Хил хамгаалах ерөнхий газар
Хил хамгаалах ерөнхий газар- (англи.General Authority for Border Protection of Mongolia) Улсын хилийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлж, Улс орны хэмжээнд улсын хил хамгаалалтыг удирдан зохион байгуулах Засгийн газрын тохируулагч Агентлаг юм.
Түүх
засварлахМонгол улсын гадаад, дотоод байдал 1930-аад оны эхээр хурцадсаны улмаас төр, засгаас улс орноо батлан хамгаалахын тулд 1933 онд Хилийн харуулын цагдааг татан буулгаж, улсын хилийг мэргэжлийн цэргийн хүчээр хамгаалах болж хилийн отряд, комендатуруудыг байгуулж эхэлжээ. 1933 оны 1-р сард БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Дотоодыг хамгаалах газарт баруун ба өмнөт хязгаарыг хамгаалах үүрэг өгч, анхны хилийн отряд, комендатуруудыг байгуулснаар орчин үеийн Хил хамгаалах байгууллага үүссэн гэж үздэг юм.
Хилийн цэргийн туулж өнгөрүүлсэн дайчин замнал нь Монголын ард түмний Тусгаар тогтнолд халдан довтолсон харийнхны өнгөлзлөгийг цаг тухайд нь илрүүлэн зогсоож, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг чанд хамгаалсан мятаршгүй эх оронч хилчдийн тэмцэл, ялалтын түүх юм.
1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан бөгөөд хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн гантиг чулуун дээр нэрс нь алтан үсгээр бичигдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ.
Эх орны дайн дуусч, улс түмний найрамдал хамтач ажиллагааны шинэ үе эхэлсэн 1950 иад оны эхээр Хязгаарын цэргийг татан буулгаж, хилийн пункт, байцаан өнгөрүүлэхүүдээр улсын хилийн дэглэм, журмыг сахиулж байсан түүхийн нэгэн зурвас үе байсан юм.
“Хүйтэн дайн”-ы үе болох 1960-аад оноос олон улсын цэрэг, улс төрийн нөхцөл байдал төвөгтэй болох үед Хязгаарын цэргийг дахин байгуулах шаардлага зүй ёсоор тавигджээ. 1959 онд НАХЯ байгуулагдснаар түүний бүтцэд Хилийн албаны хэлтэс бий болж, 1967 оноос НАХЯ-ны Хязгаарын ба ДЦХЭГ-ыг байгуулж, 1979 оноос Хязгаарын ба ДЦУЕГ хэмээн нэрлэгджээ.
1990 онд НАХЯ татан буугдаж, УАБХЕГ байгуулагдан түүний харъяанд Хилийн цэрэг үйл ажиллагаагаа явуулав. 1993 онд “Хилийн тухай хууль” батлагдаж, Хилийн цэргийг удирдах газар байгуулагдсан юм. ХЦУГ нь 1996 он хүртэл Засгийн газрын дэд бүтцийн байгууллага болжээ.
Хил хамгаалах байгууллага нь 1996 оноос БХЯ-ны харъяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2002 оноос Засгийн газрын тохируулагч Агентлаг-Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Алдарт хилчид
засварлахХилчид эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, эгнээнээсээ хөдөлмөрийн баатар, дэслэгч генерал Ж.Жамьян, Б.Цэдэн-Иш, Ж.Лодойхүү, Ш.Түгж, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Арвай, гавьяат жүжигчин Г.Өлзийсайхан, Э.Бүрнээбаяр Б.Ганчимэг, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Эрдэнэ-Очир, Г.Энхбаяр, соёлын гавьяат зүтгэлтэн И.Төмөрбат, гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпын хүрэл медальт гавьяат тамирчин С.Батцэцэг гавьяат дасгалжуулагч Д.Дашжамц зэрэг олон зуун алдартнуудыг төрүүлэн гаргажээ.
Умард хил
засварлахБНМАУ, ЗСБНХУ нь хоёр улсын хоорондох түүхэн хилээ 1958, 1976 оны хилийн гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон юм. 1958 оны гэрээгээр Асгатын давааны хярын хойд өндрийн оройгоос эхлэн зүүн тийш Монгол Шарын давааны зүүн өндрийн орой хүртэл 1305 км хилийн шугамаар 332 овоо тэмдэг босгож бүрэн тодорхойлолтын зураглалтай хил тогтоогдон батлагджээ.
Монгол, Зөвлөлтийн хооронд 1976 онд Монгол Шарын давааны зүүн өндрөөс эхлэн зүүн тийш Тарваган дахын хилийн овооны 645 тоот хүртэл байгаа 1727 оны Буурын гэрээгээр тогтоогдсон зүүн хэсгийн 1890 км хил, Асгатын даваанаас эхлэн баруун тийш Алтай таван богд уул хүртэл байгаа 1864 оны Тарвагатай хотын хилийн гэрээгээр тогтоогдсон баруун хэсгийн 290 км хил эдгээр бүгд 2180 км хилийг тодотгон тогтоох хэлэлцээ хийгдэж, хилийн гэрээ байгуулагдсан юм.
2019 оны МОНГОЛ-ОРОСЫН УЛСЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН ГЭРЭЭ үйлчилж байна.
Өмнөд хил
засварлахМонгол Улсын өмнө зүгийн хил нь БНМАУ, БНХАУ-ын хооронд 1962 онд байгуулсан хилийн гэрээгээр тодорхойлон тогтоогдож, 1975 онд НҮБ-д бүртгэгдэж олон улсын хэмжээнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгджээ.
Төр засгаас улс орны гадаад, дотоод нөхцөл байдлыг харгалзан 1960-аад оноос өмнөд хилийн, 1990-ээд оноос эхлэн хойд хилийн хамгаалалтыг бэхжүүлэх талаар дэс дараатай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын хил эргэн тойрондоо Хил хамгаалах байгууллагын хяналтад бүрэн хамрагдсан юм.
2019 оны МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН ДЭГЛЭМИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ГЭРЭЭ үйлчилж байна.
Хил хамгаалах байгууллага нь хилийн асуудлаар байгуулсан /Монгол Улс-ОХУ-ын хооронд 15, Монгол Улс-БНХАУ-ын хооронд 13, Монгол Улс-Бусад Улсын хооронд 24/ нийт 52 монгол улсын олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийг мөрдөж ажилладаг.
Орчин үеийн хил хамгаалалт
засварлахӨнөөгийн Хил хамгаалах байгууллага нь албандаа гэрээт хилчдийн албыг төгөлдөржүүлэх, улсын хил хамгаалалтад холбогдох хууль, тогтоомж бусад эрх зүйн актуудыг цаг үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, тодотгох, хил хамгаалалтыг байгаль, цаг агаар, газар орон, цагийн байдал, хүч хэрэгсэлдээ тохируулан бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулах, түүнд тохирсон хангалт, үйлчилгээг явуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг улам боловсронгуй болгон алба үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Удирдлага:
засварлахХожгорын Лхагвасүрэн - Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч,
Н.Ганболд- Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга