Батрагчаа засварлах

1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзангийн зээнцэр, олон улсын хуульч Рагчаагийн Батрагчаа нь 1977 онд Улаанбаатар хотод Рагчаагийн хоёр дохь хүү болон мэндэлжээ.

1995 онд Нийслэлийн Баянгол дүүргийн 10 жилийн 77 дугаар дунд сургууль, 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, 2002 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг хуулийн магистр зэргээр, 2006 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Нью Коллеж Ноттингам, Ливерпүүлийн их сургуулийг Хуулийн мэргэжлийн дээд шатны буюу VI шатны дипломын курсийг, 2009 онд Удирдлагийн академийг төрийн удирдлагын мэргэшлээр тус тус төгссөн.

1999 – 2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2000 – 2001 онд “Хатан сүлд” банк бус санхүүгийн байгууллагад хуулийн зөвлөх, 2001 – 2003 онд “Түшээ” дээд сургуульд олон улсын эрх зүйн багш, 2005 – 2006 онд Английн “Берримен” хуулийн фирмд хуульч, 2007 – 2008 онд Төмөр замын хэрэг эрхлэх газарт хуулийн мэргэжилтэн, “ДАТАМО” ХХК-нд хуульч, “Кью Жи Экс Монгол” ХХК-нд хуульч, 2008 оноос хойш “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, 2010 оны арван хоёрдугаар сараас Солийн Данзан сангийн гүйцэтгэх захирал, 2011 оны гуравдугаар сараас Оюутолгой ХХК-ийн хараат бус хуулийн зөвлөх, 2011 оны аравдугаар сараас Мянганы сорилтын сангийн хөндлөнгийн хяналтын хорооны гишүүн, шүүгч, 2012 оны есдүгээр сараас Jessup Cup хэмээх олон улсын хуулийн сургуулиудын хооронд явагддаг шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээний олон улсын байнгын шүүгчээр тус тус ажиллаж байна.

2006 онд Английн хуульчдын холбооны гишүүн, 2009 онд Олон улсын баарын /хуульчдын/ холбооны гишүүн, 2010 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч, 2011 онд Америкийн баарын /хуульчдын/ холбооны гишүүн болсон.

2007 оны 7 сарын 01 – 04-ний хооронд Монголын хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон ARCA – Олон улсын бага хурал 2007 – Зүүн өмнөд ази болон Хятад (SEAC) гэсэн бага хуралд Монгол улсын эрх зүйн тогтолцооны талаар илтгэл тавьсан. 2011 оны 5 сарын 01 – 03-ны хооронд Америкийн Нэгдсэн Улсын Майами хотод Олон улсын хуульчдын холбооноос зохион байгуулсан бага хуралд Монгол улсын эрх зүйн тогтолцооны талаар танилцуулга хийснээс гадна тус хурлын сүүлчийн чуулганыг удирдан хөтөлж явуулсан. 2012 оны 3 сарын 25 – 31-ний хооронд Америкийн Нэгдсэн Улсын Вашингтон хотод Philip C. Jessup International Law Moot Court Competition хэмээх олон улсын шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээний шүүгчээр Монгол улсаас анх удаа сонгогдон оролцсон.

Р.Батрагчаа МУИС-ын ХЗС-ын багш М.Батсуурьтай хамтран “Олон улсын эрх зүй. 1 дүгээр дэвтэр (2001)”, Түшээ дээд сургуулийн багш Б.Цэрэнчимэдтэй хамтран “Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй /тест/ (2002)” гэсэн номыг тус тус туурвиснаас гадна олон улсын болон дотоодын сэтгүүл, сонин хэвлэлд 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олны хүртээл болгосон.