Тоорой - (Орос: Тополь разнолистный)

Хоёр өөр навчтай, 8-10 метр өндөр ургадаг мод. Залуу ургамал нь зөв хэлбэртэй, шовх үзүүртэй бүтэн захтай урт навчтай учраас өнгөц харахад бургас мэт санагдана. Тийм навч хөгшин ургамлын титмийн захаар үзэгдэнэ. Урт мөчир нь зөв хэлбэрийн навчтай. Богино мөчир нь гүнзгий ухлаадастай дугариг буюу өндөг маягийн навчтай байна. Хөгшин мод гадна талаараа нилээд цуурсан цайвар саарал өнгөтэй холтостой байна. Өвөл навчаа гөвөх боловч залуу найлзуураа сайн хадгална. Уул хөрсний ус ойр газрыг эрхэмлэн ургана.

Говийн сайрын үйрмэг чулуу хайргатай газар буюу эсвэл хужиртай нам газрын захаар ургана. Ялангуяа баян бүрдээр ургаж сухай, загийн хамт ногоон төгөл ой үүсгэх нь олон тохиолдоно. Монгол улсын тооройн тархалтын хамгийн зүүн зах нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг Ингэний усны Баянгол хэмээх газар бөгөөд тэнд жижиг элсэн манхныг дагаж сухай загтай хамтран ой үүсгэнэ.

Монголын хамгийн том тооройн төгөл Захуй, Ээж хайрхан хоёрын хооронд орших боловч Эхийн гол, Зулганай, Тостын уулын өврийн Хөвд Шар хулс, Тооройн булаг зэрэг газраар тохиолдоно.[1]


Тоорой (Populus diversifolia) нь говийн унаган ургамал бөгөөд Өмнөговь аймгийн Номгон сумын Баянгол, Цагаан дэрст,Баяндалай сумын Жааханшанд, Мухарын ам, Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг Аж богд, Баянхонгор аймгийн Шинэжинстийн нутаг Эхийн гол зэрэг газруудад тоорой ургаж байна. Монгол-Солонгосын "Ногоон хэрэм" төслийн доктор Ц.Даваасүрэн, доктор Ким Жун Гуан нар 2011 онд судалгаа хийсэн. Балгана (Myricaria dongifol)нь Өмнөговь аймгийн Баяндалай сумын Жааханшандад тооройн төгөлд ургаж байсан. Өмнөговь аймгийн Гурван сайхан ууланд Лавар навчит улиас(Populus lavrifolia) ургадаг.

Ашигласан материал

засварлах
  1. [Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 112]