Хэвтүүл
Хэвтүүл нь шөнийн цагт хааны өргөө ордыг хамгаалах үүрэгтэй. Хэвтүүл нь хааны орд гэрийг хамгаалж амар амгалан хонуулна. Гэсэн утгатай үг ажээ. Иймд хэвтүүлийн үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Тухайлбал, наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач нар барьж хоноод маргааш өглөө байцаан асууна. Хэвтүүл халаагаа ирэхэд тэмдэгээ шилжүүлж өгөөд гарч явна. Хэвтүүл нь шөнө ордны орчим байж үүдийг харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчина. Тэр ч бүү хэл хэвтүүлийн тоо нь маш нарийн нууцлагдсан байх ба тоог асуусан хүний тэр өдрийн унасан эмээл-тэй, хазаартай морь, бүрэн хувцасыг хэвтүүл авах эрхтэй байв.
Мөн ордны зарц, шивэгчин болон тэмээчин, үхэрчин нарыг захиран мэдэж бас ордны гэр тэргийг хариуцдаг байв. Тэд туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хариуцна. “Аяга савыг мөн хэвтүүл даргалтугай. Бидний унд идээг хэвтүүл даргалтугай. Унд идээ хор хомс бол идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан өгч үл болно. Идээг түгээхдээ эхлээд даргалсан хэвтүүлээс хэлэн түгээтүгэй. Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш орж, их санг түшиж байтугай” гэх зэргээр үүргийг нь "Монголын нууц товчоо"-нд нарийвчлан зааж өгсөн байдаг. Хэвтүүл нь нутаг ус үзэж, хааны орд гэрийг хаана барихыг хариуцаж, орд гэр нүүхэд хэвтүүлүүд баруун зүүн жигүүрт нь явж хамгаалах үүрэгтэй ажээ.
Тэмүүжин-г Хамаг Монголын хаан байхад хэвтүүлийн тоо 80 байсан бол хожим 1000 болтлоо нэмэгджээ. Эдгээрээс үзэхэд хэвтүүл нь одоогийнхоор тусгай алба, цагдаагийн байгууллагын үүрэг гүйцэтгэж байжээ. Хэвтүүл цэрэг хэзээ үүссэн нь одоогоор тогтоогдоогүй . Түүгээр ч үл барам хэвтүүлд одоогийнхоор бие хамгаалах урлагийг нарийн эзэмших шаардлага тавигдаж байжээ. Тухайлбал, эдгээр “Орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай” гэж зарлиг буулгаж байснаас тодорхой байна.