Сэтгүүл зүйн тэнхим

Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим. Монгол Улсын их сургууль (Department of journalism and mass communications of National University of Mongolia /english/ Кафедра журналистики и массовых коммуникации Монгольского Государственного университета /русский/)'' XX зууны жараад он бол Монгол улс эрчимтэй хөгжлийн замдаа шуудран орсон он жилүүд байв. Энэ үед нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын салбар жилээс жилд өргөжин тэлж, шийдвэрлэх асуудлын цар хүрээ урьд байгаагүй ихээр өссөн юм. Нийгмийн хөгжлийн хурдтай өсөлт нь түүнийг тольдон харуулж, тохиолдсон саад бэрхшээлийг даван туулах арга замыг санал болгодог хэвлэл мэдээллийн хэрэгслийн үр нөлөөг сайжруулах, тэр тусмаа үндэсний дээд мэргэжилтэй сэтгүүлчдийг бэлтгэн гаргах шаардлага хурцаар тавигдсан байна. Энэ шаардлагын дагуу Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлчийн мэргэжлээр элсэлт авах болсон нь эх орондоо дээд боловсролтой сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх ажлын эхлэлийг тавьсан хэрэг байлаа. Анх 1960-1961 оны хичээлийн жилд МУИС-ийн Хэл бичгийн ôакультетийн Т.Пагва эрхлэгчтэй Хэл шинжлэлийн тэнхимийн харьяанд сэтгүүлчийн анги нээсэн байна. Улмаар 1961-1962 оны хичээлийн жилд Нийгмийн ухаан факультетийн дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулж, анхны эрхлэгчээр нь тэр үед ЗХУ-ын Ленинградын Их Сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж ирээд «Үнэн» сонинд ажиллаж байсан Лувсандашийн Содов (хожим Монголын нэртэй зохиолч болсон)-ыг томилжээ.

Сэтгүүл зүйн нарийн мэргэжлийг оюутнуудад гүнзгий эзэмшүүлэх, Зөвлөлтийн их, дээд сургуулиудад сэтгүүлч боловсон хүчин бэлтгэдэг аргаас суралцах зорилгоор ЗХУ-ын Киевийн Их Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, дэд эрдэмтэн, доцент И.Л.Демъянчукийг мэргэжилтэн багшаар урьж ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдсан тэнхимийн сургалтын стандартыг тогтоох, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр зэрэг үндсэн баримт бичгүүдийг шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, багш нарын мэргэжлийн мэдлэг, заах аргыг сайжруулах, сургалтын агуулгыг баяжуулахад чухал түлхэц болсон байна. ЗХУ туршлагатай мэргэжилтэн багшаа ирүүлж,тухайн үеийн   удирдлагууд ЗХУ-д бэлтгэгдсэн чадварлаг сэтгүүлчдийг Их сургуульд багшлуулахаар илгээсэн нь Сэтгүүл зүйн тэнхимийг бэхжүүлж, сургалтын чанарыг сайжруулахад үнэтэй туслалцаа болсон ажээ. 1964 онд МУИС-ийн сэтгүүлчийн ангийн анхны төгсөлт болж, 30 оюутан МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн анхны мэргэжилтнүүд болж түүхэнд орсон байна. Тэдний дараа 1965,1966, 1967 онуудад гурван удаа төгсөлт хийжээ.

Монгол Улсын Их Сургуульд сэтгүүлч бэлтгэх болж, мэргэжлийн тэнхим байгуулсан нь хожим манай орны бусад дээд сургуульд сэтгүүлч бэлтгэх, сургалт-заах аргын нэгдсэн журам боловсруулах чухал суурь болсон юм. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн сургалтын туршлага, материаллаг бааз, нөөц бололцоонд шууд тулгуурлан 1967 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын Дээд Сургуульд сэтгүүлчийн анги нээсэн байна. Энэ нь үнэн чанартаа МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийг намын сургуульд шилжүүлсэн хэрэг байв. Ингэх хоёр шалтгаан байсан ажээ. Тэр нь нэгд: МАХН үзэл суртлын ажилд онцгой анхаарал тавьж, уг ажлыг өөрийн итгэлтэй гишүүдийн гарт атгуулах шаардлага өсөн нэмэгдсэн, хоёрт: арван жилийн сургуулиас Их сургуульд шууд элсэж суралцсан хүүхдүүдийг нам, төрийн төв хэвлэл, үзэл суртлын бусад байгууллагад шууд ажиллуулахад ажлын туршлага, буурь суурь ямар нэг хэмжээгээр дутагддаг байсан явдал мөн. Намын Дээд Сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим арван жил сургалт явуулахдаа 1971,1972,1973,1974, 1975, 1976 онуудад нийт зургаан удаа төгсөлт хийж бүгд 100 гаруй сэтгүүлч бэлтгэсэн байна. Уг сургуульд урьд нь нам, улсын байгууллагад алба хашиж байсан, бичиж туурвих авьяастай, намын гишүүн хүмүүсийг элсүүлэн сургадаг байсан учир төгсөгчид нь нам, засгийн төв хэвлэл «Үнэн» сонины төв, хөдөөгийн сурвалжлагч, аймгийн намын хороодод үзэл суртлын хэлтсийн эрхлэгч, ажилтан зэрэг хариуцлагатай албанд шууд томилогдон ажилладаг байжээ. Манай оронд сэтгүүлч боловсон хүчин бэлтгэх үйлсэд Улаанбаатар хотын Намын хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн Их Сургууль багагүй хувь нэмэр оруулсан байна. Тус сургууль хожим нь Улс Төрийн Дээд Сургууль нэртэйгээр ерээд оны дунд үеийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд гурван жилийн сургалттай сэтгүүлчийн оройн ангид нийт долоон удаа элсэлт авч, зургаан удаагийн төгсөлт хийжээ. Энэ бүхэн нь сэтгүүлч мэргэжилтнийг бэлтгэх оновчтой хувилбарыг олж тогтоох нэг ёсны туршилт байсан бөгөөд эцэст нь МУИС-д сэтгүүлч бэлтгэх замыг эргэлт буцалтгүй сонгосон байна. 1978 онд МУИС-д сэтгүүлчийн ангийг дахин нээж, улмаар 1979 онд Нийгмийн Ухааны Факультетийн дэргэд Сэтгүүл зүйн тэнхим байгуулахад урьд нь «Үнэн» сонины нэгдүгээр орлогч эрхлэгч бөгөөд «Тоншуул» сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан доктор Г.Дэлэг эрхлэгчээр томилогдож, ЗХУ-д сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан Ц.Цогтсайхан, Л.Бадамханд нар орон тооны багшаар, жараад онд сэтгүүлчийн анги нээхэд багшилж байсан С.Чулуунцэрэн, ахмад сэтгүүлч С.Жамбалдорж нар цагийн багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэдний дараа ЗХУ-ын Эрхүүгийн Их Сургууль төгссөн М.Зулькафиль 1981 оноос, МУИС төгссөн Л.Норовсүрэн 1982 оноос тус тус багшилж эхэлжээ. МУИС-ийн Сэтгүүл зүйн ангийн хоёр дахь удаагийн элсэлтийн анхдугаар төгсөлт 1982 онд болж 26 сэтгүүлчийг төгсгөн төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн газруудад хуваарилсан байна. МУИС-ийг төгссөн сэтгүүлчид өнгөрсөн хагас зуун жилийн туршид манай орны хэвлэл мэдээллийн газруудад үр бүтээлтэй ажиллаж, сэтгүүл зүйн үр нөлөөг сайжруулах, нийтлэл нэвтрүүлгийн ур чадварыг ахиулах гол хүч болж ирсэн байна.

Наяад онд сэтгүүл зүйн тэнхим дөрвөн багш, нэг туслах ажилтантай байсан бөгөөд сургалтыг амьдралтай ойртуулах зорилгоор гэрэл зургийн болон бичгийн машины лаборатор, сэтгүүл зүйн кабинет байгуулах зэргээр материаллаг баазаа бэхжүүлэхэд ихээхэн анхаардаг байв. Оюутнуудад нийгэм-улс төр, эрдэм шинжилгээ, мэргэжлийн ажлын дадлага олгох зорилгоор салбарын нийт ангийн дунд соёлч нөхөрлөлийн хөдөлгөөн өрнүүлж, оюутнуудыг спорт, урлаг, эрдэм шинжилгээний төрөл бүрийн дугуйлан, секцэд хамруулан, төгсөх болон анги дэвших оюутнуудаар курс, дипломын ажил хийлгэх, эрдэм шинжилгээний илтгэл бичүүлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулж хэвшүүлæ байжээ. Тус тэнхимийн гадаад харилцаа наяад оноос эхэлсэн байна. 1980 онд Тэнхимийн эрхлэгч Г.Дэлэгийн санаачилга, зүтгэлээр М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургууль, Болгарын Софийн Их Сургуулиудын Сэтгүүл зүйн Факультет, ажил төрлийн холбоо тогтоож, тэдгээрийн сургалтын агуулга, арга туршлагаас суралцах, багш нараа илгээж мэргэжил дээшлүүлэх зэргээр хамтран ажиллаж эхэлсэн байна. 1982 онд тэдгээр сургуулиас сэтгүүл зүйн мэргэжлийн 200 гаруй ном, сурах бичиг, гарын авлагыг тусламжаар ирүүлсэн нь шинэ тутам байгуулагдаад байсан тэнхимийн сургалт эрдэм шинжилгээний ажилд үндсэн хэрэглэгдэхүүн болж байв. 1983 оны байдлаар сэтгүүлчийн мэргэжлийн бүрэн курсийг төгсөгчид нь дөрвөн жил суралцах хугацаандаа 27 шалгалт, 31 шүүлэг өгч, нийт 37 төрлийн хичээлийг 4200 цаг судалж байсны дотор «Оросын сэтгүүл зүйн түүх», «Зөвлөлтийн нам, төрийн хэвлэлийн түүх», «Коммунист ажилчны намуудын хэвлэлийн түүх», «БНМАУ-ын хэвлэлийн түүх» зэргээс гадна «Монголын хэвлэлийн онол, дадлага», «Сонины техник, чимэглэл», «Гэрэл зураг», «Сонгон мэргэжих» зэрэг мэргэжлийн 11 төрлийн хичээлийг 1300 орчим цаг судлуулж байв. Наяад онд МАХН-ын Төв Хорооноос өгсөн удирдамжийн дагуу МУИС-ийн мэргэжлийн үндсэн хичээлүүдийг орос хэлээр заах хөдөлгөөний гадна тус тэнхимийнхэн үлдэж хоцроогүй юм. Уг арга хэмжээ нь иргэдийн төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийг боогдуулсан нэг янзын туйлшрал байсан хэдий ч тухайн үедээ багш оюутнуудын орос хэлний мэдлэгийг ахиулахад зохих ахиц гаргасныг үгүйсгэх аргагүй.

       	1990-ээд оныг хүртэл сэтгүүл зүйн сургалтын агуулга, бүтцийг ЗХУ-ын сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын туршлагыг шууд хуулбарлаж, үндэсний онцлогийг нэмж тусгах замаар боловсруулдаг байв.
    
    1990 оны Ардчилсан хувьсгал Монголын сэтгүүл зүй дэх асар том өөрчлөлт шинэчлэлийн эхлэлийг тавьж, ОНМХ-ийн систем, нийтлэл нэвтрүүлгийн агуулга бичлэгийн төрөл зүйл, ур чадвар, хэвлэл мэдээллийн менежментэд урьд өмнө үзэгдэж байгаагүй цоо шинэ зүйлийг авч ирсэн билээ. Аливаа орны сэтгүүл зүйн үнэт капитал болсон боловсон хүчингүйгээр ОНМХ-ийн ямар ч үйл ажиллагааг төсөөлөх боломжгүй учир юуны өмнө сэтгүүлч боловсон хүчнийг бэлтгэх, давтан бэлтгэх, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, бусад улс орны сэтгүүлчдийн ажлын туршлага, арга барилаас суралцах шаардлага хурцаар тавигдàæ байв. Энэ асуудлыг нааштай шийдвэрлэхийн тулд олон талт ажил зохион байгуулагдсаны дотор сэтгүүлч бэлтгэж буй их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэх, дахин шинэчлэн боловсруулах, чанарын шинэ шатанд гаргах талаар идэвхтэй алхам хийсэн явдал чухал үүрэг гүйцэтгэсэн.
    Тус тэнхим 1990 он хүртэл үндсэндээ ЗХУ-ын сэтгүүлч бэлтгэдэг их сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулж ирсэн. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд үүсч эхэлсэн тэр цагаас сургалтын хөтөлбөр, мэргэжлийн болон хичээлийн тодорхойлолтыг ардчилсан нийгмийн боловсролын тогтолцоонд нийцүүлэн боловсруулж, мөрдөж эхэлсэн билээ. Үүний үр дүнд ОНМХ-ийн боловсон хүчнийг 1994 оноос сэтгүүл зүйн бакалавр, сэтгүүл зүйн магистр, сэтгүүл зүйн докторын (Ph.D) төвшинд шаталсан сургалтаар бэлтгэх эх суурь тавигдсан билээ. 1995 онд Боловсролын сайдын тушаалаар тус тэнхимийн дэргэд Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалах мэргэжсэн зөвлөл байгуулагдсан нь сэтгүүлчдийг докторын төвшинд бэлтгэх, сэтгүүл зүй судлаачдын эгнээг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлсэн. 

Тус тэнхимийн 6 багш 1999 онд Соросын сангийн тус дэмжлэгээр АНУ-ын Миссуригийн их сургуулийн Сэтгүүл зүйн сургуульд нэг сарын хугацаатай туршлага судлах, санал солилцох сургалт, семинарт оролцсоны үндсэн дээр “Сэтгүүлч” мэргэжлийн стандартыг боловсруулж, 2003 оны 12 дугаар сард Стандарт хэмжил зүйн үндэсний зөвлөлийн хурлаар батлуулж, 2004 оноос сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад мөрдөж эхэлсэн нь манай орны, түүний дотор МУИС-ийн сэтгүүл зүйн сургалтыг чанарын шинэ шатанд гаргахад үнэлж баршгүй үүрэг гүйцэтгэсэн юм. Ийм стандарт дэлхийн аль ч орны боловсролын салбарт байдаг бөгөөд гол зорилго нь тухайн мэргэжилтнийг бэлтгэхэд бакалаврын төвшинд зайлшгүй эзэмших ёстой мэдлэг, чадварын хэм хэмжээг тогтоож өгөхөд оршино. Өөрөөр хэлбэл, сэтгүүл зүйн чиглэлээр олгох бакалаврын боловсролын агуулга, түүний үнэлгээ, сургалтын хугацаа, сургалтын орчинд тавих үндсэн (наад захын) шаардлагыг баталгаажуулж, дээд боловсролын сургалтын байгуулагын үйл ажиллагааны бие даасан байдлыг хангаж, сургалт олон хувилбартай байх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “Дээд боловсролын тухай” хуулийн хүрээнд дээд боловсролын сэтгүүл зүйн бакалаврын зэргийн боловсролын агуулга, сургалтын орчны нийтлэг шаардлагуудыг тогтоох болно. Дээд боловсролын стандарт гэдэг нь “Боловсролын тухай” хуульд зааснаар “дээд боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн төвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох баримт бичиг” юм. Энэхүү стандартын ач холбогдол нь: • Сэтгүүл зүйн бакалаврын боловсролын агуулгыг бүрдүүлдэг тухайн мэргэжлийн тодорхойлолт, сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн хөтөлбөр, дадлагын хөтөлбөр- удирдамжийг тодорхойлж, эдгээр баримт бичгүүдийг чиглэсэн зорилготой, шинжлэх ухааны үндэстэй боловсруулах боломжийг олгох, • Тухайн мэргэжлийн зориулалт, төгсөгчдийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох, • Дээд боловсролын сургалтын зохион байгуулалт, агуулга, багтаамж, судлах хичээлийн цэс, тэдгээрийн багтаамж, дараалал, тодорхойлолт, дадлагын төрлийг оновчтой тусгах, • Хичээл тус бүрээр эзэмшвэл зохих, онол, практикийн мэдлэг, чадвар, дадал, хандлагын агуулга, үнэлгээ, хичээлийн багтаамж, ашиглавал зохих ном, сурах бичгийн жагсаалтыг тодорхойлох, • Сургалтын үйл явцын тасралтгүй байх, хичээлүүдийн залгамж чанарыг хадгалах, сургалтын чанар, үр өгөөжийг болон мэргэжилтний хөрвөх чадварыг дээшлүүлэх, • Сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалт, судалгааны ажлын уялдаа холбоог сайжруулж, төгсөгчдөд тавигдах мэдлэг боловсрол, дадал чадварын нийтлэг шаардлагуудыг жигдрүүлэх, нийгмийн өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц боловсон хүчин бэлтгэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Сэтгүүл зүйн сургалтын стандартыг боловсруулахдаа БСШУЯ-наас боловсруулсан Үлгэрчилсэн журам, тавигдах ерөнхий шаардлагуудыг иш үндэс болгохын хамт дэлхийн өндөр хөгжилтэй зарим орны (АНУ, ОХУ, Герман г.м.) дээд боловсролын стандарттай танилцаж, тэдний баримталдаг ерөнхиий зарчим, үзэл баримтлал, шаардлагуудыг харгалзан үзсэн болно.

Энэхүү  стандартын шаардлагын төвшинд сургалтын төлөвлөгөөнд орсон бүх хичээлүүдийн тодорхойлолт, хөтөлбөр, сэтгүүлч мэргэжлийн тодорхойлолтыг боловсруулж Боловсролын төв байгуулллага болон тухайн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр батлуулж мөрдөх болсон. Мөн дээр дурдсан төслийн үр дүнд сургалтын төлөвлөгөөнд орсон шинэ судлагдахуун болох “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Иргэний сэтгүүл зүй”, “Экологийн сэтгүүл зүй”, “Олон нийтийн мэдээллийн харилцаа” зэрэг хичээлүүдийн сурах бичиг, гарын авлагыг бэлтгэж хэвлүүлсэн юм. 

Өнөөдөр тус тэнхимийн багш нар сургалтын төлөвлөгөөнд орсон мэргэжлийн бүх хичээлүүдийн 90 хувийн сурах бичгийг бэлтгэн хэвлүүсэн бөгөөд тэдний ихэнх манай сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиуд сургалтанд өргөн ашиглаж байна. Орчин үед сэтүүлч бэлтгэж буй бараг бүх их, дээд сургууль манай тэнхмийн багш нарын бэлтгэсэн сурах бичиг, гарын авлагаас гадна боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээлийн тодорхойлолт зэрэг сургалтын гол баримт бичгүүдийг өргөн ашиглаж байгаа нь тус тэнхмийн багш нарын мэдлэг чадвар, дадлага туршлага ямар төвшинд байгаа үзүүлэлт мөн.


Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсан цагаас эхлэн судалгаа, эрдэм шинжилгээний ажилд онцгой анхаарч, Монголын сэтгүүл зүйн түүх, онол, практик, арга зүйн янз бүрийн асуудлыг хөндсөн олон арâан бүтээл бичиж,нийтийн хүртээл болгосон юм. Ялангуяа 1994 оноос сэтгүүлч бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоонд шилжин сэтгүүл зүйн бакалавр (ВА), сэтгүүл зүйн магистр (МА), сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын зэрэгтэй ОНМХ-ийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн нь сэтгүүл зүйн судалгааны цаашдын хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Дэлхий дахины дээд боловсролын системд өргөн хэрэглэж буй кредит цагийн системд шилжиж, 124 кредит цагийн мэдлэг эзэмшсэн бол бакалавр, 124+32=156 кредит цагийн мэдлэг эзэмшиж, магистрын дипломын ажил бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн магистр (МА), 156+50=206 кредит цагийн мэдлэг эзэмшиж, докторын диссертаци бичиж хамгаалсан бол сэтгүүл зүйн доктор (Ph.D)-ын боловсролын зэрэг эзэмших болсон юм. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын уялдаа холбоог улам бэхжүүлэх, шаталсан суралтыг практикт жинхэнэ утгаараа хэрэгжүүлэх зорилгоор БСШЯ-ны сайдын тушаалаар 1995 онд МУИС-ийн дэргэд Сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийг байгуулж, энэ зөвлөл 2007 оны 9 дүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд 8 хүний эрдмийн ажлыг хамгаалуулж, сэтгүүл зүйн судлалыг хөгжүүлэх талаар багагүй ажил хийж гүйцэтгэсэн. Эрдмийн зэрэг хамгаалуулах журам өөрчлөгдсөн учраас тус зөвлөл 2007 оны 9 дүгээр сарын 1-нд татан буугдаж, өөрийнхөө үйл ажиллагааны чиг үүргийг МУИС-ийн дэргэд байгуулагдсан Утга зохиол, сэтгүүл зүйн докторын хооронд шилжүүлсэн юм. Энэ зөвлөл сэтгүүл зүйн судлал шүүмжлэлийг хөгжүүлэх, сэтгүүл зүй судлаачдыг тодорхой чиглэсэн зорилготой бэлтгэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн.Цаг хугацааны явцад Зөвлөл улам өргөн хүрээг хамаарах болж одоо Хэл шинжлэл, утга зохиол, сэтгүүл зүйгээр докторын зэрэг хамгаалуулах зөвлөл гэсэн нэрээр үйл ажиллагаа явуулж байна.

  Тус тэнхимийн багш нар 1990 оноос сэтгүүл зүйн тодорхой чиглэл, асуудлаар нарийн мэргэшиж эхэлсэн. Тухайлбал,  шинжлэх ухааны  доктор, профессор Л.Норовсүрэн Монголын сэтгүүл зүйн түүхээр, шинжлэх ухааны доктор, профессор М. Зулькафиль орчин үейин сэтгүүл зүйн онолын асуудлаар, доктор, дэд профессор Б.Болд-Эрдэнэ олон нийтийн мэдээллийн харилцаа, ОНМХ-ийн реклам, цахим сэтгүүл зүйгээр, доктор, дэд профессор Ч.Чойсамба экологийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүйгээр, доктор Г.Өнөрбаяр олон нийтийн харилцаа буюу PR-аар, Б.Наранбаатар реклам, гадаадын сэтгүүл зүй, олон улсын сэтгүүл зүйгээр, Г.Мэндхүү телевиз, радиогийн сэтгүүл зүйгээр, Т.Өнөрсайхан олон улсын сэтгүүл зүй, телевизийн сэтгүүл зүйгээр мэргэшиж, энэ асуудлын хүрээнд хэд хэдэн нэг сэдэвт зохиол, гарын авлага, сурах бичиг, олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлүүлсэн юм.  

Тус тэнхимийн багш нарын судалгааны өөр нэг гол чиглэл бол судалгааны төсөл хэрэгжүүлэх явдал юм. 1990 оноос хойш тэнхимийн багш нар олон улсын болон дотоодын янз бүрийн байгууллагуудын тус дэмжлэгээр “Сэтгүүл зүйн сургалтын өнөөгийн байдал”, “Сэтгүүл зүйн сургалтын агуулгыг сайжруулах нь” (МННХ), “Сэтгүүлчийн ёс зүйн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд”, “Орон нутгийн сонины тойм судалгаа” (”Чөлөөт хэвлэл” сан), “Чөлөөт хэвлэлийн төлөвшил, олон нийтийн санаа бодол” (Азийн судалгааны төв), “Экологийн боловсролыг дээшлүүлэхэд ОНМХ-ийн үүрэг” (ГТХАН-ийн БОМС хөтөлбөр) зэрэг 20 орчим төсөл хэрэгжүүлж, түүний үр дүнд “Сэтгүүл÷” мэргэжлийн стандартыг боловсруулж, 2004 онд СХЗҮ-ийн төвөөр батлуулсан. Мөн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй”, “Экологийн сэтгүүл зүй”, “Иргэний сэтгүүл зүй” , “Ярилцлага бичих арга зүй”, “Орон нутгийн сонины тойм”, “Телевизийн сэтгүүл зүй”, “Чөлөөт хэвлэл: өчигдөр, өнөөдөр, маргааш”, “Сэтгүүлчийн ёс зүй”, “Чөлөөт хэвлэлийн төлөвшил, олон нийтийн санал бодол”, “Экологийн сэтгүүл зүйн унших бичиг” зэрэг сурах бичиг, гарын авлага, төслийн тайлан, нэг сэдэвт зохиол бичиж, хэд хэдэн зөвлөмж боловсруулж, хэвлэл мэдээллийн болон судалгааны байгууллагуудад хүлээлгэж өгсөн болно. Тус тэнхим 2000 оноос эхлэн эрдэм шинжилгээний “Сэтгүүл зүй” сэтгүүлийг жилд 1-2 удаа тогтмол эрхлэн гаргаж байгаа бөгөөд тус сэтгүүлд манай багш нарын бүтээлээс гадна гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл нийтлэгддэг. Бидний хамтран ажилладаг гадаадын их, дээд сургуулиудын эрдэмтэн судлаачдын 20-иод өгүүлэл нийтлэгдсэн нь үүний тод жишээ юм. Энэ сэтгүүл манай сэтгүүл зүй судлаачдын бүтээлүүдийг цаг тухайд нь олны хүртээл болгох, эрдэм шинжилгэнний бүтээлүүдийг бусад сургуулиудтай харилцан солилцож нийтлэх, эрдэмтэн судаачид санал бодлоо солилцох индэр болох, сэтгүүлч уран бүтээлчдийн шинэ бүтээлүүдийн талаар шүүмж нийтлүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна. Мөн тус тэнхимийн багш нар судалгааны эрдэм шинжилгээний өгүүллүүдээ гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд хэвлүүлсэний дотор АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Казахстан зэрэг орнуудын нэр хүндтэй сэтгүүлүүд байна. Сүүлийн жилүүдэд сэтгүүл зүйн тэнхим гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарч, ОХУ-ын Улс түмний найрамдлын их сургууль, Эрхүү хотын улсын их сургууль, Байкалийн эдийн засаг, эрх зүйн их сургууль, АНУ-ын Миссуригийн их сургууль, ӨМИС-ийн МСС-тай сургалт, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж байна. Судалгааны ажлуудыг хамтран гүйцэтгэх, төсөл хэрэгжүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилээний бүтээл болон багш солилцох зэрэг олон талт ажлуудыг үр өгөөжтэй хэрэгжүүлж байна. Тухайлбал, ӨМИС-ийн Сонин мэдээллийн ухааны тэнхимтэй хамтран “Хэвлэл мэдээллийн нэр томъёоны толь”-ийг 4 хэл дээр 5 бичгээр бэлтгэх ажлыг эхэлж, “Эртний Монгол сонинууд” судалгааны бүтээлийг бэлтгэж байна. Мөн проф. Л.Норовсүрэнгийн “Монголын сэтгүүл зүйн түүхэн тойм” 3 боть бүтээл нь, проф. М.Зулькафилийн “Сэтгүүлчийн ур чадвар” сурах бичгийн нэгдүгээр дэвтэр нь монгол бичгээр хэвлэгдэн гарч, ӨМӨЗО-ны сэтгүүлч бэлтгэдэг их, дээд сургуулиудад өргөн ашиглаж байгаа нь бидний хамтын ажиллагааны тод жишээ юм.