Хойд Цэнхэрийн агуй

Хойд Цэнхэрийн агуй нь Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий.

Хойд Цэнхэрийн агуй

Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан болон цайвар зосон будгаар зурсан байна. Дүрслэлийн хувьд амьтдын гадаад төрхийг гаргахад анхаарч, зарим амьтдын дүрслэлийг тааруулан олон жижиг толбо хийж давтмалыг илэрхийлсэн нь палеолитын үеийн нэг онцлог ажээ. Эдгээр зосон зургууд дахь арслан заан, одос үхэр, тэмээн хяруул зэрэг нь Монгол нутагт эрт цагт байгаад сөнөж үгүй болсон амьтад тул уг зургууд нь дээд палеолитын үед холбогдох нь давхар нотлогдож байна. Эдгээр зосон зургууд нь дүрслэлийн агуулга, зохиомж арга зэргээрээ дэлхийн палеолитын үеийн түүх соёлын судлалд чухал байр суурь эзэлдэг.

Уг агуй нь шохой чулуун тогтоцтой дотроо бөмбөргөрдүү оройтой, шалнаас тааз /адар/ хүртэл 20 орчим метр өндөр агаад анх Хойд цэнхэрийн агуйн зургийг Манхан сумын нэгэн гярхай ажигч малчин санамсаргүйгээр олж сумын захиргаанд мэдээлсэн талаар танилцуулгад дурдсан байна.

1950 онд газарзүйч, судлаач О.Намнандорж Хойд Цэнхэрийн агуйн хадны зураг дүрслэлийг судлан шинжлэх оролдлого хийжээ. Агуйд улаан хүрэн зосоор зурсан эртний ан амьтдын сүг зураг нэлээд бий. Агуйн хананд жадан эвэрт оронго гөрөөс (Канна), бух, могой, шувуу, тэмээн хяруул, заан, тэмээ, янгир зэрэг амьтдын сүг зураг байдгаас үзвэл эрт үед Монгол нутагт дээрх амьтад амьдарч байсан ба цаг уурын байдал одоогийн Африк тивийн адил чийглэг халуун уур амьсгалтай байжээ.

Хойд Цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхээргүйгээр хадгалан бидний үе хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтны зургийг улаан зосоор зурсан хунх 4 бий.

1-р хунх. Уг хунхад 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ. Энд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш чадварлаг зурсан байна.

2-р хунх. Уг хунх агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг агуулдаг юм. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ.

3-р хунх. Хоѐрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд уг хунхад зэрлэг тэмээг нэлээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.

4-р хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.

Цэнхэрийн агуйн дурсгалыг зөвлөлтийн нэрт монголч эрдэмтэн, академич А.П.Окладников дүгнэж хэлэхдээ: "Гурван цэнхэрт хүн төрөлхтний эртний урлагийн бие даасан хүчирхэг голомт байсан бөгөөд тухайн үед амьдарч байсан хүмүүс асар өндөр хөгжилтэй, уран сайхны их авьяастай зураачид амьдарч байсны гэрч юм" гэжээ. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг "Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь" зэрэглэлээр дэлхийн соёлын эртний чулуун зэвсгийн өвд бүртгэж авсан байна.

Агуйн дотор талаас. Дотроо маш их тоос, тагтаа шувууны нунтаг ялгадас, бууцаар дүүрсэн. Ер нь бол амьсгалахад хүртэл хүндрэлтэй юм. Болж өгвөл масктай орох нь зөв байх. Хувцас хунар ч гэсэн нэлээд бохирдож байсан. Агуйн жижиг ам нь үндсэн том амнаас яльгүй урагшаа 10 гаруй метрт бий. Амны хэмжээ яльгүй жижиг. Гэхдээ дотоод талбай томтой. Мөн их хэмжээний тоос, бууцтай ажээ.

Ховд аймгийн Манхан суманд байрлах Төв Азийн хүй нэгдийн үеийн урлагийн голомт Гурван цэнхэрийн агуй Монголын 9 гайхамшгийн нэгээр шалгарсан билээ. Гурван Цэнхэрийн агуй Манхан сумын төвөөс 25 км-т орших бөгөөд цагаан саарал өнгийн шохойлог гантиг чулуунаас тогтсон ба дотор талын өндөр нь 15 метр аж. Агуйн хананд палеолитийн урлагийн дурсгал болох зосоор зурсан шорон эвэрт оронго гөрөөс, тэмээн хяруул зэрэг олон амьтны дүрс зураг бий.

 Commons: Хойд Цэнхэрийн агуй – Викимедиа зураг, бичлэг, дууны сан