Томас Ливингстон Митчелл

Сэр Томас Ливингстон Митчелл (Англи: Sir Thomas Livingstone Mitchell) нь 1792 оны 6 сарын 15-нд Шотландын Стирлингшир гүнлигийн Гранжмаутад Жон Митчеллын хүү болон төрж, 1855 оны 10 сарын 5-нд (63 настайдаа) бронхит өвчний улмаас Австралийн Сидней хотод нас барсан, зүүн өмнөд Австралиар аялж, судалсан хүн юм.

Аяллууд

засварлах

Митчелл 1831 онд өөрийн анхны аялалаа хийж, энэ хугацаанд Дарлинг гол болон түүний цутгал голуудыг судалсан байна.

1835 онд тэрээр дахин Дарлинг голын сав нутаг, түүний ойр орчмын газар нутгийг судлахаар аялаж, Дарлинг голын эрэг дээр Форт Бурк хотхоныг байгуулжээ.

1836 онд хийсэн 3 дахь аяллаараа урьд нь хэн ч хүрээгүй Муррей голын адаг хэсгээр судалгаа явуулж, түүнээс урагш Бассын хоолой хүртэл аялсан байна. Тэндээсээ зүүн зүгийг чиглэн тивийн гүн рүү аялж, Австралийн Альпыг даван уудам тэгш талыг нээсэн байна. Митчел өөрийн шинээр нээсэн нутгаа “Жаргалтай Австрали” (Australia Felix) гэж нэрлэсэн ба энэ нь өнөөгийн Викториа мужийн нутаг дэвсгэр болсон ажээ.

1845-1847 онуудад тэрээр Дарлинг голын сав нутгаар дахин аялж, энэ голын хамгийн хойт цутгал, голуудын эх, тэр дундаа Кондамайн голыг нээсэн юм. Эндээс хойт зүгт аялан, Их ус хагалбарын нурууны хоёр бүлэг уул болох Маунт Кинг, Маунт Фаради уулсыг судалжээ. Ингэж аялахдаа тэрээр Куперс-Крик голын эхийг нээж эндээс зүүн зүгт Номхон далайн эрэг хүрч, эрэг дагуу аялан Сиднейд ирсэн байна. Митчелл өөрийн судалгааны тухай 1838 онд хэвлэгдсэн “Зүүн Австралийн төв хэсэгт хийсэн гурван экспедиц” хоёр боть ном, 1848 онд хэвлэгдсэн “Австралийн тропикийн бүсээр аялсан тэмдэглэл" номдоо тодорхой бичсэн байдаг.