Фрэдди Мэркүри (Төрсөн нэр : Фаррох Булсара) нь Британийн дуучин, дуу зохиогч бөгөөд мөн Queen хамтлагийн гоцлол дуучин гэдгээрээ ихэд алдаршсан. Тэрээр тайзан дээрх этгээд байдал болон 4 актавын хоолойны цар хүрээгээрээ бусдаас онцгой байсан юм.

Мэркүри АНУ-ын Коннектикут муж дахь Нью Хэйвенд Queen хамтлагтайгаа хийсэн тоглолтынхоо үеэр (1977 он)

Фрэдди нь 1946 оны 9-р сарын 5-нд Занзибар хотноо парси шашинтай эцэг эхийнхээ ууган хүү болж мэндэлсэн ба өсвөр насандаа тэрбээр Английн Мидлсекс гэх газар луу нүүжээ. Фрэдди нь "Queen" хамтлагыг гитарчин Брайн Мэй, бөмбөрчин Рожер Тэйлор нарын хамтаар 1970 онд үүсгэн байгуулсан бөгөөд Bohemian Rhapsody, Killer Queen, Somebody to Love, Don't Stop Me Now, We Are The Champions зэрэг олон тооны хит дуунуудыг зохиосон юм. Тэрээр хамтлагаасаа гадуур өөрийнхөө хоёр ч ганцаарчилсан цомгийг (1985 онд "Mr. Bad Guy", 1988 онд "Barcelona") гаргасан ч тэд нар нь төдийлөн сайн амжилт олж чадаагүй юм.

1987 онд өөрийгөө дархлал хомсдолын вирус туссан гэдгээ мэдсэн Фрэдди нас барах өдөр хүртлээ уран бүтээлүүдээ гаргаж, аялан тоглолт хийсээр л байсан юм. Эцэст нь 1991 оны 11-р сарын 23-ны өдөр буюу нас барсан өдрийнхөө өмнөх өдөр өөрийгөө эдгэршгүй өвчин туссан гэдгээ олон нийтийн хэвлэл мэдээллээр зарлажээ.

2002 онд BBC-ийнхан Фрэддиг "Их Британийн түүхэн дахь агуу 100 хүмүүс"-ийн 58-т жагсаажээ. Мөн саяхан 2018 онд өөрийнх нь намтараар хийсэн "Bohemian Rhapsody" кино нь их олон шагналыг хүртэж, нийтдээ $817,437,341-ийн орлого олсон билээ. Фрэддигийн дүрийг жүжигчин Рами Малек мөнхөлсөн ба тэрээр "Алтан бөмбөрцөг" болон "Оскар"-аас "Шилдэг эрэгтэй гол дүр"-ийн шагналыг хүртсэн юм.

Цахим холбоос засварлах

  Commons: Фрэдди Мэркүри – Викимедиа зураг, бичлэг, дууны сан