Хулгар Нацаг нь Дашийн Баянмөнх гэдэг Монголын шилийн сайн эрийн олонд танигдаж, өргөмжлөгдсөн нэр юм. Хулгар Нацаг нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Хангал сумын хүн байжээ. Нацаг нь шилийн сайн эрсийн ажил болон адуу малыг хошуу дамжуулан хөөхөөс гадна, хятадын наймаачдын пүүс, тэдгээрийн ачааны жинг дээрэмддэг байснаас гадна даншигийн арслан цолтой бөх хүн байсан байна. Монгол бөхөд байдаг начны найраа гэдэг зүйл нь хулгар Нацагтай холбоотой бөгөөд тэрээр анх цол авах боломжтой залуу бөхчүүдээс шан авах замаар үүнийг санаачилсан гэдэг яриа байдаг. Хулгар Нацаг нь 1865 оны үед Даш харцагын хүү болон төрсөн бөгөөд хожим 1917 онд одоогийн Орхон аймгийн Жаргалант сумын нутагт насан эцэслэсэн байдаг. Нацаг буюу Баянмөнхийн төрсөн нутаг усны талаар олон олон ташаа мэдээлэл байдаг бөгөөд Өвөрхангай аймаг, Булган аймгийн Сайхан сум, эсвэл Хангалын хүн гэх мэтээр бичдэг бөгөөд эдгээрээс хамгийн үнэний ортой нь Хангал суманд төрсөн гэх мэдээлэл юм. Учир юу гэвээс түүний хүүхдүүдийн ач зээ нар өдгөө Эрдэнэт хот хавиар амьдарч байгаа бөгөөд амьдралынхаа сүүлийн хугацааг Хангал, Чингэлийн голоор нутаглан өнгөрөөсөн тухай дурдсан байдаг. Мөнхүү түүнийг тухайн үеийн Хангал сумын нутаг одоогийн Жаргалант сумын нутагт нас нөгчсөнийх нь дараа цогцосыг нь ил тавихад хожим хэнхэрцэг цээжнийх нь ясан дотор эм чоно гөлөглөсөн байсан тухай яриа байдаг билээ. Түүнийг Түшээт Хан аймгийн Дайчин вангийн хошуу( Хангал сумын )-ны хүн байсан төдийгүй Хангалын Ноён Хутагт Агваанжигмэдтэй дотно нөхөрлөж явсан тухай ач зээ, үр хүүхэд, нутаг усныхан нь дурсан ярьдаг аж.