Улаанбудангийн тулаан
Галдан Бошгот халхыг эзэлж авсны дараа Сэлэнгэ мөрний эхэнд нутаглаж байгаад 1690 оны 5 дугаар сард зүүн зүгт хөдлөн, Халх гол хүрч хөвөөлөн урагшилсаар Манж Чин гүрний хилд цөмрөн, Өвөрмонголын Үзэмчин аймгийг довтлон уулгалсан байна. Энэ үед Манжийн хязгаарын цэргийн жанжин Арнай хилийн ойр байснаа ашиглан Галданг бутцохин хаандаа их гавьяа байгуулахыг сэтгэн, Энх-амгалан хааны "Яаран байлдаж болохгүй.Нэмэлт цэрэг ирэхийг хүлээ" гэсэн зарлигийг зөрчин, өөрийн дураар хоёр түмэн цэргийг авч, Улхуй голын орчим газар Галданы түрүүлж илгээсэн хошууч цэргийн ангитай учран байлдаж байтал Галдан их цэргээ авч ирэн Арнайг хавчин цохижээ.
Улаанбудангийн тулаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Зүүнгар-Чин улсын дайн | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Зүүнгарын хаант улс | Манж Чин гүрэн вассал Өвөр-Монгол, Халхын ханлигууд | ||||||
Удирдагчид | |||||||
Галдан бошигт хаан | Энх-Амгалан хаан | ||||||
Цэргийн хүч | |||||||
20 000 цэрэг | 100 000 цэрэг | ||||||
Хохирол | |||||||
10 000 | тодорхойгүй |
Энэ байлдаанд Галданг галт зэвсэг хэрэглэсэн хэмээн Энх- Амгалан хааны бодролын бичигт өгүүлдэг байна.Арнай жанжин ийнхүү ойрадуудад ширүүн цохигдон буруулсан бөгөөд Энх-Амгалан хаан түүнийг "Зарлигийг зөрчин омтгой байлдсан" хэмээн тушаалаас бууруулан шийтгэсэн байна.Үүнээс үзэхэд, Галдан Бошготтой хийх тэмцлийг Энх-Амгалан хаан ихэд чухалчилж нягт нямбай хандаж байв.Тэрбээр Галдан Бошготод элч зарж тал засахын зэрэгцээ, цаг хожин цэргийн хүчээ татан хуримтлуулжээ.Энэ үеийг хүртэл Галдан Бошгот дийлэгдэж ялагдаж явсангүй тул ойрад нутагт ар хударгаар нь Цэвээнравдан хаан ширээг нь гудайлгаж, өөрт нь цохигдсон халхууд манжид хүч хавсран дайсагнан байсныг үл тоон манжийн их цэргийг нэгмөсөн цохихоор улайран зүтгэв.Чухамдаа энэ нь Чингис хааны үйлсийг давтахаар мэрийсэн гэлтэй.Манж Чин гүрэн мандан бадрах бүх үеийн түүхэндээ ийм аймшигтай эн тэнцүү хүч үзсэн дайсантай учирсангүй тул нийслэлд нь ойрадын их цэрэг ойртон ирэхэд маш их болгоомжлон, үймэн сандарч байсан гэдэг.
Тэр үед Чин улсын хязгаарыг сэргийлэн суулгасан цэрэг 3 түм байсан бөгөөд түүн дээр Галдан Бошготын цэргийг тосон байлдахаар 10 түмэн цэргийг дайчлан татсан байжээ. Тэрээр өөрийн ах Фу Чуанд "Хол дахиныг дагуулагч их жанжин" цол өгч, 5 түмэн цэрэг бүхий зүүн жигүүрийг захируулсан бол, гуравдугаар ах чин ван Цин Нянд "Умар дахиныг амаржуулагч их жанжин" цол олгон 5 түмэн цэрэг өгч баруун жигүүр болгон Галданг тосуулахаар явуулжээ. Энх-Амгалан хааны газар, газраас татан цуглуулсан 10 түмэн шалгарсан цэргийн дотор галт зэвсэгтэй цэрэг мянга орчим байжээ. Энх-Амгалан ийн цэрэг томилон явуулахцаа Галдан Бошготын их цэрэгтэй байлдана гэж алдаршуулсангүй, харин хааны ах, агь нар Улаанбудан гэдэг газар ирж, өвөрмонголын олон ноёдын хамт Галдантай чуулган хийж, Тушээт хан болон Жавзандамба хутагт нарын бурууг хүлээлгэж, ял хэлтрүүлэх явдлыгхэлэлцэх гэж байна гэх зэргээр халхлан, Галданд бичигявуулсан байна. Галдан үүнийг гэнэдүүлэх арга болохыг мэдэж, мөн уг аргыг хариу хэрэглэн чуулганд очно хэмээн алдаршуулан хэлэлцэж, цэргээ аван урагшлав.
Ойрадын цэрэг 1690 оны 7 дугаар сарын сүүлээр Улхуйн голоос хөдөлж, 8 дугаар сарын орчим Бээжингээс 400 орчим км зайтай Улаанбуданд иржээ. Улаанбуданд Галдан Бошготын цэргийг очиход манжийн зүүн замын цэрэг түрүүлж ирээд нэгэнт ашигтай байрлалыг эзэлсэн байв.Уулын бэлд байрлуулсан манжийн цэрэг их буу олонтой, тэр нь наранд гялалзаж ярайтал жагсаасан байх нь ойрадын эсрэг Энх—Амгалан хаан лут том хүчийг хуралдуулсныг илтгэнэ.Мөн халх, өвөрлөгч хошуудын цэргүүдээс бүрдүүлсэн морьт цэргийг ганга жалганд бөөгнүүлсэн байлаа.Галдангийн цэргүүд их төлөв хөвөнтэй дээлний гадуур нимгэн төмөр цагираг хэлхэж хадсан хуягтай бөгөөд зарим нь тэр хуягныхаа гадуур гинжин хүрэм давхарлан өмссөн байлаа.Түүнчлэн, хүний хүзүүг ч тас харвах хурц иртэй саран зэв, хутган зэв, шөвгөн зэв бүхий нум сумтай байлаа.Хоёр их буутай байснаа манжийн цэрэг эхлээд довтлон ирэх байх гэж үзсэн онь газарт зоов.
Манжийн цэрэг нэмэгдэн ирсээр нэгэнт давуу хүчтэй болсон тул санаачлагыг авч, үхэр буугаараа буудаж сүрийг бадруулсаар уулан дээр давшин гарч ирэхэд, ойрадууд дор шугуй дотор эрэг бүхий голын тэртээ тэмээнүүдээ хэвтүүлэн халх босгож, манжийн цэргийг тосон байлджээ. Ингэхдээ унаж ачиж яваа 500 орчим тэмээг хөндлөн хэвтүүлэн, босч туйлахгүйгээр хөлийг тушин боож, дээрээс нь банз мод тавьж, нойтон эсгий олон давхарлан бүтээсэн нь сумны зэв нэвтэрхээргүй зузаан хаалт болсон байлаа. 2 саахалтын хэр газарт ийм хаалт хийжээ.
Тийнхүү 1690 оны 8 дугаар сарын эхээр хоёр этгээдийн цэрэг тулгаран байлджээ.Манжийн талаас олон их буу зэрэг галлан сүрийг бадруулах нь урьд өмнө сонсож байгаагүй чимээтэй болов.Хаалт эвдрэн, тэмээний зарим нь үхэж, зарим хэсэг нь босож туйлан зугтаалаа.Ойрадын цэрэг энэ үед хариу дайралт хийн цавчилдаж гарав.Их бууны нүргээн, цэргүүдийн хашхиралт, тэмээ орилох, морьд янцгаах дуун нийлж тэнгэрт тулсан бөөн хар утаан дунд чих дүлийрэм чимээ үргэлжлэв.Ойрадын цэргүүд давуу хүчтэй дайсантай тулалдаж, манж цэргийн бөөн бөөн дайралтыг няцаасаар байлаа.Энэхүү ширүүн тулалдаан нар бууж уулын сүүдэр гартал үргэлжилсээр байлаа.Бөөн хүч хавиралдан, тулаан болж байгаа газар хүний, өөрийн цэрэг яаж явааг мэдэх тойм алдагдав.Галдан Бошгот хотойн цөмөрч буй хүрээ рүү нөөц хүчнээсээ явуулан сэлбэг өгч, манжийн цэргийн дайралтыг торгоон барьсаар байлаа.
Оройхон ойрадын цэргийн байгаа уулын араас гэнэт морьт дайсан бөөн хүчээр дайралт хийн улаан манан татуулсан хэдэн мянган иэрэг хуйлруулан орж ирэхэд, Галдан Бошгот ганганд нуусан нөөц морьт цэргээ сөрөн довтолголоо. Уулын бэлд хоёр талын цэрэг нүүр тулж, илд бамбай начигнан, морьд янцгааж, манж, монгол, хятад хүмүүсийн дуун хадаж байв. Ийнхүү морьтой болон явган цэргийн тулаан уулын хяр бэл, голын хөвөө, эрэг ганганд үргэлжилсээр байв.Галдан Бошготын цэрэг нэн овсгоо зориг гарган тулалдсан учир манжийн морин цэргийг өөрийн хүрээнд оруулсангүй гэдрэг нь няцаан зайлуулжээ.Хоёр талын цэрэг унасан дээрээ даван хатгалцаж, газарт урссан цусаа гатлан нүдэлцсээр үдэш болгов.
Ойрадын цэргийг баруун жигүүрээр нь ороон цохих гэсэн манжийн цэргийн хэдэн мянган морьтон болон явган цэрэг энэ үед голын хөвөөний зузаан намагт орж шигдээд, урагшаа ахих аргагүй болж, зарим нь зоогдон, үлэмж хэсэг нь ухарчээ.Энэ явдал ойрадын цэргийн амьд хүчинд их жийрэг болов.Ийнхүү тулгаран байдцсаар үдшийн бүрий болмощ манжийн төмөр бүрээ чарлан дуугарч, бүх шугамаар гэдрэг буцлаа.Тэд ойрадын цэргийн хүрээг сэтлэн дайрсан боловч энэ өдрийн хувьд урагш ахин амжилт олохгүй нь ил болсон байв.
Маргааш нь тулалдааныг үргэлжлүүлэхээр хөдлөхөд ойрадууд газрын бэрхийг авч, хүчтэй эсэргүүцсэн тул манжийн цэрэг хэдэн давхар бүслэн хаажээ. Галдан Бошгот энэ үед цагийн байдлыг тооцоолоод хүчтэй дайсантай тулгарснаа мэдэж, энэ тулалдаан хэт нь ойрадын талд ашиггүй гэж үзэн, бүслэлтээс мултран гарах зорилгоор "төр шашны тулд хэлэлцээр хийе " хэмээн эхлээд Ялгуусан хутагт дараа нь Жирон хутагтаар толгойлуулсан 70 илүү хүнтэй элчийг манжийн цэргийн хүрээнд тус тус илгээж найрамдахыг гуйв. Манж нар энэ үед тулалдааны хүч нь сарнисан, нөгөөтэйгүүр Мүгдэн, Хар мөрөн, Хорчины туслах цэрэг хараахан хүрэлцэн ирээгүй тул байлдааны ажиллагааг зогсоож, цаг хожих зорилгоор Галдан Бошготын элчийг тусгай цацар барьж хүндэтгэн хүлээн авчээ. Манжийн цэргийн удирдлага Галданг өөрийн элчийн нүүрэн дээр бүх гэм буруугаа хүлээгээд, түүнийхээ баталгаа болгож, бодрол бичиг гаргаж өгөх, манжийн харьяанд орж дагахаа тангараглах, уг байгаа газраасаа хөдлөхгүй хариу зарлиг хүлээх гэсэн гурван зүйлийн шаардлагыг хүлээн авч, бурхнаа барин тангараглаваас байлдааны ажиллагааг түр зогсоохыг зөвшөөрнө гэжээ.
Галдан өөрийн хүрээнд манжийн элч Арнай нарыг хүлээн авч, бурхнаа тэргүүн дээрээ тавиад, тэрхүү элчийн өмнө манжийн талын тавьсан шаардлагыг хүлээн авснаа мэдэгджээ.Гэхдээ хоосон гуу барьж тангараг тавьсан гэдэг.Манжийн элчийг буцаахад Галдан Бошгот "Та бүгдийн шаардлагыг бид ёсоор гүйцэтгэсэн ба харин одоогийн оршин буй газар хүн мал оршиход нэн тохиромжгүй тул хаалганы гадна өвс устай бэлчээрт хүрэлцэн очиж, зарлиг хүлээхийг хүсч буй"-гаа хаанд дамжуулахыг хүсчээ. Дайсны цэрэг байлдаанд бэлэн бус байсны дээр найрамдал байгууллаа хэмээн сэрэмж буурсныг далимдуулан Галдан Бошгот манжийн элчийг буцсан шөнө зай сүвийг олж бүслэлтээс гараад Шар мөрнийг гатлан түргэвчлэн явсаар замдаа Хишигтэн аймгаас хүнсний хонь үхэр, уналгын агтыг олж, өдөр шөнөгүй довтолгон явсаар гөвийг гаталж, Ганга нуурын хөвөөнд хүрсэн байна. Манж нар Галдан Бошготын буруулсныг 3 өдрийн хойно мэдэж нэхүүлсэн боловч нэгэнт хожимдсон байлаа.Энх-Амгалан хаан энэ тухай сонсмогц гол дайснаа нэгмөсөн дарж чадаагүйдээ бухимдан цухалдаж, харьяат цэргийн даамлыг тушаалаас огцруулах, пүнлүүг нь хасах зэргээр хатуу шийтгэсэн байна.Бас Галдан Бошготод захиа бариулан элч довтолгож "Чам лугаа байлдах гэсэн учиргүй, гагцхүү чиний хүн урьд гар хөдөлсөн учир манай цэрэг аргагүй байлджээ" гэх мэтээр түүнд зөвийг өгч, холдуулахгүй хүлээлгэхийг оролдсон боловч ойрадууд зогсолтгүй явсаар 10-р сард Онон голын савд буцаж ирсэн байна.Галдан Бошгот 1690 оны 10 дугаар сарын сүүлээр Ононгийн орчмыг орхиж, Завхан, Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурыижээ