Ургамал сум

Ургамал нь Завхан аймгийн сум юм. Аймгийнхаа хамгийн баруун талын сум бөгөөд зүүн талаараа Завханмандал, урдуураа Дөрвөлжин, баруун талаараа Увс аймгийн Завхан сумдтай хил залган оршдог. Газар нутгийн ихэнх хэсгийг нь говь хээрийн бүс эзэлдэг ба Гүн нуур Давс Шанд зэрэг томоохон нууруудтай. Хүнгүйн гол урсан өнгөрдөг бөгөөд ард иргэдийнх нь ихэнх хэсэг нь мал аж ахуй эрхлэн амьдардаг.

1924 оны 12дугаар сард орон нутгийн анхны сонгууль болж тус сум анх “Буурал нарт” нэртэйгээр үүсэн, нутгийн тайж Б.Батсүлдийг сумын даргаар сонгожээ. Сумыг дотор нь гурван тавин, тавиныг арав арван гэрүүдээр зохион байгуулж арван гэрүүдийн даргаар нутгийн ард Н.Нацаг, Ө.Сэд, Б.Буньжав нарын 15 хүн сонгогдсон байна.

Тус сум нь 1924-1925 онд Буурал нарт, 1926-1928 онд Сартуул, 1929-1933 онд Хутаг уул, 1934-1937 онд Ургамал-Өлзийт гэж нэрлэгдэж байгаад 1938 оноос Ургамал сум нэртэй болжээ.

Тус сум нь нийслэл хотоос 1236 км, аймгийн төвөөс 236 км алслагдсан бөгөөд газар нутаг нь Их нууруудын хотгортой зах залгаа нам дор говирхог буюу элсэрхэг хөрстэй, далайн төвшнөөс дээш 1201-2117 метр, хамгийн нам дор газар нь Сайхан бөгөөд 1201 метр өргөгдсөн байхад хамгийн өндөрлөг газар нь 2117 метр өндөр Аргалын хар уул юм. Түүнчлэн дэлхийн бөмбөрцгийн зүүн уртрагийн 93 градус, умард өргөргийн 97 градуст оршдог.

Сумын хилийн нийт урт 255 км бөгөөд баруунаас зүүн тийшээ /Бор үзүүрийн овооноос Их ганга хүртэл/ 95 км, хойноос урагш /Унзадын гозгороос Аргалын харын Боовой хүртэл/ 65 км үргэлжилсэн 347.6 мянган га нутагтай.

Тус сумыг Ургамал гэж нэрлэсэн нь Хульжийн голоос дээш Аргалант сээрийн эхэнд байдаг Ургамал гэдэг уулын нэртэй дүйж байгаагаас гадна энэ нутагт таван төрлийн малын тэжээлд тохирох амт чанар шим тэжээл сайтай 600 гаруй нэрийн ургамал, хүний хүнс тэжээлд хэрэглэдэг сульхир, хар суль, зэрлэг буудай, цагаан мангир, мангина, гоёо, мөн эмийн ургамал болох чихэр өвс, дэгд, юмдүүжин, тэмээн хөх, зангуу, зээргэнэ, бударгана, ортууз, шувуун хөл, бэвлэн байдаг нь ингэж нэрлэхэд нөлөөлсөн байж болох юм.

Бэлчээрийн голлох ургамал нь хялгана, хазаар, ерхөг, агь, таана, суль, сульхир, цахилдаг, харгана, бут, зэгс, түнгэ байдаг. Мөн шохойн болон боржин чулуу, зос, давс, хужир, наанги шороо шавар, явар, гялтгануур, гурван өнгийн будгийн чулуу, цахиур, алт, мөнгө, төмрийн хүдэр, бас гиван, жуган гэдэг эмийн найрлагад ордог чулуу байдгаас гадна, барилгын засал чимэглэлд хэрэглэж болох байгалиас засаж бэлтгэсэн юм шиг хавтгай, гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий хэлбэртэй өнгө өнгийн чулуу, багаж хурцпах билүү, тоосго, мөн тугалган шороо элбэг учир Билүүт, Тоосгот, Тугалгат нэртэй уулууд ч байдаг. Манайд зэс, төмрийн хүдэр, алт бүхий ордуудад судалгааны ажил хийгдсэн, одоогоор таван аж ахуйн нэгж хайгуулын үйл ажиллагаа явуулж байна.

Чоно, үнэг, мануул, өмхий хүрэн, туулай, тарвага, дорго, аргаль, янгир, цагаан зээр, элээ, хэрээ, цахлай, бор, шувуу, харцага, ятуу, хүтүү, болжмор, сойр хулан жороо, тагтаа зэрэг жигүүртэн, могой, хонин болон могой гүрвэл, төмөр могой хэмээх хорхой, аалз, голио, хар ба ногоон тонголдой, хар хорхой зэрэг мөлхөгчид оршдог.

Ургамал сумын нутагт Хуйхын цахирын ууланд байдаг Гандгир /ганцхан мод/, Цагаанхайрхан ууланд байдаг Хутаг уулын ус шуугидаг хөндий хад, Ханын худгийн ард байдаг Уст уул, мөн Тост хэмээх толгой, шавгийн гацааны чихэр өвстэй тохой, Харцагатын улааны цул хаднаас ургасан харгана, мөн засч бэлтгэсэн юм шиг Хавтгай, Дэмбэрэл, Цагаан булуу, Хамтрал, Халтарын (Лайлаагийн) болон Их сүв зэрэг элсний гарцууд, Голын улааны рашаан (газрын гүнээсхутгаж авдаг өвөрмөц тогтоцтой), Гүн нуур, Зөөхий нуур гэхмэт үзэсгэлэнт газрууд байдаг.

1992 онд сумын ардын хурал, гүйцэтгэх захиргааны тогтолцооноос орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар гэсэн нутгийн захиргааны шинэ зохион байгуулалтад шилжсэн. Тус сум нь сумын төвийн Хүнгий хөдөөгийн Тосгуур, Хульж, Нуур зөөхий, Баян- Улаан гэсэн нийт таван багтайгаар үйл ажиллагаа явуулж байна.