дэлхийн шаалийн байгууллага нийулсад эзлэх байрь суурь мөн өнөөгийн монгол улсын гаалийн байгууллагын хөгжил, дэлхийн гаалийн байгууллагын үйл ажиллагааны тухай авч үзэх нь зүйтэй билээ. Монгол улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын үндсэн асуудалд гаалийн аюулгүй байдал чухал ач холбогдолтой юм. Монгол Улс 1991 онд Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл байгуулах тухай 1952 оны Конвенцийг хүлээн зөвшөөрснөөр уг байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон түүхтэй. Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл 1994 оноос Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ) нэртэй болсон бөгөөд одоогоор 177 орны гаалийн байгууллагыг нэгтгэсэн Засгийн газар хоорондын олон улсын нэр хүндтэй байгууллага болоод байна. Монгол улс ДГБ-ын гишүүн орон болсноор уг байгууллагын тулгуур Конвенциуд болох Барааг кодлох, тодорхойлох тухай Конвенцийг 1993 онд, Барааг түр хугацаагаар нэвтрүүлэх тухай Истанбулын Конвенцийг 2002 онд, Гаалийн горимыг хялбарчлах, уялдуулах тухай Киотогийн Конвенцийг 2006 онд тус тус хүлээн зөвшөөрсөн болно. МУГЕГ ДГБ болон олон улсын бусад байгууллага тухайлбал НҮБ, ДХБ зэрэг байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсний дээр Еврогааль, Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын гаалийн байгууллагатай хамтран ажиллаж, гаалийн байгууллагыг зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбогдсон өөрчлөлтийг хийж, хамтран төсөл хэрэгжүүлж ирсэн юм. Мөн бусад орнуудын гаалийн байгууллагуудтай хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, тэдний туршлагаас судлах, боловсон хүчнийг давтан сургах, хамтран семинар, сургалт зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ, БНУУ, БНСУ, АНУ, БНПУ, Их Британи, Казахстан, Болгар, Чех, Турк, Украин, Киргиз зэрэг улстай “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, меморандум байгуулаад байна. - Шинэ зууны эрин дэх дэлхийн гаалийн байгууллагын үйл ажиллагаа: 2008 оны 6 дугаар сард явагдсан Дэлхийн гаалийн байгууллагын Зөвлөлийн 111/112 дугаар чуулганаар 21 дүгээр зуунд гаалийн баримтлах бодлогыг баталсан билээ. Энэ нь худалдааг хөнгөвчлөх, хилийн аюулгүй байдлыг хамгаалах замаар улс орнуудын хөгжлийг түргэтгэхэд чиглэсэн баримт бичиг юм. Гаалийн байгууллагын үүрэг роль 21 дүгээр зуунд гадаад худалдааны орчин, худалдааг хөнгөвчлөх шаардлага болон нийгмийн эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, терроризм, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр өргөжсөний дээр даяаршлын нөлөөгөөр улс орны хил хязгаар хүрээгээ тэлж, дэлхийн гүрнүүдийн харилцан хамаарал өмнөх зууны эхэн үетэй харьцуулахад асар ихээр нэмэгдсэнтэй холбоотойтойгоор үндсээрээ өөрчлөгдөж ирсэн гэж болно. Энэхүү бодлогын бичиг баримтад хоёр үндсэн суурь асуудал хөндөгдөж байгаа бөгөөд энэ нь дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль /globally-networked customs/ болон хилийн хяналтын менежментийг сайжруулах /coordinated border management/ асуудлууд юм. Энэ бичиг баримтыг 2009/2010 оны стратегийн төлөвлөгөөтэй уялдуулахаар тогтсон бөгөөд ДГБ-ын Бодлогын комиссоос сүлжээгээр холбогдсон гаалийн загвар дээр тулгуурлан худалдааны менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр заавар боловсруулахаар тогтсон байна. Энэ баримт бичигт орчин үеийн гаалийн үйл ажиллагааг боловсронгуй болгох арван чиглэлийг тодорхойлсон юм. Үүнд: 1. Дэлхийн хэмжээний сүлжээнд орсон гааль 2. Илүү сайн уялдаа холбоотой хилийн менежмент 3. Мэдээлэлд тулгуурласан эрсдэлийн менежмент 4. Гааль худалдааны хүрээнийхний түншлэл 5. Ажлын орчин үеийн арга барил, журам дүрэм, ажиллагааг хэрэглэх 6. Технологийн дэвшил, арга хэрэгслийг ашиглах 7. Ажлаа явуулах эрх мэдэлтэй байх 8. Мэдлэгт суурилсан мэргэжлийн өндөр ур чадвартай үйлчилгээг үзүүлэх соёл 9. Гаалийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх 10. Авлигаас ангид байх Эдгээр жагсаалт цаашид үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах шатанд илүү өргөжих боломжтой. Дэлхийн гаалийн байгууллага 21 дүгээр зуунд ямар үүрэг гүйцэтгэх вэ гэсэн асуудал мөн энэ баримтад тусгалаа олсон ба гишүүн орнуудын гаалийн байгууллагын өмнө тулгарсан зорилтыг хэрэгжүүлэхэд туслахад анхаарах юм. Түүнчлэн: - Гаалийн одоогийн стандартуудыг бататгаж, шаардлагатай бол шинийг бий болгох, - Гаалийн үйл ажиллагааг сайжруулах, - Гаалийн стандартыг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор чадавхийг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэх, - Гаалийн стандартын хэрэгжилтийг үнэлж дүгнэх, - Үйл ажиллагаа явуулахад шаардагдах хөрөнгийг хайж олох ажлыг үргэлжлүүлэх, - Судалгаа явуулах чадавхийг бий болгох, - Гаалийн нэр хүндийг дээшлүүлэх. Дэлхийн гаалийн байгууллагын хувьд олон улсын байгууллагуудын дунд нэр хүндээ өсгөх нь юу юунаас илүү чухал байгаа тул Ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны дэргэд тусгайлсан зохицуулагч нэгжийг ажиллуулахаар болсон ба гол үүрэг нь олон улсын байгууллагууд, судалгааны байгууллагууд, хувийн сектортой хамтран ажиллах явдал юм. 21 дүгээр зууны гааль бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлэхдээ ДГБ-ын олон жилийн туршид хуримтлуулж ирсэн гаалийн арга ажиллагааны баялаг туршлага, мэдлэгийг бодлого боловсруулагчид, гаальтай хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжийн хүртээл болгож, тэдэнд нөлөөлөх зорилготой. 21 дүгээр зууны гаалийн бөримтлах 10 асуудлын хувьд ДГБ хэд хэдэн конвенц, бичиг баримт, зөвлөмжийг боловсруулан гаргаж, гаалийн байгууллагуудын шилдэг туршлагыг эмхэтгэн гаргаад байгаа юм. 2008 оны 6 дугаар явагдсан ДГБ-ын чуулган дээр 21 дүгээр зууны гааль баримт бичиг нь алсын хараатай, цаашдын хандлагыг тогтоосон баримт гэдгийг санал нэгтэй баталсан билээ. Гэхдээ энэ баримт бичиг ДГБ-ын жил тутмын стратеги төлөвлөгөөг орлохгүй, 21 дүгээр зууны гааль бодлогын баримт бичиг ерөнхий чиглэл, хэтийн төлөвийг харуулах бол жил тутмын стратеги төлөвлөгөөнд бодит ажил, тухайлбал, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх үйл ажиллагаа, түүнд зарцуулагдах хөрөнгийн хэмжээ болон тухайн жилдээ тэргүүлэх ач холбогдолтой зүйлийг багтаадгаараа онцлогтой. 21 дүгээр зууны гааль баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд ДГБ хэд хэдэн асуудалд анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Тухайлбал, гаалийн итгэмжит аж ахуйн нэгж/Authorized Economic Operator/ийн стандартыг 2005 онд баталсан боловч үүнийг одоо хүртэл хэрэгжүүлж эхлээгүй гишүүн орнууд олон байна. Түүнчлэн саяхныг хүртэл ДГБ болон түүний гишүүн орнууд импортын бараанд хамаарах асуудлыг түлхүү анхаарч байсан бол гадаад худалдааг хөнгөвчлөх, түүний аюулгүй байдлыг хамгаалах Багц стандартыг хэрэгжүүлж эхэлснээр бараа нийлүүлэлтийн сүлжээний бүхий л шат, экспорт болон транзитад зайлшгүй анхаарах болсон байна. Мөн гаалийн байгууллагад өөрчлөлтийн менежментийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх зэрэг асуудал ч анхаарлын төвд байх ёстой гэж үзэж байгаа юм. ДГБ-ын нарийн бичгийн дарга нарын газраас улс орнуудын гаалийн байгууллагуудын шилдэг туршлага, алдаа оноог бусдад нь хүргэх, саналыг нь хуваалцах, гаалийн асуудлаар судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг нь чухал гэж үзэж, энэ чиглэлээр гарын авлага боловсруулах, хуучин байгаа зүйлсийг сэргээхээр ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд ДГБ гааль бизнесийн түншлэлийг дэмжиж, бусад олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд болон хувийн сектортой хамтран ажиллаж, өөрчлөгдөж буй худалдааны нөхцөлд тохирсон эрх зүйн баримт бичиг боловсруулах, судалгаа хийхэд тэдний туслалцааг авахаар төлөвлөж байна. Ялангуяа гаалийн байгууллагын чадавхийг үр ашигтайгаар бэхжүүлэх нь стратегийн шинэ чиглэлийг тогтооход тун чухал гэж үзэж байна. Чадавхийг бэхжүүлэх ажилд стандарт тогтоох, тухайн орны онцлогийг харгалзан үзэх, тулгамдсан болон цаашид гарч ирэх хэрэгцээг хангах, хүрсэн түвшинд нь дүн шинжилгээ хийж, үнэлж дүгнэх хэрэгтэй байгаа юм. Бүс нутгийн чадавхийг бэхжүүлэх офис /Regional Offices for Capacity Building/ болон бүс нутгийн сургалтын төв /Regional Training Centers/-ийг ийм зорилгоор ашиглаж, тусгайлан бэлтгэгдсэн экспертүүдийг дээрх зорилгоор томилон ажиллуулж болно. Хилийн менежментийг сайжруулж, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог зохицуулах тухай ДГБ-ын баримталж буй бодлого Дэлхийн гаалийн байгууллага нь 174 орны гаалийн байгууллагыг эгнээндээ нэгтэгэсн олон улсын засгийн газар хоорондын байгууллага бөгөөд 2009 оны 6 дугаар сард Хилийн менежментийг сайжруулах, хилийн хяналтын байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулах талаар тусгай чуулга уулзалтыг жил тутам явагддаг Гаалийн хматын ажиллагааны Зөвлөлийн 113/114 дүгээр чуулганы дараа зохион байгуулсан юм. Уг Чуулга уулзалтад нийт 200 гаруй төлөөлөгчид оролцож, хилийн менежментийг сайжруулах орчин үеийн шаардлага, хил дамнасан гэмт хэрэг, олон улсын терроризмаас сэргийлэх, худалдааны аюулгүй байдлыг хангах, худалдааг хөнгөвчлөх зэрэг тулгамдсан олон асуудлаас үүдэлтэйг тэмдэглэн, хилийн хяналтын менежментийг сайжруулах талаар холбогдох бичиг баримтыг гаргасан юм. ДГБ Хилийн хяналтын нэгдмэл тогтолцоо (Intergrated Border Management) гэж өмнө нь нилээд ярьж бичиж, 2005 онд энэ талаар ДГБ-аас көвлөмж, арга зүйн баримт бичиг гаргаж байсан боловч энэ ойлголтыг одоо өөрчилж, хилийн хяналт нэгдмэл байхаас илүүтэйгээр тэнд ажиллаж байгаа хилийн хяналтын байгууллагууд хуулиар оногдсон ажил үүргээ биелүүлэхдээ илүү уялдаа холбоотой ажиллахын чухлыг дурдаж, хилийн менежментийг сайжруулах үүднээс Coordinated Border Management гэсэн нэр томьёог сүүлийн үед ашиглах болсон байна. Энэ ойлголт ДГБ-аас гаргасан “21 дүгээр зууны гааль” бодлогын бичиг баримтад тусгалаа олсон бөгөөд 21 дүгээр зууны гадаад худалдааны орчин өмнөх үеийнхээс зарчмын хувьд өөрчлөгдөж, хил хязгаар хэмээх ойлголт улс орнуудыг хооронд нь заагласан зурвас газраас илүү өргөн хүрээг хамарч, мэдээлллийн технологийн хөгжил, шинжлэх ухааны ололт амжилтын үр дүнд мэдээлэл хил хязгааргүйгээр нэвтэрч эхлээд байна. Хил дээр ирсэн ачааг хянадаг, шалгадаг ойлголт үндсэндээ өөрчлөгдөж, ачаа барааг хилээр орж ирэхээс нь өмнө, ачуулахаас нь эхлээд хяналтад авч, харин барааг хилээр нэвтрэх тэрхүү үйл явцад хөндлөнгөөс оролцож, ачаа барааг саатуулах, чингэлгийг онгойлгож шалгах шаардлага үндсэндээ алга болсноос хилийн менежментийг ч бас үүнд чиглүүлэн өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Барааны талаар олж авсан мэдээллээ хил дээр ажилладаг агентлагууд харилцан солилцож, ажлын давхардал, хийдэгдэл гаргахгүй байх, хяналтын тоног хэрэгсэл, лаборатори бусад төхөөрөмж, боломжийг гаалийн болон хилийн хяналтын зорилгоор хуваан ашиглах, бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхээс өмнө мэдээлэл авах сүлжээг гааль хооронд солилцох, барааг ачуулагч орны хил дээр экспортын зорилгоор хийсэн хяналт шалгалтыг барааг импортлогч орон хүлээн зөвшөөрөх, улс орнуудын хооронд илгээсэн барааны талаар мэдээллийг хүлээн авах, дамжуулах, солилцох нэгдмэл мэдээллийн сүлжээ байгуулах, электрон бичиг баримтыг ижилтгэх, мэдээлэл дамжуулах системийг нэг загварт оруулах зэрэг ажлыг хийхэд ДГБ-аас арга зүйн болон техникийн туслалцааг үзүүлнэ. 21 дүгээр зууны гааль бодлогын бичиг баримтад заасны дагуу 21 –р зуунд цахим сүлжээгээр холбогдсон дэлхийн хэмжээний гааль бүтцийг болгоход анхаарч байгаа бөгөөд энэ хүрээнд Европын Холбоо, АСЕАН орнууд зэрэг бүс нутгийн орнууд хоорондоо сүлжээгээр мэдээлэл дамжуулах, экспорт, импортын урсгалыг хянах системийг туршиж эхлээд байна. Түүнчлэн Европын Холбоо Хятад, АНУ Хятад улсын хооронд бараа эргэлтийг сүлжээгээр хянах, экспортлогч улс аюулгүй байдлын баталгаа гаргаж, лац ломбо тавьснаар импортлогч тал ямар ч шалгалтгүйгээр ногоон гэрлээр оруулах үүрэг хүлээгээд байна. Энэ мэтээр хилийн хяналтын механизмыг орчин үеийн худалдааны онцлогт нийцүүлэн өөрчилж, хил дээр хяналтыг гүн рүү шилжүүлэх, эрсдэлийг тооцож, оновчтой хянаж шалгах шаардлага манай улсын өмнө тавигдаад байна. Хилийн хяналтын зохицуулалтыг сайжруулах нь засгийн газрын хувьд хөрөнгө хүчийг хэмнэх, зөв хуваарилах, давхардлыг арилгах, хяналтын үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой. Түүчлэн мэдээллийн технологи, хяналтын тоног төхөөрөмж, лабораторийг хяналтын агентлаг бүрт авч өгөх, тэдний байцаагч нарыг тус тусад нь сургах, мэргэшилтэй боловсон хүчнийг үр дүнтэй ашиглах, ажлын цагийн нягтралыг сайжруулах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой. Эрсдэлийг тооцсоноор гадаад худалдаа ихээхэн хөнгөвчлөгдөнө, бизнесийн хүрээнийхний хувьд цаг, мөнгө хэмнэгдэнэ. Хилийн менежментийг сайжруулах нь худалдаанд оролцогсод, зорчигчдын хувьд ч ихээхэн чухал. Хил дээр дэмий хүлээж, цаг алдахаа болино, хил нэвтрэх зардлаа хэмнэнэ, эрсдэл тооцон хянах учраас хяналт шалгалт хийх том том талбай хэрэггүй болно, машины зогсоолууд, агуулах савнууд хэрэггүй болно, хил нэвтрэх үйл явц цомхон, авсаархан болно. Хилийн менежментийг сайжруулахад улс төрийн хүсэл зориг маш чухал үүрэгтэй, мөн хувийн секторынхон ч хилийн менежментийг сайжруулахад хөрөнгө оруулалтаа чиглүүлж болно. Хил гэдэг бол бараа тээврийн хэрэгсэл, зорчигчийг шалган хил нэвтрүүлдэг газар бус, энд үндэсний хууль тогтоомжийн дагуу аюулгүй байдал, худалдааны бодлого, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хорио цээр, гаалийн хяналт, байгаль орчны хяналт болон шалган нэвтрүүлэх зэрэг үйлчилгээ бас энд явагддаг. 21-р зуун гарсаар хилийн хяналтад нөлөөлөхүйц гурван өөрчлөлт гарсан гэж ДГБ-аас үзэж байна. - Нэгдүгээрт, хил хуучин хэвээр оршин тогтносоор байгаа боловч мэдээллийн орон зайн хувьд хил хязгааргүй болоод байна. Ийм тохиолдолд бараа тээврийн хэрэгслийг ачигдсан үеэс нь эхлэн хянаж, эрсдэлийг нь тодорхойлон, хяналт шалгалт явуулах шаардлагатай болоод байна. - Хоёрдугаарт, Бараа үйлдвэрлэл, худалдааны арга өөрчлөгдсөнөөс худалдааны болон зорчигчийн урсгал ихээхэн нэмэгдсэн байна. Үнийг төлсний дараа худалдаа хийгддэг байсан уламжлалт арга барил ард хоцорч байна. Эрсдэлийг нь тооцож хяналт шалгалт хийснээр хяналтын үр дүн нэмэгдэнэ. Эрсдэлийг тооцсон үр дүнгээ агентлагууд өөр хоорондоо хуваалцахгүй байгаагаас ихээхэн давхардал гарч, худалдаачдыг чирэгдүүлж байна. Эрсдэлийг тооцохдоо тухайн эрсдэл нь санаатай, санаандгүй гаргасан эрсдэл мөн эсэхийг нягтлах нь чухал. - Гуравдугаарт, хилийн хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, тэнд байгаа хүч хөрөнгийг зөв хуваарилах хэрэгтэй. Хуучин шигээ салангид тусдаа ажиллаж, бие даасан байдлаар тус тусдаа шийдвэр гаргадаг хандлагыг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Хилээр бараа оруулж гаргадаг байгууллага, хүмүүс, зорчигчид ч үүнийг засгийн газраас хүсэн хүлээж байна. Бие биедээ тээг тавьсан олон байгууллагуудтай харьцаж, цаг заваа барснаас засгийн газрыг төлөөлсөн нэг л байгууллагатай, эсвэл нэг байгууллага мэт ажиллаж чаддаг цөөн тооны байгууллагатай харьцах нь тэдний хувьд хавьгүй дээр гэж тэд үзэж байна. Олон улсын худалдааны өнөөгийн орчин ч үүнийг шаардаж байгаа бөгөөд бүтцийн хувьд цомхон, илүү шат дамжлагагүй байх нь засгийн газрын хувьд ч хэмнэлттэй гэдгийг иш үндэс болгож байна. Хилийн хяналтын байгууллагууд илүү уялдаа холбоотой байж, хяналт шалгалтыг давхардуулахгүй байх, ачаа барааг саатуулах, бусад байгууллагын хяналт шалгалтын үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байхыг эрмэлзэх ёстой. Ингэснээр бүрдүүлэлтэд зарцуулагдах цаг богиносч, бараа тээврийн хэрэгсэл, зорчигчид хил дээр саатахаа больж, ажил үйлчилгээ үзүүлэхийн тулд ихээхэн хэмжээний дэд бүтэц барьж байгуулах шаардлагагүй болж, импортын зардал хямдарч, хэрэглэгчийн нуруун дээр үүрүүлдэг үнийн өсөлт буурна. Хилийн менежментийн зохицуулалтыг сайжруулна гэдэг бол хилээр нэвтрэч байгаа бараа, тээврийн хэрэгсэл, зорчигчид тавих хяналт шалгалтын үр дүнг дээшлүүлэх, бага зардлаар их үр ашигтай ажиллах явдал. Хилийн менежментийг сайжруулахад дотоодын болон гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй. Дотоод гэдэгт хилийн хяналтын байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо орох ба гадаад хамтын ажиллагаа нь гааль хооронд мэдээлэл солилцох, цахим байдлаар мэдээлэл авч, дамжуулах, илгээсэн ачааны аюулгүй байдлын баталгаа гаргах явдал юм. Хамтын ажиллагаа зөвхөн дээд шатанд төдийгүй, шат шатандаа хэрэгжих учиртай. Хамтын ажиллагаа байнгын байх ёстой ба байгууллага хооронд харилцан ойлголцлын санамж байгуулах замаар үүнийг хэрэгжүүлдэг олон улсын туршлага байна. Гэхдээ байгууллага хоорондын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, тэдний ажлын давхардлыг арилгахад улс төрийн хүсэл зориг заавал байх ёстой. Ингэж байж хилийн хяналтын байгууллага бүр өөрийн эрхэм зорилт, үүрэг хариуцлага, ажил үүргийн хуваарийг эргэн харж, шаардагдах засварыг оруулах, бусад байгууллагатай давхацсан ажил үүргээ шилжүүлэх, давхардлыг арилгах, байгууллагынхаа эрх ашгаас дээгүүр улс орны эрх ашиг, ард олны хүсэл эрмэлзлийг тавьснаар үүнийг биелүүлж чадна. Гадаад хамтын ажиллагааны хилийн дагуух зэргэлдээ гаалийн хамтын ажиллагаа, хөрш орнуудын хоёр талт хамтын ажиллагаа, олон орны гааль хоорондын хамтын ажиллагаа чухлаар тавигдаж байна. Хилийн боомтын ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлэх, өөрөөр хэлбэл хөрш орнуудын хил дээр хамтарсан хяналт явуулах, нэг талын хяналтыг нөгөө тал нь хүлээн зөвшөөрөх, рентген зургийн хуулбарыг ачаа бараатай хамт илгээх, дэд бүтцээ хамтарч ашиглах зэрэг аргууд үр дүнтэй болох нь олон улсын туршлагаар нотлогдоод байна

  1. REDIRECT [[Файл:Target page name[[Файл:[[Файл:]]]]]]