Хулгана нь жижиг биет мэрэгч амьтан юм. Шовх хошуу, жижиг бөөрөнхий чих, биеийнхээ урттай адил хайрстсан сүүл, олон тоогоор хурдацтай өсөх чадвараараа онцлог. Бидний хамгийн сайн мэдэх төрөл зүйл нь энгийн гэрийн хулгана (Mus musculus) юм. Хулганыг гэрийн тэжээвэр амьтан болгох тохиолдол бий ч голдуу хоол хүнс, оромж хайн хүн суурьшсан газарт урилгагүй, хор хөнөөл дагуулан үүрлэдэг байна.

Бор хулгана

Хулгана хархнаас биеийн хэмжээгээрээ ялгагдана. Харх, хулгана гэсэн нийтлэг нэр томъёо нь ангилал зүйн хувьд хэт ялгаатай биш юм.

Гэрийн тэжээвэр амьтан болгон зардаг хулгана нь ердийн гэрийн хулганаас хэмжээнээсээ эрс ялгаатай байдаг. Энэ нь зэрлэг байгаль дахь үржлийн болон хүрээлэн буй орчины ялгаатай холбоотой юм. Хулганын бас нэгэн түгээмэл төрөл бол лабораторийн цагаан хулгана юм. Тэд нэгэн хэвийн биеийн болон зан авирын шинж чанар агуулдгаараа шинжлэх ухааны судалгаанд ашиглахад маш тохиромжтой байдаг.

Муур, зэрлэг нохой, үнэг, махчин шувууд, могой болон зарим төрлийн шавьж хулганыг ангуучлан иддэг хэдий ч тоо толгой нь маш их хэвээр байсаар байдаг. Хулгана нь бараг бүх орчинд дасан зохицох чадвартай ба үүниийхээ ачаар дэлхий дээр амьдарч буй хөхтөн амьтдын хамгийн амжилттай оршин тогтнодог овгийн нэг юм.

Зарим нөхцөлд хулганыг хор хөнөөлт амьтан гэж үздэг. Ийм төрлийн амьтад нь ургац талбайг сүйтгэж, өвчин тараадаг тул ийнхүү нэрлэгддэг ажээ. Хулгана нь ялгадсаар өвчин тарааж, шимэгч хорхойн тээгч болдог. Хойд Америкт хулганын ялгадастай тоосоор амьсгалах нь хантавирустай холбогдсон ба цаашлаад уушгины хантавирусын хам шинж (HPS) үүсгэдэг байж болзошгүй гэж үздэг байна.

Шөнийн амьтан гэгдэх хулгана хараа муутай боловч сонсголын мэдрэмж нь ихэд сайн хөгжсөн. Хоол хүнс олох, махчин амьтдаас зайлсхийх чадвар нь голдуу үнэрлэх мэдрэмжээсээ хамаардаг.

Зэрлэг байгальд хулганууд нарийн нүхэн үүр ухдаг. Эдгээр нүхнүүд нь урт орц, гудамтай бөгөөд зугтах хонгилоор хүртэл тоноглогдсон байх тохиолдол бий. Нэгэн зүйлийн хувьд нүхний дотор загвараа гаргах чадвар нь генетикийн шинж чанар байдаг байна.